Сурагчтай илүү ойлголцохын тулд багш нар дохионы хэл сурч байна

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

Сурагчтай илүү ойлголцохын тулд багш нар дохионы хэл сурч байна

Сурагчтай илүү ойлголцохын тулд багш нар дохионы хэл сурч байна

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Дэлгэрмаатай ярилцлаа.


-Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчидтай ажиллах амаргүй болов уу. Таны хувьд ямар бэрхшээлтэй хэдэн хүүхэдтэй ажиллаж байна вэ?

-Манай сургуульд боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай 13 сурагч бий. Үүнээс бага ангид есөн сурагч сурдаг. Тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчидтай болон эцэг, эхтэй нь илүү ойр байж, туслахыг хүсдэг. Бага ангийн багш нар маань шилжилтийн хөтөлбөр дээр түлхүү ажиллаж байна. Одоо тавдугаар анги төгсөх сурагчдаа амжилттай дэвшүүлэн сургахад илүү их төвлөрч ажиллаж байна. Манай тавдугаар ангид төрөлхийн сонсголгүй, дохионы хэлээр ярьж, ойлголцдог хоёр сурагч бий. Нэг нь Улаанбаатар хотын 29 дүгээр сургуулиас шилжин ирсэн. Анги удирдсан багшийн хувьд сурагчидтайгаа илүү сайн ойлголцохын тулд маш хурдан дохионы хэл сурах шаардлага үүссэн. Багш маань дохионы хэл хурдан сурч байна. Ангийнхаа сурагчдад мөн дохионы хэл зааж, нийтээрээ өдөр тутмын дохионы хэлтэй болж эхэлж байна. Тухайн сурагчийн хувьд маш их баярлаж, сургууль дотор таарахаараа “Сайн байна уу, та”, “Та юу хийж байна вэ” гэж дохиогоор ярьдаг болсон.

-Дээрх сурагчидтай ажиллахад эцэг, эхчүүд нь тусладаг уу? 

-Манай сургуулийн дохионы хэлээр ярьдаг эцэг, эхчүүд бидэнд бас их тусалж байна. Тэднээс мэдэхгүй зүйлээ асууж, заримдаа дохионы хэлтэй хүүхдүүдийнхээ үзэл бодлыг бүрэн ойлгох зорилгоор тэдэнтэй хамтдаа уулздаг. Тэднээс гадна энэ жил нэгдүгээр ангид бас дохионы хэлээр ярих шаардлагатай сурагч ирсэн учир ангийн багштай нь хамтран дохионы үсэг зааж өгч байна. Цаашлаад аав, ээжид нь хүртэл дохионы хэл заах юмсан гэсэн бодол тээж явна даа. Хамгийн их талархаж байгаа зүйл нь Хүүхдийг ивээх сангаас багш нарт дохионы хэл зааж, сурах бичиг, гарын авлага, DVD хангалттай өгсөн, багш нарт маань маш их хэрэг болж байна.

-Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч хамруулдаг болжээ. Яг ямар бэрхшээлийг үүнд хамруулж ойлгох вэ?

-Зарим хүүхдийн хувьд танин мэдэхүйн түвшин, анхаарал, ой тогтоолт, хөдөлгөөний хөгжил нь үе тэнгийн хүүхдүүдтэй нь харьцуулахад харьцангуй удаан, эсвэл хурдан, тогтворгүй байдаг. Сайн тоо боддог хирнээ уншиж чадахгүй, унших төрлийн хичээлдээ сайн ч тооны хичээлдээ муу, эсвэл олон янзаар тайлбарлаад ч ахиц гардаггүй хүүхдүүд аль ч ангид байдаг. Тэд нэг ижил агуулгаар суралцах, эсвэл анги хамт олноороо хамт хийх үйл ажиллагаанд оролцоход багшид бэрхшээл учруулдаг. Жишээлбэл, анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул, судалж тэмдэглэх, дүн шинжилгээ хийх тал дээр дутмаг, мэдээлэл боловсруулах чадвар муу, удаан уншиж, бичдэг, тоо бодох, тооцоолох чадвар тааруу сурагчдыг суралцахуйн бэрхшээлтэй сурагч гэж үзэж болно. Ийм хүүхдүүдийг өмнө нь яах учраа олохгүй угаасаа сурдаггүй юм, оюуны бэрхшээлтэй байх гэх мэт таамаг дэвшүүлээд, орхидог байсан. Харин суралцахуйн бэрхшээл нь юунаас үүдэлтэй байна, яг юу юу хийж чадахгүй байна вэ гэх мэт онцлогийг нь олж тодорхойлоод, тохирсон аргаар дэмжиж ажиллавал сайн суралцах боломжтой байдаг.

