"Инфляци Засгийн газарт ашигтай"

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

"Инфляци Засгийн газарт ашигтай"

"Инфляци Засгийн газарт ашигтай"

Ардчилсан намын  /АН/ дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар өнөөдөр /2022.02.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

 -Цагаан сарын өмнө төсөвт тодотгол хийж тэтгэвэр нэмсэнд талархаж байна. АН тэтгэвэр нэмэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан. Гэхдээ үүн дээр бас хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл байна. Өнгөрсөн 2021 онд инфляци 15 хувьтай гарсан. Тэтгэврийг 15 хувиар нэмсэнээр өнгөрсөн жил оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөнө гэсэн үг. Ер нь сүүлийн жилүүдэд албан ёсны инфляци нийлмэл байдлаар 30-40 хувиар унасан. УИХ-ын гишүүд төсөвт тодотгол хийхдээ инээлдээд инфляци Засгийн газарт ашигтай гэж ярьцгааж байсан. Инфляци далд татварт ордог учраас барааны өссөн үнэд шингэсэн  татвар улсын төсөвт орлого болж орно. Тэгэхээр хөөсөрсөн хулхи төсвөө алдагдал багатай байлгахад инфляци чухал үүрэг гүйцэтгэдэг. Инфляци урт хугацаанд ажилгүйдэл ядуурлыг авчирдаг хамгийн хор уршигтай зүйл. Засгийн газарт ашигтай мөртлөө ард иргэдэд халтай инфляцтай бид хатуу тэмцэх ёстой.

Хөгжлийн банктай холбоотой асуудал олны анхааралд байна. Тус банкийг анх байгуулахдаа эдийн засгийн хатангиршалын эсрэг байгуулсан. Монголын эдийн засаг сүүлийн 10 жил 10 гаруй тэрбум ам.доллар дээр гацчихлаа. Хөгжлийн банкыг эдийн засгийг тэлэх гэж байгуулсан. Гэтэл одоо эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирч байна. Энэ зодоондоо АН-ыг татан оруулж хэрүүлдээ хутгах шаардлаггүй. Зээлдэгч нар дунд ажлын байр бий болгоод эдийн засгийг тэлээд явж байгаа хувийн байгууллага  олон  бий. Бүгдийг нь бас харлуулж болохгүй. Ам.долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээсээ хэд дахин илүү зээлийг эргэн төлөөд алдагдлаа үүрээд явж байгаа зээлдэгч нар ч бий.

Цагаан сарын өмнө Цар тахлын хуулийг 2022 он дуустал сунгасан. Энэ хууль түр батлагдахдаа ганцхан удаа зургаан сараар сунгаж болно гэж заасан. Гэтэл үүнээс хойш хэдэн удаа сунгагдав.

Хуульд зааснаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч тэгдэггүй. Цар тахлаар далимдуулж асар өндөр алдагдалтай төсөв баталдаг. 2020 оны төсөв таван их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Яг цар тахалд зориулсан нь 230 тэрбум төгрөг. Үлдсэн 4.7 их наяд төгрөг нь сонгуулийн сурталчилгаанд явсан. 2022 оны төсөв бас л адилхан. Цар тахлыг далимдуулж төсвийн хулгай гаарч байна.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх  Д.ГАНБАЯР:

-2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуульд "Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Тэгэхээр зэрэг Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан гэсэн үг. Шүүх хяналтын байгууллага ингэтлээ ялзарчээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна. 

Үүнээс гадна Улсын дээд шүүхийн /УДШ/ шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны арванхоёрдугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ шалгаад асуудлыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэг үүсгэхээс татгалзсан. 

Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн /УДШ/  шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна. Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл  УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Х.Сонинбаяр нь УДШ-ийн цахим мэдээллийн санд АН-ын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон.  Энэ нь Монгол улсын шүүхийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн нэг хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасны зөрчсөн тул ШЕЗ-ийн Ёс Зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж, шийдвэрлэх тогтоол гаргасан байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар  сахилгын хэрэг үүсгэх шийдвэрийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан. 

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ гэж мэдэгдээд  дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан. 

АН хоёр дарга, тамгатай дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч огцруулах хүртэл арга хэмжээг авна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж