Дотоодын хамгийн том таван банк 2022 онд IPO хийхээр хүлээгдэж буй. Энэ үед банкуудын хувь эзэмшлийн тухай мэдээлэл олны анхаарал татсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор банкинд хувь эзэмшилтэй болох гэсэн хүмүүсийн сонирхол ч нэмэгдсээр байгаа ажээ. Сүүлийн үед ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон, улмаар дийлэнх хувьцааг нь эзэмшдэг, Японы иргэн Савада бусдад хувьцаагаа зарсан гэх мэт мэдээллүүд хөвөрсөөр буй юм. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ХААН банкны хувь эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа гэнэ.
ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Эйч Эс Интернейшнл” (Ази) Лимитед, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт тус тус эзэмшсэн хэвээр байна.
Хамгийн том хөрөнгө оруулагч болох Япон улсын иргэн Хидео Савада нь Токио болон Сингапурын хөрөнгө биржид бүртгэлтэй хоёр компаниараа дамжуулан ХААН банкны нийт хувьцааны 60 хувийг эзэмшдэг гэсэн үг. Токиогийн хөрөнгийн биржид 1958 оноос хойш бүртгэлтэй нээлттэй компани болох “Савада холдингс”-ийн дор Орос, Киргиз, Монгол, Японд үйл ажиллагаа явуулдаг олон банк болон банк бус санхүүгийн байгууллагууд бий бөгөөд тэдний нэг нь ХААН банк ажээ. Иймд харъяа улс орныхоо зохицуулалтын хүрээнд хянагдан шалгагдаж, хөрөнгө оруулагчид нь хуулийнхаа хүрээнд өөрчлөгдөн солигдсоор иржээ.
Мөн Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналт дор үйл ажиллагаа явуулж, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүх мэдээлэл нь нээлттэй. Тиймээс ХААН банкны хувьцааг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл Монголын аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдан авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүй аж.
Хөрөнгө оруулагчдын орох, гарах, хөрөнгийн эх үүсвэр, татварын тооцоо, тайлагнал нь Япон улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг бөгөөд энэ талаарх баримт мэдээллийг Монголбанк өөрийн хэмжээнд цуглуулжээ.
Төв банк мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд тэрхүү баримт нотолгоогоо УИХ-аас гарсан ажлын хэсэгтэй нээлттэй хуваалцаж буй юм байна.
Тус компанид хөрөнгө оруулагчдын талаарх олон нийтэд нээлттэй байгаа мэдээллээс харахад "Сейко" цагны компани, “Сони электроникс”-ийн хөрөнгө оруулагч нарын нэр байдаг байна.
Төв банкинд бүрдүүлж өгсөн материалд тэдгээр хүмүүсийн хувийн нууцын шинжтэй олон мэдээлэл материал нийлээд бараг 4000 гаруй хуудас болжээ. Бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх, ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн байна. Тиймээс тухайн компанитай холбоотой бүх хэлцэл Япон улсын хуулийн дагуу хийгдэж, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй ил тод бөгөөд давхар хяналттай байдаг аж.
Хидео Савада 2003 онд Монголын Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн ХААН банкны хувьчлалд оролцож, хувьцаа эзэмшигч болжээ. “Савада Холдингс” компани ХААН банкан дахь хувьцааныхаа 32 хувийг арилжаалахаар болж, Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” компани авахаар болсон талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаан дээр мэдээлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ч.Хүрэлбаатар “Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг зайлшгүй нягтлах ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй байх. Энэ ажлыг хийх ёстой. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно” гэж хэлсэн билээ.
Тэрбээр мөн Асашёорюү Дагвадорж, "мояачууд", улстөрчид ХААН банкны арилжаанд оролцсон байж болзошгүй талаар нэг бус удаа цахим сүлжээгээр дамжуулан олонд мэдэгдсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Савада Холдингс” компаниас ХААН банкны хувийг худалдаж авах гэж буй гэх Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр “…Татгалзах зүйлгүй” гэсэн хариу илгээсэн" гэж эх сурвалж мэдээлсэн.
“Савада холдингс" компани ХААН банкны өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарсан, Монголбанк эцсийн зөвшөөрөл олгоогүй, мөн 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монголбанкнаас ХААН банк руу "Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК /UBC/-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа гэсэн бичиг илгээсэн" гэх мэдээллүүд цацагдсан билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банканд олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгч, байр сууриа тодорхой илэрхийлэх мэдээлэл материал хангалттай бий. Гэвч Банкны тухай хуульд хяналт шалгалтын зорилгоор цуглуулсан мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах болон мэдээллийн нууцлалтай холбоотой зохицуулалтаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй. Нийтэд нээлттэй байдаг мэдээллийн хүрээнд байр сууриа илэрхийлж болно.
Монголбанк Монгол Улсад үйлчилж буй хуулийн дагуу үйл ажиллагаa эрхэлдэг зохицуулагч байгууллага бөгөөд нотлох баримт, мэдээлэл дээр суурилан дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг. Сургаар, эсвэл таамгаар ажиллаж болохгүй, магадлаж нягтлах, тодотгох асуудлууд байнга гардаг хэдий ч хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд ажилладаг. Харин хуулиас давах, өөрт олгогдоогүй үйл ажиллагаа эрхлэх, харилцаанд орох боломжгүй" гэсэн хариулт өгөв.
Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх хуулиараа боломжгүй юм.
Хэрэв энэхүү заалт ХААН банк дээр зөрчигдвөл “Савада Холдингс”-ийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох эрх Монголбанканд бий.
Эх сурвалжийн мэдээлснээр, ХААН банкны арилжаа "Эрдэнэт үйлдвэр"-ийг худалдаж авсан загварчлалаар явагдаж болзошгүйг зарим хүмүүс эртнээс анхааруулж буй гэнэ.
Дашрамд дурдахад, банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу IPO хийх банкууд хувьцаа эзэмшлийн төвлөрлөө 20 хувь руу буулгаж, хуулийн шаардлага биелүүлэх ёстой. Энэ хүрээнд боловсруулсан төлөвлөгөөн дотор ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хувилбар байж болохыг заасан. Энэ нь олон улсад ч, Монголын компаниудад ч байдаг тогтсон жишиг аж.
Монголбанк банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөг судалж, хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд татгалзах зүйлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлэх аж. Төв банкнаас мэдээлснээр, ХААН банк ажилтнууддаа хувьцааныхаа тодорхой хувийг эзэмшүүлэхээр болжээ. Тус банкны ажиллагсад банкандаа зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болохоор гэрээ хэлцлүүд хийгдэж буй юм байна.
Холбоотой мэдээ