Esport: Хэрэггүй зүйлд цагаа үрж байна гэх үе хоцорчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Esport: Хэрэггүй зүйлд цагаа үрж байна гэх үе хоцорчээ

Esport: Хэрэггүй зүйлд цагаа үрж байна гэх үе хоцорчээ

Шинэ мянганы спорт гэгддэг цахим спортын хөгжил, цар хүрээ, зах зээл минут секунд бүрээр үсрэнгүй хөгжиж байна. 2021 онд нэг тэрбум ам.доллар эргэлддэг байсан энэ салбар энэ онд 15 хувийн өсөлт үзүүлж, 1.8 тэрбум ам.долларыг эргэлдүүлнэ гэж "Newzoo" судалгааны байгууллага үзжээ. Монгол залуус ч энэ "шуурганы" гадна бус голд нь явна.

MESA буюу Монголын цахим спортын холбоо болон "URG-Nomadx" төсөл хамтран дэлхийд анх удаагаа IMAX танхимд "URG-MESA League Dota2" тэмцээнийг нээлээ. Дэлхийн 80 гаруй улсад 1500 орчим IMAX дэлгэцтэй кино танхим байдаг бөгөөд өмнө нь хэзээ ч цахим спортын тэмцээн уралдааныг дамжуулж, гаргаж байгаагүй аж. Мөн ирэх есдүгээр сард болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаагаа цахим спортын найман төрөл тэр дундаа "Dota2" багтсан учир багууд өндөр ач холбогдол өгч байна. Түрүүлсэн баг нь Азийн наадамд оролцох энэхүү тэмцээнд Монголын зургаа, Филиппин болон Мьянмарын хоёр баг оролцож буй.

Тэмцээний нийт шагналын сан 40 сая төгрөг.

БИД АЗИДАА МУУГҮЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭДГЭЭ ХАРУУЛАВ

"MESA"-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал тэмцээний талаар ярихдаа “Нээлтийн тоглолтууд IMAX танхимд болж, цаашдаа онлайн хэлбэрээр болно. Бид Азидаа муугүй тэмцээн зохион байгуулагч гэдгээ харуулж байна. "MESA"-ийн зүгээс PUBG, CS:GO, League of Legends, Valorant зэрэг төрлүүд дээр тэмцээн зохион байгуулна. "Dota2" дээр 3-4 том тэмцээн төлөвлөж байгаа” гэв.

Азийн наадмын хөтөлбөрт багтаж буй цахим спортын төрлүүд тун удахгүй олимпийн наадмын хөтөлбөрт багтах гарцаагүй биз ээ.

Монголд топ гэж болохуйц "Dota2", "CS:GO", "PUBG", "League of Legends" гэсэн төрлүүд дээр олон гайхалтай боломжууд нэмэгдсээр байна. Сүүлд л гэхэд дэлхийн “Esport”-ийн оргил тэмцээнүүдийн нэг 2,475,000 ам.долларын шагналын сантай “BLAST Premier”-ийн 2022 оны улиралд MESA албан ёсоор нэгдсэн. Ингэснээр "Na’Vi", "Gambit", "Vitality", "G2", "Virtus.pro","Astralis" зэрэг томчуудтай Монголын багууд өрсөлдөх эрх нээгдэв.

Энэ талаар А.Амаржаргал “Blast бол дэлхийн хамгийн том “Esport”-ийн тэмцээн зохион байгуулагч. Бид Азийн төлөөлөгч болсон. Ингэснээр Азийн төлөөлж оролцох багийг шалгаруулна гэсэн үг. Энэ эрх амар олдоггүй. Маш олон шалгуурыг давж, энэ эрх ирсэн. Монголын аваргыг дэлхийн хамгийн том тэмцээнд сойх боломж бүрдлээ. Өмнө нь ийм боломж бүрдэж байсангүй. Энэ бол том завшаан” гэв.

МОНГОЛД ЭНЭ САЛБАР ЦОГЦООРОО ХУРДТАЙ, ХӨГЖИЖ БАЙНА

Дөрөвдүгээр сарын 16-нд аварга нь тодрох энэхүү тэмцээнд найман баг оролцож байгаагаас "Lilgun" баг олны анхаарлыг татаж байна. 2021 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулж байсан тус баг бүтэн нэг жилийн хугацаанд Монголдоо дархлагдаж, Азидаа муугүй амжилт үзүүлсэн. Тэд энэ удаад хоёрдугаар багтайгаа буюу "TNT Gaming" багтай хамт оролцож байна.