-Ховд, Өвөрхангай гэсэн хоёрхон аймагт “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь-2” төсөл хэрэгжиж буй. Энэ удаад юун дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ?

-Манай сургууль Ховд аймгийн хамгийн дээд захад, гэр хороололд байдаг. Дотуур байртай болохоор гэр бүлээсээ хол амьдардаг олон хүүхэд сурдаг. Tусгай хэрэгцээтэй, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг ч тэгш хамруулан сургах нь бидний зорилго юм. Багш нарын хувьд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургахад тулгамдаж буй олон бэрхшээлийн нэг нь сургууль дээр тэднийг дэмжих орчин, сургалтын хэрэглэгдэхүүн хангалттай байдаггүй. Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд манай сургууль дээр хүүхэд хөгжлийн танхим байгуулж, төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан төдийгүй хэрхэн ашиглах, заавар, зааварчилгаа өгч, багш нарын арга зүйг дэмжих төрөл бүрийн сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар байгаа нь багш бидний хувьд үнэлж баршгүй их хувь нэмэр болж байна.

-Хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хувьд бага ангиас дунд ангид дэвшин суралцахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?  

-Энэ төсөл хэрэгжсэнээр манай сургуулийн бага, дунд ангийн бүх багш тэгш хамруулан сургах үнэт зүйлсийг ойлгож, хүүхэд нэг бүрийн хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан, хичээлийнхээ төлөвлөлтийг хийж, төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулан туршиж ажиллаж байна. Бид энэ удаад “Бага ангиас дунд анги руу шилжин суралцах буюу шилжилтийн хөтөлбөр дээр илүү төвлөрч ажиллаж байна. Учир нь тусгай хэрэгцээтэй, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн хувьд бага ангиас дунд ангид дэвшин суралцахад олон бэрхшээл учирдаг. Түүнийг даван туулж чадахгүй анги ахих тусам сургууль завсардах тохиолдол их гардаг. Тиймээс бага, дунд ангийн багш нарын залгамж холбоог сайжруулах, тухайн хүүхдүүдийг дэвшин суралцахад суралцагчийн сэтгэл санааг бэлтгэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, үе тэнгийнхнийх нь хандлагыг сайжруулах мөн гэр бүл эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх,  сургууль, багш, эцэг эхийн харилцаа холбоог бэхжүүлэх гэх мэт тухайн асуудлыг цогцоор нь дэмжиж ажиллахад чиглэж байна.

-Ховд аймгийн хувьд “Хүүхэд хөгжлийн төв” байгуулсан нь хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургахад бусад аймгууддаа жишиг болж буй юм байна. Энэ сайн туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Манай Хүүхэд хөгжлийн төв хамгийн хэрэгцээтэй, завсаргүй ажиллагаатай төв болсон. Энэ төвд багш нар чөлөөт цагаараа хүүхдүүдтэй ажиллана. Түүнээс гадна бүх хүүхэд энэ төвд байх маш их дуртай. “Багш аа, энэ өрөөндөө жаахан тоглож болох уу? "Даалгавраа хийчхээд гэртээ харьж болох уу? Гэртээ дүү нараа хардаг болохоор даалгавраа хийж чаддаггүй юм” гэж олон хүүхэд ханддаг. Заримдаа хичээлийн цагаасаа түрүүлээд ирчихсэн “Багш аа, гэрт даараад байхаар нь хүрээд ирлээ, энэ ангидаа томоотой сууж байгаад хичээлдээ орж болох уу” гэдэг. Бид ч аль боломжоороо энэ төвөө хүүхэд бүрд нээлттэй байлгахыг хичээдэг. Бидний хувьд хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, тэдэнд ээлтэй үйлчилгээ бий болгох, бага насны хүүхдэд эрүүл мэнд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хөгжлийн арга хэмжээ явуулах, эцэг эхэд зориулсан сургалт, уулзалт хийж, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн ажил хийж байна.

