Хаврын урь орж, хүйтний ам цаашилж байна. Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил цаасан дээр царцсан төслүүдийг хөдөлгөхөөр зорьж буй. Жишээ нь, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг дуусгана. Мөн төмөр зам, авто замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зэргээр дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд “амь орох” нь. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэж мэдэгдсэн. Үүний эхлэл нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт.
ХӨШГИЙН ХӨНДИЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОМООХОН ЦОГЦОЛБОРУУД БАРИНА
Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Майдар, Шинэ Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд Засгийн газар баталсан. Дээрх хотуудад нийтдээ 150 мянга орчим хүн амьдрах тооцоо бий. Тус хөндийд шаардлагатай, хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөөд буй. Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов. Тэрбээр өчигдөр Хөшигийн хөндийн 150 мянган хүн төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал” гэсэн юм. Цаашид өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэй уялдуулж, эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төсөл танилцуулах шаардлагатайг онцолсон билээ.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. БНЭУ-ын 1,236.0 сая ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах юм. Энэ бүтээн байгуулалтын тухайд Сайншандаас үйлдвэр хүртэл 17 км хүн даацын авто зам, 27.2 км салбар төмөр зам, төмөр замын өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц баригджээ. Нийт 549 айлын хотхоны бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.
ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ НАМАР НЭЭНЭ
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн. Энэ дагуу салбарын сайдаар ахлуулсан Шуурхай хуралдаан энэ сарын 7-нд болж, авто замын барилгын ажлыг эрчимжүүлж, 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр болсон. Авто замын бүтээн байгуулалт Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй.
Өнөөдрийн байдлаар хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багц ажил 90 хувьтай, зорчих хэсгийг ашиглалтад оруулжээ.Мөн 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг цуцалж, шинээр байгуулах ажил хийгдэж буй аж. Нэмэлтээр хоёр эгнээ автозам барих ажлын далан, ухмал, суурийн доод үе, гүүр барих ажил болон инженерийн, шугам, сүлжээ, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаа аж.
Энэ онд 117 тэрбум төгрөгөөр хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багцыг дуусгаж, 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг байгуулж, гүйцэтгэх ажил хийгдэх нь.
ДЦС-5 БАРИХ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫГ ИРЭХ САРД ЭХЛҮҮЛНЭ
ТЭЗҮ-ийг боловсруулсан цагаас хойш тоолбол Дулааны цахилгаан станц 5 барих төсөл бараг 10 гаруй жил гацаж байна. Төлөвлөснөөр аль хэдийнэ ашиглалтад орох ёстой боловч өнөөдрийг хүртэл нэг тоосго ч өрсөнгүй. Харин барилга угсралтын ажлыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Өдгөө Улаанбаатар хотод баригдах системийн бүрэн тохируулга хийх 200мвт-ын хүчин чадалтай батарейн цэнэгт хураагуурын эх үүсвэрийн үнэлгээний ажлыг хийж байгаа аж.
10 АЙМАГТ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА
БНСУ-ын 148.7 сая ам.долларын зээлээр Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 71 км орчим урттай дулаан дамжуулах шугам сүлжээ барьж байгуулах ажил үргэлжилж байна. Мөн Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг барьж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” хэрэгжиж, “Залуус-1” орон сууцны хорооллын зураг төсөл, инженерийн бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж төсөөлжээ.
Холбоотой мэдээ