"Lilgun" баг нэг жилийн хугацаанд 67,340 ам.доллар олсон гэж "liquipedia" дээр бүртгэгджээ.

Тэмцээний нээлтийн үеэр "Lilgun" багийн менежер "Sparco" буюу Э.Тэмүүжин ярихдаа “Манай "TNT" байгууллагад одоогоор хоёр баг харьяалагддаг. Энэ жилээс хоёрдугаар баг дээрээ түлхүү ажиллаж байгаа. Хоёулаа энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Хоёдугаар баг "TNT Gaming" маань өнөөдөр лангийн эхний тоглолтоо хийж байна. Одоогийн бүрэлдэхүүн нь өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн нэг баг болсон” гэв.

"Lilgun" баг дотоодын тэмцээнүүдээс гадна Азидаа 50 мянган ам.долларын шагналтай “BTS”, 25 мянган ам.долларын шагналтай “QH” зэрэг тэмцээнүүдэд оролцож байна.

Цахим спортын салшгүй нэг хэсэг бол тайлбарлагч, кастерууд. Тоглолтын мөч бүрийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэж, мэдлэг олгож байдаг энэ төрлийн хүмүүс ч сүүлийн үед олширсон. Эдгээр кастеруудын нэг болох Groove буюу Б.Тэлмүүнтэй ярилцлаа.

Тэрбээр “Урьд нь би өөрөө тамирчин байсан. Миний үед иймэрхүү хэмжээний тэмцээн болж байсангүй. Ерөнхийдөө дэлхий даяар хөгжил нь саарсан, эцэг эхчүүдийн ойлголт ч муу байсан л даа. “Хэрэггүй зүйлд цагаа үрж байна” гэж ярьдаг байлаа. Харин одоо “Esport”-оор амжилт үзүүлээд гадаадаас валют оруулж ирж байна. Монголд энэ салбар цогцоороо хурдтай хөгжиж байна. Манай зарим багуудад сэтгэлзүйч, хоолзүйч, фитнесийн багш байна. Мөн тэмцээний шууд дамжуулалтын баг, кастер, аналист гээд бий. Кастер л гэхэд дотроо “play by play” гээд тоглолтын моментыг ярьдаг болон мэдээллийн чанартай, анализ хийдэг гэж хуваагдаж байна” гэлээ.

БАГ ТАМИРЧИД NFT-ЭЭ ГАРГАСНААР НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

MESA-ийн энэ удаагийн лигийг "URG-NomadX" төсөл дэмжин ажиллаж буй нь онцлог байв. Тодруулбал, "URG-NomadX" нь баг тамирчдын NFT буюу Блокчэйн технологиор баталгаажсан дижитал бүтээлийг гаргах гэнэ. Ингэснээр фэнүүд NFT-ийн тусламжтайгаар хайртай багийнхаа цор ганц жерси, эдлэл хэрэглэлийг эзэмших, багийн тамирчидтай уулзах, хамт тоглох зэрэг боломж нээгдэх аж. "URG" койны үүсгэн байгуулагч Т.Дөлгөөнтамир “Бид "URG" койноо гаргахдаа хэрэглээтэй, энтертайнмент койн гаргана гэж зорьсон. Үүнийхээ хүрээнд Холливудын кино, цахим спортын тэмцээнтэй уялдуулан хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. “NomadX NFT” платформ дээр энтертайнмент “NFT”-ийгээ гаргах болно. Баг тамирчид NFT-ээ гаргаснаар нэмэлт орлого олох боломж бүрдэнэ” гэв.

"URG-MESA League Dota2" тэмцээний эхний өдөр хоёр тоглолт болох байсан ч цахилгааны асуудлаас болж "Kobolds" болон "TNT Gaming" багуудын тоглолт хойшлогдож, "Lilgun" болон "Renewal" багуудын тоглолтод "Lilgun" 2-0 гэсэн харьцаатайгаар ялжээ.

Гэрэл зургийг Г.САНЧИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж