Урлагт дуртай олон ч хүүхдийг жүжигчний мэргэжлийн амтад дурлуулж, тайз, дэлгэцийн олон уран бүтээлчийн гарааг тавьсан кастингийн “Шанс” агентлагийн 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Тус агентлагийн үүсгэн байгуулагч, захирал, багш Б.Нарантуяа эл ойдоо зориулж “Сэтгэлд харвасан туяа” кино бүтээснээ энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус киноны гол дүрд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлж буй залуу жүжигчин П.Анхбаяртай ярилцлаа.
-“Шанс” агентлагийн жүжигчин гэж сонссон. Хэзээнээс энэ агентлагт хичээллэж, жүжигчний мэргэжил сонгохоор шийдсэн бэ?
-Зураг зураад л суудаг, бүрэг намайг чиглүүлж, задалж, хөгжүүлсэн хүн нь “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа багш. Би 2018 онд топ модель Г.Уранцэцэг багшийн удирдлага дор загварын агентлагт суралцсан юм. Тэр үед Б.Нарантуяа багш бидэнд өөрийгөө илэрхийлэх, ярих уран чадварын хичээл заасан.
Багшийн зөвлөснөөр “Шанс” агентлагт үргэлжлүүлэн хичээллэж, элсэлтийн шалгалтдаа бэлтгэн, Соёл урлагийн их сургуульд шалгуулаад тэнцсэн. Одоо СУИС-ийн театрын урлагийн сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байна.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард танай ангийнхан Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” жүжгийг найруулан тавьсан. Та И Чин ванд тоглосон байх аа?
-Манай анги Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат багшийн удирдлагад СУИС-ийг энэ жил төгсөнө. Төгсөх дипломын ажил болгож Тайванийн нэрт зохиолч Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” жүжгийг “Оюутан” театртаа тавьсан. Сюэкөгийн эцэг И Чин ванд тоглох боломж надад олдсон.
Ахимаг настай, догшин авиртай хүний дүрд ажиллах амаргүй байлаа. Гэсэн ч үзэгчдийн өмнө тайзан дээр гарахад олон мэдрэмж зэрэгцэж, үгээр илэрхийлэх аргагүй сайхан санагдсан. Тэр мэдрэмжийг л ахин дахин авахын тулд жүжигчин хүн мэргэжилдээ улам шунан дурладаг болов уу.
-“Сэтгэлд харвасан туяа” кино таны тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл үү?
-Тийм ээ, анхных нь. Анх удаа киноны гол дүрд тоглож үзлээ. Энэ дүрд тоглох санал аваад баярлахын зэрэгцээ их эмээсэн. Мөн л өөрөөсөө ахимаг эрийн дүрд тоглосон. М.Байджиевын “Дэуль” буюу “Сэтгэлд харвасан туяа” жүжгийг 1973 онд Улсын хүүхэд, залуучуудын театрынхан үзэгчдэд хүргэхэд Азиз хэмээх дүрд жүжигчин Ч.Хүрэл, 1985 онд дахин тоглоход нь Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглосон түүхтэй.
Эдгээр мундаг уран бүтээлчийн тоглож байсан дүрд тоглосондоо их олзуурхаж, надад итгэж, намайг сонгосон Б.Нарантуяа багшдаа баярлаж байна. Киноны зураг авахуулах явцдаа багшдаа загнуулж, магтуулж, гайхалтай дурсамж амьдралдаа үлдээлээ. Киногоо нээх өдрийг тэсэн ядан хүлээж байна даа.
-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?
-Надад уран бүтээлд тоглох санал ирдэг ч оюутан учраас тэр бүр тоглож амждаггүй. Хамгийн сүүлд Г.Ундармаа эгчийн продюсерлэж буй “U” фильмийн “Улаан цэцэг” кинонд зургаа авхуулж дууслаа. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч С.Удвал агсны тухай намтарчилсан кино.
-СУИС-аа төгсөөд хаана ажиллахаа төлөвлөсөн үү. Тайз, дэлгэцийн уран бүтээлийн алийг нь сонгож ажиллах бол?
-Санаснаар болдог бол дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллахсан гэж хүсдэг. Аль нэг газар харьяалагдахаас илүү чөлөөт уран бүтээлч байхыг эрмэлзэж байна.
–Танд тоглохыг хүсдэг, шунаж дурладаг дүр бий юү?
-Сургуулиа төгсөөд шинэ, сонирхолтой бүх л зүйлд өөрийгөө сорьж, туршиж үзэхсэн гэж шунаж байна. Тэр дундаа эсрэг дүрд тоглохыг үнэхээр их хүсч байна. Их “амттай” байх.
-Гэр бүлийнхэн дунд тань урлагийн хүн байдаг уу?
-Байхгүй. Би анхных нь. Зураач болох гэж байгаа хүүгээ гэнэт л бодлоо өөрчилж, жүжигчин болохоор шийдэхэд ээж минь л хамгийн их дэмжсэн. “Миний хүү зөв гэж бодсоноо хий. Ээж нь дэмжинэ” гэдэг. “Сюэкө бүсгүй” жүжигт тоглох үедээ ээжийгээ үзэгчдийн суудалд баярын нулимстай сууж байхыг хараад үнэхээр баярласан.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?
-Б.Отгонбат багшаасаа үлгэр дуурайл авдаг. Жүжигчний уран чадвар, биеэ авч явах байдал, хүнтэй харилцах харилцаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент гээд уран бүтээлч хүнд байх бүх л сайхан чанарыг шингээсэн хүн.
-Таныхаар уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ. Таны баримталдаг зарчим юу вэ?
-Жүжигчний мэргэжлээр элссэн өдрөөс л уран бүтээлч хүн юуны түрүүнд хүн байх ёстой гэж багш нар сургадаг. Хүнтэй харилцдаг, хүн дүрсэлдэг, хүнд хүргэдэг мэргэжил учраас хүнлэг, хүн чанартай болж төлөвших ёстой гэж боддог.
Хаана ч биеэ зөв зохистой авч явж, өөрийгөө илэрхийлж чаддаг, соёл түгээж, уран бүтээл болон өөрөөрөө бусдад үлгэр дуурайл болохуйц байж чадвал л уран бүтээлч гэж дуудуулах болов уу.
Холбоотой мэдээ