"Covid-19 элэг, цөс, нойр булчирхай гэмтээж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.11-нд нийтлэгдсэн

"Covid-19 элэг, цөс, нойр булчирхай гэмтээж байна"

"Covid-19 элэг, цөс, нойр булчирхай гэмтээж байна"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч, анагаах ухааны доктор Б.Болормаа Covid-19-ийн үед илэрч буй хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, өөрчлөлт, өвчлөлийн онцлог шинж болон өвдөөд эдгэсэн иргэдэд сэрэмжлүүлэг болгож мэдээлэл өглөө.


-Халдвараар өвдсөн иргэдэд зөвхөн уушгинаас гадна ходоод өвдөх шинж тэмдэг илэрч байгаа тухай иргэд хэлж байна. Энэ тал мэдээлэл өгөхгүй юу?

-Covid-19 хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлж байгаа эсэхийг эрдэмтэд судалсан. Нэгдүгээрт, бие даан вирус үүсч байгаа бол хоёрдугаарт халдварын эмийн эмчилгээний улмаас үүссэн эмгэг, гуравдугаарт халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгийн сэдрэл зэрэг тохиолдож байна. Халдварын үед амьсгалын замд үүсэх шинж тэмдгээс гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцооны буюу хоолны дуршил буурах, огих, бөөлжис хүрэх шинж тэмдэг илэрч байна. Энэ шинж тэмдэг халдвараар өвдсөн болон өвдөхөөс өмнө илрэх нь ч бий.

Covid-19 агаар дуслын замаар дамжихаас гадна бохир гараар халдварлах нь маш элбэг байна. Омикрон болон дельта хувилбар олон эрхтэнийг гэмтээж байна. Тухайлбал, элэг, цөс, нойр булчирхай зэрэг эрхтэнийг ихээр гэмтээж байна.

Цар тахлын тархалтын үед халдвараар дамжиж хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихэсч, мэдрэл, шингэний зохицуулга алдагдаж, үрэвсэл үүсч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Мөн вирус амны хөндийгөөр дамжиж, хоол боловсруулах эрхтэнд нөлөөлдөг.

-Амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдаж байгаа нь үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Хэл хатангирших, завьж шархлах, тууралт гарах шинж тэмдэг илэрч, улмаар хоол боловсруулах эрхтэн рүү халдвар дамждаг. Энэ үед амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдаж байна. Үүнээс болж халдварын вирус шүлсээр дамжиж, хоол боловсруулах эрхтэнд очиж өвчлүүлдэг. Ингэснээр гэдэсний бичил биетийн гэмтэл үүснэ. Хүний гэдсэнд дунджаар 1.5 килограмм орчим бичил биет байдаг гэж үздэг. Нян, бактери, мөөгөнцөр зэрэг бидэнд мэдэгдэхгүй.

Омикроны үед хоол боловсруулах цуллаг эрхтэн гэмтэх нь их байна. Ялангуяа Covid-19-ийн үед нойр булчирхай өвдөх тохиолдол их байна. Учир нь халдвараар өвдсөн иргэд вирусийн эм, дааврын гаралтай эм ихээр хэрэглэж буй. Энэ нь хоол боловсруулах эрхтэнийг гэмтээх хүчин зүйл болж байна.

Хүмүүс анзаарсан байх. Халдвараар өвдсөн хүмүүсийн 38-40 хувьд элэгний өвчлөл ажиглагдаж байна. Дархлаа хэт идэвхжих нь үрэвслийг улам гүнзгийрүүлдэг. Иймд халдвараар өвдсөн л бол, ямар нэгэн зовиур илэрч байвал мэргэжлийн эмчид хандах нь зөв.

-Халдвараар өвдөөд эдгэсэн ч хоол боловсруулах эрхтэнд дахин шинж тэмдэг илэрч байвал гэрийн нөхцөлд эмчлэх нь зөв үү?

-Мэргэжлийн эмчид хандах ёстой. Халдвараар өвдөөд эдгэсэн болон эмчлүүлж байгаа иргэд гүйлгэж, суулгаж байгаа бол шингэн сайн уух хэрэгтэй. Ургамлын цай, ногоон цай гээд эрдэс бүхий шингэн ууж болно. Мөн идэвхжүүлсэн нүүрсэн эм хэрэглэхийг зөвлөж байна. Цайр хэрэглэх хэрэгтэй. Гүйлгэлт зогсоох эм хэрэглэж болохгүй. Дур мэдэн эмчилгээ хийснээс болж эрсдэлт нөхцөл байдал үүсэх тохиолдол гарч байна.

-Ходоодны хүчил вирусээс хамгаалдаг уу?

-Ходоодны хүчил олон төрлийн вирус устгах чадвартай. Гэхдээ суурь өвчтэй, зохисгүй хооллодог тохиолдолд тус эрхтэнд гэмтэл учирсан байдаг. Эрүүл хүнд халдвар нэвчих чадвар бага. Харин архаг хууч өвчтэй хүнд амархан дамжина гэсэн үг. Халдварын тархалттай холбоотойгоор хоол хүнсэндээ анхаарах нь зөв. Нэгдүгээрт, хоолны бүтэц чухал. Тухайн хүний өдрийн илчлэгийг хангахаар уураг, нүүрс ус агуулсан байх ёстой. Мөн бүхэл үрийн бүтээгдэхүүн, жимс ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх онцгой ач холбогдолтой. Английн Шим тэжээлийн нийгэмлэг гаргасан зөвлөмждөө Covid-19-ийн үед хоол хүнсний хэрэглээнээс нүүрс усыг 30 хувь бууруулах нь зүйтэй гэж тусгасан.

-Өвчлөөд 14-21 хонож байгаа ч амны хөндийд илэрч буй зовиур арилахгүй бол яах вэ?

-Халдвар аваад улаан хоолой гэмтсэн бол амьсгалын зам дээрх вирус арилсан ч шинж тэмдэг үргэлжлэх боломжтой. Мөн мэдрэл, булчингийн дамжуулалт алдагдсан байх магадлалтай. Халдвараар өвдсөнтэй холбоотойгоор стрессдэж, гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хүмүүс мэргэжлийн эмчид хандаагүй байж өөрсдийгөө оношилдог нь буруу. Зовиур, шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандах ёстой.

-Covid-19-өөр өвдсөн хүмүүст уламжлалт эмчилгээний төрлүүдээс аль нь илүү тохиромжтой талаар хийсэн судалгаа бий юу?

-Уламжлалтын эмч нар ямар эмчилгээ үр дүнтэй талаар зөвлөж байна. Улаан бүсэд орсон эмч нар зүү тавих, бариа засал хийх гээд бүх төрлийн эмчилгээ хийлгэж байна. Нөхөн сэргээх буюу уламжлалт эмчилгээг Covid-19-өөр өвдсөн бүх хүн хийлгэж болно. Утлага болон ханиалга дарах цай уух нь зөв. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Бактерийн халдвараар өвдсөн бол даруй эмчилгээ эхлэх нь чухал. Омикрон хүндрэх эрсдэл бага ч биеийн байдал хүнд хүмүүс богино хугацаанд нэн хүнд болж муудаж байгаа тул иргэддээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа сайн хийлгэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж