Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан. Тус газрын мэдээлснээр Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийг багтаажээ. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь төрийн өмчит бус.
Хэрэв Нийслэлийн Засаг даргын захирамж гарвал эдгээр сургууль нь 07:45, 08:15, 09:00 цаг гэсэн цагийн хуваарийн дагуу хичээллэх юм. Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 12.5 хувиар бууруулна гэж холбогдох албаны хүмүүс тооцоог ч гаргажээ.
Нөгөөтэйгүүр, ерөнхий боловсролын сургуулиудын дийлэнх нь төрийн өмчит бус байгаа нь анхаарал татаж буй. Учир нь, түгжрэлээр халхавчлан хувийн сургуульд суралцдаг хүүхдүүд, тэдний эцэг эх гээд олон хүний эрх ашигт шууд нөлөөлж байгааг тоохгүй орхиж болохгүй. Энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох хэлэхдээ “Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахад төрийн өмчит бус сургууль гэдэг талаас нь сонгоогүй. Түгжрэлд нөлөө бүхий Их тойрууд байршилтай, Хан-Уул дүүрэгт Яармагийн түгжрэлд нөлөөлж байгаа сургуулиудыг сонгосон. Иймд байршлаараа төрийн 23, төрийн өмчит бус 36 сургууль багтаж байгаа тул ямар нэгэн байдлаар эрх ашиг зөрчиж, ялгаварласан зүйл огт байхгүй” гэх тайлбар өглөө.
Мөн ирэх даваа гаригт ерөнхий боловсролын сургуулиудын танхимын хичээл эхлэх учраас маргааш /2022.02.11/ тодорхой шийдвэр гарах байх гэдгийг тодотгою. Тэрбээр “Ирэх даваа гаригаас сурагчдын хичээл эхлэх учраас энэ долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байна. Гэхдээ хэзээ эцсийн шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй. Бидний зүгээс хичээлийн цагийн хуваарийн сонголттой холбогдуулан сургуулийн удирдлагуудыг саналыг авсан. Иймд цагийн хуваарийн сонголт маргааш тодорхой болно. Ерөнхийдөө нэг ээлжтэй сургуулиудын хичээлийг автоматаар 09:00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.
Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 12.5 хувиар бууруулна гэж холбогдох албаны хүмүүс тооцож байгаа.
Нийслэлийн боловсролын газраас хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналтай холбогдуулан 59 сургуулийн төлөөллүүд “Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал тавьсан бөгөөд албан ёсны бичиг хүргүүлээгүй. Улаанбаатар хотын захирагчийн захирамжийг хүлээж байна” гэсэн байр суурь илэрхийлэв.
Бид түгжрэлийг бууруулахын тулд хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа эсэх талаар сонгогдсон сргуулиудын удирдлагатай холбогдож, байр суурийг нь сонслоо.
"08:15 ЦАГААС ХИЧЭЭЛ ЭХЭЛБЭЛ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН СУРАГЧИД ОРОЙТОЖ ТАРНА"
Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь Баянзүрх дүүрэгт байрладаг. Одоогоор өглөөний цагт 08:15 эхлүүлэх тов байна. Тус сургуулийн сургалтын менежер “Нийслэлийн боловсролын газраас шинэ оны өмнө хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал авсан. Энэ асуудлаар бид ярилцаж байгаа. Замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцсон бол бид дэмжинэ. Гэхдээ хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа албан ёсоор хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Захирамж гарвал эцэг эх, сурагчдад зарлана. Хэрэв захирамж гарахгүй, албан бичиг ирүүлэхгүй бол даваа гаригаас хичээл 08:00 цагаас эхэлнэ гэж ойлгож байгаа. Мэдээж хичээлийн цаг өмнөхөөсөө 15 минутаар хойшилж эхлэхээр хичээл тарах цаг хойшилно. Ялангуяа хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийн хичээл тарах цаг оройтох магадлалтай. Хичээл 06:30 цагт тардаг байсан бол 06:45 цагт л тарна гэсэн үг шүү дээ. Ер нь хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргаж, бид саналаа өгсөн. Тиймээс өнөөдөр яригдаж, маргааш нь гаргасан шийдвэр биш” гэлээ.
Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль нь Баянзүрх дүүрэгт байрладаг. Дээрх 21 дүгээр сургуультай нэг байршилд учраас 07:45 цагт хичээлийг эхлүүлэх саналаа гаргажээ. Гэхдээ эцсийн шийдвэр нь маргааш тодорхой болох юм байна. Тус сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэтуул “Нийслэлийн боловсролын газраас хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсныг замын түгжрэлийг бууруулах зорилготой гэдгийг тайлбарласан. Цагийн хуваарийг өөрчлөх албан ёсны бичиг ирүүлээгүй. Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр юм уу маргааш эцсийн шийдвэр гарна гэсэн мэдээллийг өгсөн. Сургуулийн удирдлагууд хичээл эхлэх цагийг сонгох өөрсдийн саналаа өгч байгаа. Хэрэв цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн шийдвэр гарахгүй бол өмнөх цагийн хуваариар 08:00 цагаас даваа гаригт хичээл эхлэх болов уу” гэлээ. Тус сургуульд 6000 орчим хүүхэд суралцдаг. Мөн хүүхдүүд хичээлээсээ хоцрох нь нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол ч зарим багш нарт байна. Учир нь өглөө 08:00 цагаас хичээл эхлэхэд хүүхдүүд цагтаа амжиж хичээлдээ ирдэггүй тохиолдол цөөнгүй гэнэ.
"ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ БИДНЭЭС САНАЛ АВСАН
"САНТ" сургууль нь Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрладаг. Төрийн өмчит бус. Тус сургууль нь 59 сургуулийн жагсаалтад багтсан бөгөөд одоогоор Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн боловсролын газрын шийдвэрийг хүлээж байгаа аж. Мөн л цагийн хуваарьтай холбоотой албан ёсны бичиг одоогоор ирээгүй бөгөөд хичээл эхлэх цагийн хуваарийн талаар өөрсдийн саналаа өгчээ.
“ЭРДЭМ ТӨГС” сургууль нь Сүхбаатар дүүрэг долдугаар хороонд байрладаг. Төрийн өмчит бус. Мөн л 59 сургуулийн жагсаалтад багтсан бөгөөд 09:00 цагаас хичээлийг эхлүүлэх саналаа гаргажээ. Энэ нь өмнөх цагийн хуваариас ямар нэгэн өөрчлөлт гарахгүй болохыг тус сургуулиас мэдээлэв. Тус сургуулийн удирдах ажилтан “Нийслэлийн боловсролын газраас хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой эсэх талаар бидний саналыг авсан. Урьдчилан мэдээлэхгүй албан бичиг хүргүүлээгүй. Бид Нийслэлийн боловсролын газраас гаргасан 09:00 цагаас хичээл эхлэх саналыг нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ нь манай сургуулийн өмнөх хичээл эхлэх цагийн хуваариас нэг их зөрөхгүй, өөрчлөлт гарахгүй байгаа. Хөл хорионоос шалтгаалан 08:20, 08:40, 09:00 цагаас хичээлээ эхлүүлж байсан. Бүх нийтээр 09:00 цагаас хичээлийг эхлүүлэхээр л болж байгаа. Манай сургууль бол том бүтэцтэй цөөн сурагчтай. Сүхбаатар дүүрэгт амьдардаг хүүхдүүд суралцдаг учраас холоос зорьж суралдцаг сурагчид ховор” гэлээ.
Холбоотой мэдээ