“Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын мэдээллийг хүргэдэг консорциум”-аас гаргасан судалгаагаар томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг дэлхий даяар байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг ил болгожээ. Люксембургт төвтэй компаниудад томоохон хувьцаа эзэмшдэг нийт 300 орчим хүүхдийн мэдээллийг олж тогтоосны дунд монгол хүүхдийн мэдээлэл байсан нь анхаарал татав. Тодруулбал, Монголын говьд нүүрсний томоохон компанийн хувь эзэмшдэг нэг настай монгол хүүхэд байна гэж уг консорциумаас мэдээлсэн байна.
Монголоос гадна Азербайжан, Мексик, Орос, Итали зэрэг орнуудын хүүхдүүдийн мэдээллийг мөн гаргажээ. Тухайлбал, Азербайжаны элит гэр бүл болох Мамедовынхон баячуудад зориулсан бүх хөнгөлөлтийг эдэлдэг бөгөөд насанд хүрээгүй гурван хүүхэд нь Люксембургт бүртгэлтэй “Canley Finance SA” компанийн эзэд гэв. Энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь хэн болох тухай мэдээлэл олон жилийн турш нууцлагдмал байжээ.
Мөн Мексикийн “Зета” хийн конгломератыг үүсгэн байгуулагч Мигель Сарагоса Фуэнтесийн өсвөр насны охин нь Багамын арал дахь “Texas Gas&Oil” компанийг аавтайгаа хамтран эзэмшдэг ажээ. Мэдээж гэр бүлийн бизнес гэдэг утгаараа хүүхэддээ хувьцаа хөрөнгө өвлүүлж болох ч тухайн компанийг үүсгэн байгуулах үед төрөө ч үгүй байсан хүүхдүүд бас бий юм.
Хэдийгээр Люксембургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус биш ч “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын мэдээллийг хүргэдэг консорциум”-ын мэдээлснээр энэ дунд эцэг эх нь олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно холбоотой насанд хүрээгүй хүүхдүүд багтсан гэв. Тэдний дөрөвний нэг нь эзэмшдэг компаниасаа ч залуухан байжээ.
Ил тод байдлын төлөө тэмцэгч Роман Борисович хэлэхдээ “Нэг настай хүүхэд шийдвэр гаргаж, компани удирдаж чадахгүй. Энэ бол жинхэнэ эзэмшигчдийг нуусан хаалт гэдэг нь ойлгомжтой” гэжээ.
Эх сурвалж: OCCRP
Холбоотой мэдээ