"Samsung" компани илүү сайжруулсан камер болон үзэгтэй шинэ загварын "Галакси" утсаа танилцуулав. Энэ удаагийн шинэ загварын гол онцлог нь загасны тор, усны хуванцар сав зэргийг дахин боловсруулсан материал ашиглажээ.
“Байгальд ээлтэй Галакси” нэртэй төсөл нь таван жил үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд хуванцар сав, баглаа боодлоос татгалзаж, хог хаягдал үйлдвэрлэхээ зогсооно гэв. Энэхүү ногоон санаачилгыг мэргэжилтнүүд тун таатай хүлээж авч байна.
Загас агнуурын нелон торыг полиамид давирхайн үрэл болгон хувиргаад дуу ихэсгэж багасгадаг, унтрааж асаадаг хажуугийн товчлуурт ашиглах аж. Мөн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд усны хуванцар сав, CD-ний хайрцаг зэргийг ашиглаж байна.
“Apple”-ийн “Iphone14” 2022 оны сүүлчээс нааш гарахгүй бол "Samsung" компани энэ сиймхийгээр нь зах зээлд манлайлахад хэдхэн сар үлдлээ. Байгальд ээлтэй "Галакси" цувралд “Galaxy S22”, “Galaxy S22+”, “Galaxy S22 Ultra” загварууд багтжээ. Үнийн хувьд 1040-2030 ам.доллар бөгөөд гуравдугаар сарын 11-нээс худалдаанд гарна.
“S22” болон “S22+” загварууд нь гурав дахин ойртуулах үйлдэлтэй, 50 мегапиксел өргөн өнцгийн камертай. Харин “S22 Ultra” загвар нь 10 дахин ойртуулах үйлдэлтэй, 108 мегапиксел камертай ажээ.
Эх сурвалж: BBC