Хоёр он дамнан цар тахалд дарлуулсан хүн төрөлхтний сэтгэлийг бага ч болов уужруулж, итгэл найдвар төрүүлсэн зүйл бол вакцин. Монгол Улсын хувьд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн.
Сар шинийн баяр тохиосонтой холбоотойгоор вакцинжуулалтын цэг эзгүйрсэн ч эргээд иргэдийн идэвх бага зэрэг сэргэж байгаа аж. “Зайгаа бариарай”, “Дараалаад зогсоорой”, "маскаа зүүгээрэй" гэх үсгийг бид сүүлийн хоёр жил алхам тутамдаа сонсч буй. Мөн вакциндаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага тогтмол сануулж байгаа ч сүүлийн үед иргэдийн вакцинд хамрагдах нь буурсан гэдгийг вакцины цэгт ажиллаж байгаа эмч нар хэлж байлаа. Бид энэ удаад вакцинжуулалтын цэгүүдэд иргэдийн ачаалал хэр байгаа талаар сурвалжиллаа.
“Зайгаа бариарай”, “Дараалаад зогсоорой” хэмээн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хаалгаар ороход сонсогдоно. Өрхийн эмнэлгээр орж гарч буй арван хүний 6-7 нь "Түргэвчилсэн шинжилгээ хэдэн цагийн хооронд авах вэ", “Манай эхнэр, нөхөр эерэг гарчихлаа” гэх зэргээр асууж сураглана. Харин эмч, сувилагч нар шинжилгээг хэрхэн авах, эерэг тохиолдлын хавьтагч болсон бол ямар арга хэмжээ авах, эмийн багц авах зэрэг зөвлөгөөг өгнө. Тус Өрхийн эмнэлгийн эмч нарын хэлж буйгаар Сар шинийн баярын өдрүүдээс хойш халдварын тоо эрс нэмэгдсэн, эмнэлэгт ирж буй иргэдийн олонх нь шинж тэмдэг илэрсний дараа, эсвэл ойрын хавьтал нь эерэг гарсан тохиолдолд ирж байна. Мөн зарим нь утсаар эерэг гарснаа хэлж, зөвлөгөө авч, бид эмийн багцийг нь олгоод явж байна. Ажилчид халдварын тархалт эрчээ авсан талаар толгой сэгсрэн ярилаа.
Мөн Covid-19-ийн нууц хугацаа 4-7 хоног бөгөөд зургаа дахь хоногт халдвар илэрдэг. Түүнээс биш хавьтал болчихлоо гээд маргааш нь шинжилгээ өгөөд нэмэргүй. Тест, мөнгөний гарз болно гэж эмч нар анхаарууллаа.
Өрхийн эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн олонх нь шинж тэмдэг илэрсэн, шинжилгээ өгөх, эерэг гарсан гэсэн оноштой ирж байгаа бол вакцин хийлгэх гэж байгаа нь тун ховор гэнэ.
Дүүргүүдийн вакцинжуулалтын цэгүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд ихэнх "үйлчлүүлэгч" нь ахмад настнууд байгааг онцолж байв. Залуучууд вакцин хийлгэх нь эрс багассаныг нь хэлж байсан юм. Чингэлтэй дүүргийн V хорооны өрхийн эмнэлгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Оюун-Эрдэнэ “Өдөрт 3-4 иргэн вакцин хийлгэхээр ирж байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 40-өөс дээш насны иргэд байна. Хүмүүс дөрөвдүгээр тунд илүүтэй хамрагдаж байна. Өмнө нь өдөрт дор хаяж 30 гаруй хүн ирдэг байсан. Ерөнхийдөө вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурсан” гэж онцлон хэлэв.
Монгол Улсын хэмжээнд /2022.02.10-ны тоо/:
- I тунд хамрагдсан 2,270,107 /2,270,107/
- II тунд 2,171,173, /66,7 хувь/
- Дархлаа сэргээх I тунд 1,011,388 /31 хувь/
- Дархлаа сэргээх II тунд 86,689 /2,7 хувь/ хүн вакцинжуулалтад хамрагджээ.
Хоёрдугаар сарын эхний 10 өдрийн байдлаар нийт 3457 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 745 эмч, ажилтан ажиллаж байгаа. Иргэдэд "Файзер" вакцин хийж байна.
Харин өөр нэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгт очиход хаалттай байв. Сувилагчаас учрыг лавлавал "Дархлаажуулалтын вакцин хийж буй эмч нар өөрсдөө очиж дүүргээсээ вакцины тунг татан авдаг учраас түр хаасан" гэв. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтыг дуусмагч эмч, сувилагчид өөрсдөө дүүргээсээ татан авалтаа хийдэг учраас вакцинаа авахаар түр хаасан байв. Тус төвд ч мөн вакцин хийлгэх иргэдийн тоо буурч, шинж тэмдэг илэрсэн, эерэг гарсан иргэдийн тоо өссөн гэдгийг хэлж байв.
Сар шинийн баярын дараагаас иргэдийн вакцинд хамрагдалт бага зэрэг нэмэгджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-нээс 5-ны хооронд нийслэлийн хэмжээд 307 иргэн вакцинд хамрагдсан байна. Харин хоёрдугаар сарын 6-наас эхлэн вакцинд хамрагдалтын тоо нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 400 болжээ.
Наймдугаар сарын дунд гэхэд вакцин хийлгэснээс хойш 4-5 сар гэж үзээд, дархлаажуулалтын түвшинг албаныхан судалсан талаар бид мэдээлж байсан. Тухайн үед зайлшгүй нэмэлт тун хийх шаардлагатай байна гэж үзээд, нэмэлт тунг эхлүүлсэн. Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 16-наас нэмэлт тун хийхдээ "Астразенейка"-г "Файзер"-аар бүүст хийхэд дархлаажилтын нэгж 30-510 болж нэмэгдсэн үзүүлэлт гарч байсан юм. Дунджаар 4-5 сарын дараа дархлааг дахин үзэхэд эргээд 70 нэгж болж буурсан байна. Тиймээс сэргээх тунг заавал хийлгэх нь зүйтэй бөгөөд халдвараас болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг эрүүл мэндийн салбарынхан онцолж буй.
Ц.ХОНГОР
Гэрэл зургийг Г.САНЧИР
Холбоотой мэдээ