Бээжин-2022: Камила Валиева өглөөний бэлтгэлдээ оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Бээжин-2022: Камила Валиева өглөөний бэлтгэлдээ оролцлоо

Бээжин-2022: Камила Валиева өглөөний бэлтгэлдээ оролцлоо

"Бээжин-2022" өвлийн олимпийн эргэн тойронд өчигдөр /2022.02.10/ олон сонирхолтой үйл явдал өрнөв.


Камила Валиева өнөөдөр өглөөний бэлтгэлдээ оролцлоо

"Бээжин-2022" өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртсэн билээ. Гэвч тэдний медалийг одоог хүртэл гардуулаагүй байна. Учрыг тодруулбал, ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооноос энэхүү саатал нь хууль эрх зүйн асуудлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ олимпоор үзэгчдийг байлдан дагуулж буй 15 настай орос охин Камила Валиева олимпийн өмнө допингийн шинжилгээнд хамрагдсан болохыг мэдэгджээ.

Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Камила Валиева допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Түүнээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрчээ. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж. Оросын олимпийн хороо болон Олон улсын олимпийн хороо одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.

Камила Валиева аврах ганц шалтгаан нь тэр 16 нас хүрээгүй. Тэгэхээр дүрмийнхээ дагуу түүнийг допингийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байгаа Камила Валиева Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцоно гэж Оросын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдэгдэв. Тэрбээр "ТАСС" агентлагт өгсөн тодруулгадаа “Камилагийн олимпод оролцох эрхийг хасаагүй. Бид Олон улсын олимпийн хорооноос албан ёсны тайлбар, мэдэгдэл хүлээж байна. Багийн тэмцээний алтан медалийг хэзээ гардуулах товыг тодорхой болгох хэрэгтэй” гэжээ. Камила Валиева өнөөдөр өглөөний бэлтгэлдээ ч оролцлоо гэж ТАСС агентлаг мэдэгдлээ.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 15-нд, чөлөөт үзүүлбэр хоёрдугаар сарын 17-ны өдөр болно.

Натан Чен олимпийн аварга болж, Ханю дөрөвдүгээрт оров

"Бээжин-2022" өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын чөлөөт үзүүлбэр өчигдөр болж, олимпийн шинэ аварга төрлөө. Богино үзүүлбэр дээрээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Натан Чен чөлөөт үзүүлбэр дээр 218.63 оноо авч, нийлбэр оноо нь 332.60 болсноор алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Японы Юма Кагияама 310.05 оноотойгоор, хүрэл медалийг мөн Японы Шома Үно 293 оноотойгоор тус тус хүртжээ.

Сүүлийн хоёр олимп дараалан түрүүлээд байсан Японы Юзүрү Ханю нийлбэр оноогоороо дөрөвдүгээр байрт жагсав. Богино үзүүлбэр дээрээ тааруу оноо авч, наймдугаарт жагссан тэрбээр өчигдөр 188.06 оноо авчээ. “Мөсний хаан” Юзүрү Ханю өнөөдөр дөрвөлсөн аксель техникийн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Өмнө нь хэн ч олимпийн мөсөн дэвжээнээ энэ техникийг гүйцэтгэж байсангүй. Чөлөөт үзүүлбэрээ дуусгасан Юзүрү Ханю талбайгаас гарахдаа дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, мэхийн ёслон мөснөөс адис авчээ. Хөгжөөн дэмжигчид нь түүний энэхүү үйлдлийг их спортоосоо зодог тайллаа хэмээн үзэж байна.

А.Энхтуул 85 дугаар байрт орлоо

"Бээжин-2022" өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өчигдөр өөрийн үндсэн төрөл болох 10 километрийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 85 дугаар байрт оржээ.

Өнөөдөр Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөлдөө оролцоно.

Багийн дүнгээр зургаан алт, гурван мөнгөн медальтай Герман тэргүүлж байгаа бол тэдний араас таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай Норвеги, дөрвөн алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай Австри, дөрвөн алт, таван мөнгө, нэг хүрэл медальтай Америк зэрэг улсууд удаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж