Шинжээчдийн мэдээлж буйгаар, энэ онд БНХАУ-ын нүүрснээс хамааралтай байдал улам нэмэгдэх төлөвтэй байна. Урд хөрш сар шинийн баярын дараа нүүрсний үнийн өсөлтийг тогтоон барихад хүндрэлтэй нүүр тулжээ.
Хятадад нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл жилд дунджаар 0.5 хувиар өсч, 4.2 тэрбум тонн хүрэх тооцоо гаргасан байна. Сар шинийн баяр болохоос өмнө БНХАУ-ын эрчим хүчний станцууд нөөцөө нэмснээр үнэ нь буураад байсан бол ийнхүү үнэ нь эргэн сэргэсэн үзүүлэлттэй байгаа аж. Жөнжөү Таваарын биржид эрчим хүчний нүүрсний үнэ таван хувиар өсч, 865 юань болжээ.
БНХАУ-ын нүүрс олборлогчид 2021 онд анх удаа дөрвөн тэрбум тонн нүүрс, мөн цахилгаан эрчим хүчний хомсдолд орохоос сэргийлж 300 сая тонн нүүрс нэмж олборлосон байна.
Коксжих нүүрсний зах зээл
Түүхий эдийн зах зээлд цар тахлын нөлөө үргэлжилж байна. БНХАУ-ын мужуудад коксжих нүүрсний үнэ нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэбэй мужид нэг тонн коксжих нүүрсний үнэ өмнөх гурван долоо хоногоос 100 юаниар нэмэгдэж, 2760 юань (433$), Шаньси мужид 100 юаниар нэмэгдэж, 2560 юань (402$), Тяньжин боомтод 100 юаниар нэмэгдэж, 2930 юань (460$)-д хүрсэн байна.
Эрэлт
БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамнаас “Өвлийн олимптой холбоотойгоор томоохон хэмжээний хөл хорио тогтооно гэсэн яриа үндэслэлгүй болно” гэж мэдээлсэн. Мөн зарим мужуудад хүрээлэн буй орчны хяналтыг зөөллөснөөр ган хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжжээ. Түүнчлэн өвлийн олимпоос өмнө гангийн үйлдвэрүүд шаардлагатай коксжих нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, коксжих нүүрсний эрэлтийг дэмжив.
Нийлүүлэлт
Шаньси мужид нүүрсний уурхайнуудын хяналт чанга хэвээр, мөн зарим уурхайнуудын жилийн төлөвлөгөө биелснээр коксжих нүүрсний нийлүүлэлт буурчээ. SX coal судалгааны байгууллагын судалгаанд хамрагдсан нүүрсний үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар өмнөх долоо хоногоос 1.8 нэгж хувиар буурч, 101 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн өдрийн байдлаар өмнөх долоо хоногоос 10.5 нэгж хувиар буурч, 91 хувьд хүрэв.
Нүүрсний эрэлт нийлүүлэлтээс давсны улмаас нүүрсний үйлдвэрүүдийн нөөц буурчээ. Тодруулбал, гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж, эрэлтийг нэмэгдүүлсэн байна.
Нүүрсний уурхайнуудад хяналт чангарч, зарим уурхайнуудын жилийн төлөвлөгөө биелж, үйл ажиллагаагаа зогсоосны улмаас нүүрсний нийлүүлэлт буурчээ. Тухайлбал, “SX coal”-ийн судалгаанд хамрагдсан үйлдвэрүүдийн нөөц 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар өмнөх хоёр долоо хоногоос 150 мянган тонноор буурч, 810 мянган тонн болсон байна.
Цаашдын хүлээлт:
БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамнаас өвлийн олимптой холбоотой гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй хэмээн мэдэгдсэн тул зарим гангийн үйлдвэрүүд цаашид нэмж коксжих нүүрс худалдан авах хүлээлттэй байна. Харин дулааны улиралд хүрээлэн буй орчны хяналттай холбоотойгоор нүүрсний үйлдвэрүүд олборлолтоо нэмэгдүүлэх боломж бага тул нүүрсний үнэ өсөх хүлээлт бий аж.
Монголын нүүрсний экспорт
Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн ачааны машины хоногийн дундаж тоо арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар 95 байв. Хилээр нэвтрэх ачааны автомашины тоо огцом буурсны улмаас тус боомтын үнэ өнгөрсөн долоо хоногоос 60 юаниар нэмэгдэж, 1760 юань буюу 277 ам.долларт хүрчээ.
Шивээхүрэн-Сэхэ боомт хаалттай хэвээр байгаа бөгөөд тус боомт дээрх коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй, 1550 юань буюу 243.1 орчим ам.доллар байв.
Оны эхнээс нийт 648.9 мян.тн нүүрс, мөн авто замаар 96 чингэлэг, төмөр замаар 401 чингэлэг буюу 90.5 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ. Дээрх хугацаанд 88.0 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Энэ оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд авто замаар 188, төмөр замаар 950 чингэлэг экспортолжээ.
Алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт
“Business insider”-т мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлийн өдөр 9720 ам.долларт хүрээд байсан зэсийн үнэ Пүрэв гариг (2022.02.10)-ийн байдлаар 9880 ам.доллар болж өсөв. БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сайжирч, зэсийн эрэлт нэмэгдсэнээр үнэ нь ийнхүү нэмэгджээ.
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ дахин өссөн. АНУ-ын инфляц 6.8 хувьд хүрч, инфляцийн дарамт өндөр, омикроны тархалт эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалж алтны үнэ өсчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1829 ам.долларт хүрээд байсан алтны үнэ Лондонгийн бирж дээр өчигдөр (2022.02.10) 1831 ам.долларт хүрэв.
Төмрийн хүдрийн хувьд 113 ам.доллар болж нэмэгдсэн байна. БНХАУ-ын Ардын банк мөнгөний бодлогоо зөөллөж, гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр төмрийн хүдрийн үнэ ийнхүү өсчээ.
Холбоотой мэдээ