-Сургуулийн хувьд хөтөлбөрийн, хэрэглэгдэхүүний, арга зүйн тохируулга хийдэг болсон гэсэн. Төслийн хүрээнд сургалтад хамрагдаж буй багш нарын заах арга зүй сайжирч байна уу?

-Өмнөх төслийн хүрээнд бага ангийн багш нараас гадна бага ангид хичээл ордог биеийн тамир, англи хэл, хөгжмийн багш нарыг сургаж байсан бол энэ удаад сургуулийн хэмжээнд тэгш хамруулах боловсролын үзэл баримтлалаар “амьсгалж” байна гэхэд болохоор байна. Дунд ангийн багш нараас гадна сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, номын санч, сэтгэлзүйч, жижүүр угтагч, эцэг эхчүүд гээд маш олон хүн олон удаагийн сургалтад хамрагдаж, үл ялгаварлал, тэгш хандлага, тэгш боломжийн талаар суралцаж  хөгжиж, хүүхдийн ялгаатай байдлыг таньж мэдэж, тэдэнд ямар хэрэгцээ байгааг судалж оношлон хамтарсан үйл ажиллагаагаар дэмжиж ажиллаж байна. Энэ нь сургуулиар орж ирж байгаа хүн бүрд тэгш хамруулах боловсрол хамаатай, хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж байгаа чухал ажил болж байна. Багш нарын заах арга зүйд ч мэдрэгдэхүйц өөрчлөлт гарч байна. Юун түрүүнд хэнд ямар хэрэгцээ байгааг  судалж, сурагчаа оношилж, хичээлээ төлөвлөдөг, бэлтгэсэн зүйлсээ нэгэндээ үзүүлж зөвлөгөө авч, бие биеэсээ суралцан хөгжиж байна. Мөн манай сургуулийн багш нар төслийн хүрээнд хуримтлуулсан туршлага,  арга зүйгээ бүтээл болгож, бусад сургууль, цэцэрлэгийн багш нарт түгээн дэлгэрүүлсээр байна.

-Багш нарыг эдгээр хүүхдүүдтэй ажиллахад бэлтгэж, чадавхжуулахаас гадна тэдэнд ажиллах  урам зориг өгөх нь маш чухал. Тэдэнд нэмэлт урамшуулал өгөх журам орон нутагт хэрэгжиж байна уу?

-Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг багш нарын хувьд маш их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүүхдэд нь ахиц гардаг. Тухайн хүүхдүүдийг хөгжүүлэхэд маш их хөдөлмөр, цаг хугацаа, хамтын ажиллагаа шаарддаг. Жишээлбэл, сургалтын менежерийн хувьд багш болон эцэг эхтэй нь ярилцаж, юу хэрэгтэй байна вэ, хүүхдэд ямар бэрхшээл тулгарч байна, миний дэмжлэг хэрэгтэй юу гэж байнга ярилцах шаардлагатай гэж боддог. Багш нартаа аль болох туслахыг л хүсдэг дээ. Тэгш хамруулах үзэл санааг сургуулийн бодлого дүрэм журамд тусгаж өгөх нь чухал байх гэж боддог. Нэмэгдэл урамшууллын тухайд бид сургуулийн дотоод журамдаа хэрхэн заах, үр дүнгийн гэрээндээ хэрхэн тусгах талаар зөвлөлдөж байна. Ингэснээр нэмэгдэл цалин хөлс авах эх үүсвэр бүрдэнэ гэж үзэж байна.

-Орон нутагт, тэгш хамруулан сургах бодлогын талаар эцэг эхчүүдийн ойлголт, хандлага хэр байна вэ? Эцэг эхчүүдэд хүүхдүүддээ хэрхэн туслах тал дээр багшийн хувьд юу зөвлөх вэ?

-Тэгш хамруулах боловсролын талаар эцэг эхчүүд нэг үеэ бодвол мэдлэг мэдээлэлтэй болж, нийгмийн хандлага ч өөрчлөгдөж байна. Манай сургуулийн эцэг эхчүүд төслийн хүрээнд маш олон удаа сургалтад хамрагдаж, чадавхжсан. Бид эцэг, эхийн хандлагыг өөрчлөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор сайн эцэг, эх зэрэг сургалтууд хийгээд байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж