Энэтхэгт үе шаттай үргэлжлэх орон нутгийн сонгууль өчигдөр хамгийн их хүн амтай Уттар Прадеш мужаас эхэллээ. Энэхүү орон нутгийн сонгууль нь Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон эрх баригч Бхаратия Жаната (BJP) намын рейтингийг харуулах ач холбогдолтой учир анхаарал татаж байна. Бразил улстай дүйцэхүйц олон хүн амтай Уттар Прадеш муж нь эрх баригч намын сонгуульд ялах гол хөзөр нь байсаар иржээ. Эрх баригч Бхаратия Жаната намын хувьд ирэх 2024 онд болох парламентын сонгуульд гурав дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулах зорилготой.
Шинэ Дели хотод төвтэй Бодлогын судалгааны төвийн судлаач Рахул Вермагийн хэлэхдээ “Хэрэв эрх баригч нам Уттар Прадеш мужид ялагдвал үнэхээр хүнд байдалд орно. Үүнийг хагас финал гэж хэлж болно. Гол тоглолт 2024 онд маш өөр байна” гэж энэ сонгуулийг дүгнэжээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны үеэр эрх баригч намын зүгээс хинди шашитнууд олонхыг эзэлдэг хойд хэсгийн Уттар Прадеш, Уттараханд мужаас хүчтэй дэмжлэг авчээ.
Хинди шашны ариун Вриндаван хотноо хүйтнийг үл ажран урт орхимж намируулсан лам нар саналаа өгөхөөр дугаарлаж буй дүр зургаас сонгогчдын идэвх өндөр байгааг харж болно. Тус хот нь Энэтхэгийн нийслэл Шинэ Делигээс 160 км зайтай оршдог.
“Ард түмэн сайн засгийн газартай байхыг хүсвэл ирж саналаа өгөх ёстой” гэж 41 настай сонгогч хэлээд, эрх баригч намыг дэмжиж буйгаа нуугаагүй аж.
Уттар Прадеш мужаас гадна энэ хоёрдугаар сард болох өөр гурван мужийн сонгуульд хинди үндсэрхэг үзэлт Бхаратия Жаната намын хувьд хүнд цохилт болно. Цар тахлын үеийн төрийн удирдлага, ажилгүйдэл өндөр түвшинд хүрсэн зэргээс үүдэн эрх баригч нам сүүлийн жилүүдэд маш их шүүмжлүүлсэн. Энэтхэгт өнгөрсөн онд цар тахлын халдвар хяналтаас гарч, Ганга мөрөнд Covid-19-өөр нас барсан хүмүүсийн цогцос хөвж байв. Түүнчлэн сонгогчдын нөлөөтэй бүлгийн нэг нь тариаланчид. Харин Модигийн засгийн газрын баталсан хөдөө аж ахуйн хуулиас болж бүтэн жилийн хугацаанд тариаланчид эсэргүүцлийн жагсаал хийснээр хуулийг өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцалсан.
200 сая орчим хүн амтай Уттар Прадеш мужид санал хураалт долоон үе шаттай үргэлжилж, гуравдугаар сарын 7-нд дуусна. Улмаар гуравдугаар сарын 10-нд эхний таван мужийн санал хураалтыг тоолж, дүнг нэгтгэнэ. Харин бусад мужуудад ирэх өдрүүдэд санал хураалт эхэлнэ.
Тус хоёр мужид хинди шашны гол ариун газрууд байрладаг бөгөөд шашны цөөнх мусульманчуудтай зөрчилтэй байдаг. Тиймээс энэ хоёр мужид эрх баригч нам ялалт байгуулах магадлал өндөр гэж ажиглагчид дүгнэжээ.
Энэтхэгийн сөрөг хүчний гол нам болох Конгрессын хувьд энэ сард санал хураалт болох таван мужаас хойд хэсгийн Пунжабт олонхын санал авдаг. Энэ сонгууль нь Конгресс намын дарга Рахул Гандийн удирдах чадварыг сорьсон чухал сорилт юм. Түүний аав, өвөө, өвөг эцэг нь үе уламжлан Энэтхэгийн ерөнхий сайдаар ажилласан, элит гэр бүл. Гэвч тус гэр бүлийн нэр хүнд сүүлийн жилүүдэд Нарендра Модигийн рейтингэд дарагдсан гэж ажиглагчид үздэг.
Үүний зэрэгцээ Уттар Прадеш мужийн захирагч Йоги Адитьянатын нөлөө нэмэгдэж, эрх баригч намын дараагийн ерөнхий сайдад яригдаж эхэлсэн байна.
ЭНЭТХЭГ-МОНГОЛЫН ХАРИЛЦААНД МОДИ ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН
Нарендра Моди ерөнхий сайдын хувиар анх удаа Монголд 2015 онд нэг хоногийн хугацаатай айлчилсан нь олон улсын анхаарлыг татсан. Энэ нь Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хугацаанд анх удаа болсон айлчлал юм.
ОХУ, Хятадын дунд оршдог учраас Монгол Улс Энэтхэгийн гадаад бодлогын ажиглагчдын хувьд стратегийн чухал ач холбогдолтой орны нэгд тооцогддог аж. Гэвч Энэтхэгийн засгийн эрхийг аваад дөнгөж жил болж байсан Модигийн Монгол дахь айлчлал Бээжингийн сүүдэрт дарагджээ. Моди гадаад бодлогод ихээхэн анхаарч байсныг ерөнхий сайд болсныхоо дараа 11 сарын дотор 16 оронд айлчилснаас нь харж болно.
Моди Улаанбаатарт үдлээд буцсан нь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөллийн эсрэг Монголтой харилцаагаа сайжруулах оролдлого байв. Энэтхэг бол ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гадна 1955 онд Монгол Улстай харилцаа тогтоосон анхны орон байсан. Хоёр орны хоорондын худалдаа 2013 онд 35 сая ам.долларт хүрч унасныг Моди 6.2 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлжээ.
Холбоотой мэдээ