“Тавантолгойн ЦС” дахь популистуудын АШИГ СОНИРХОЛ

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

“Тавантолгойн ЦС” дахь популистуудын АШИГ СОНИРХОЛ

“Тавантолгойн ЦС”  дахь популистуудын АШИГ СОНИРХОЛ

Л.Оюун-Эрдэнийн засгаас зарласан “Шинэ сэргэлт”-ийн зургаан бодлогын нэг нь эрчим хүч. Хэрэглээнийхээ 20 хувийг импортоор хангадаг Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ тоог нэмэгдүүлэх нь үе, үеийн Засгийн газрын бодлого байв. Тэр тусмаа  Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах амбиц  аль эртнийх, хэн нэгэн “эх оронч” саад хийгээгүй бол өдийд хэзээний ашиглалтад орчих байлаа.

Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслолд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгойн цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголд үлдэх болно” гэж байв. Харамсалтай нь, энэ мөнгө Монголд  үлдэх боломжийг гацаасан гол хүн бол  Ц.Даваасүрэн юм. Тэрбээр 2017 онд Эрчим хүчний сайдаар томилогдсоныхоо дараа  Монголын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцлаж, 2019 онд М.Энхсайханы ТЭЗҮ-гээр уг төслийг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр гарч байлаа.

Улсад нэн чухал боловч улстөрчдийн халаасанд ямар ч “ашиггүй” төсөл нурж унадаг олон жишээний нэг нь Тавантолгойн цахилгаан станц. Өнөөдөр ч уг төсөл амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь,  улстөрчдийн ашиг сонирхол уг төслийг унагах магадлал өндөр байна.

Хэдийгээр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан билээ.  Оюутолгойн гүний уурхайн ёслолоос нэг хоногийн дараа. Харин үүнээс долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд Тавантолгойн цахилгаан станцыг барьж, шилжүүлэх тендерийн ялагчийг Тавантолгойн цахилгаан станцын тендерийн комиссоос зарлах ёстой байв. Атал тодорхойгүй шалтгаанаар тендерийн ялагчийн тодруулах хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 14-нд товлосон ч сар шинийн өмнөхөн  ахиад нэг сараар сунгажээ. Иймээс Тавантолгойн цахилгаан станцыг барих тендерт хэний ямар ашиг сонирхол байгаа болохоор ахин, дахин сунгав гэх хардлага гарах нь зүй ёсных.

Барих-шилжүүлэх нөхцөлтэйгээр 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх тендерт Хятадын “Чайна Энерги”, “Повер Чайна нуклери инженеринг  корпорашн”, “TBEA” болог ОХУ-ын нэг компани оролцож байгаа аж. Төслийн санхүүжилт нь 808.2 сая ам.доллар. Төслийн 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах бөгөөд Оюутолгойн ирээдүйн орлогоос төлөх юм.

АНГИЙН НАЙЗУУД БА АШИГ СОНИРХОЛ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Тавантолгой цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн дарга Г.Тулга хоёр нэг ангийн хүүхдүүд.  Сар шинийн өмнөхөн Г.Тулгыг Тавантолгойн цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Тэд өмнө нь нэг бус удаагийн тендер дээр хамтарч ажилласан “Дорнодын цахилгаан станцын өргөтгөл”. Уг тендерт Хятадын “TBEA” шалгаруулсан нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулж, үүний ард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар байгаа гэх хардлага ч дагалдаж байв.

Өөрөөр хэлбэл, Дорнодын цахилгаан станцын 51 мВт өргөтгөл барих тендерт “Чайна Энерги” 74.002.007 сая ам.доллар, “TBEA” 79.488.266 сая ам.долларыг санал болгосон байдаг. Гэтэл тендерийн комиссынхон 5.4 сая ам.доллараар илүү үнэ хэлсэн “TBEA”-г тендерийн ялагчаар сонгосон нь тухайн үед дуулиан болж байсан  “10 сая ам.долларын авлига”-ын асуудалтай холбох хүмүүс ч байв.  Учир нь, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Даваасүрэн нарын хүн гэж яамныхан нь ярилцдаг нь оргүй ч хоосон хардлага биш. Нөгөөтэйгүүр, Дорнодын цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохын ангийн залуу Г.Тулга мөн  ажилласан байдаг.

ХЯТАДЫН  “ТЕВА” БА МОНГОЛЫН УЛСТӨРЧИД

2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нараас 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулианд нэр цохогдож, хардагдаж байсан хүний нэг нь Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн. Уг асуудал тэгсхийгээд намжсан ч Тавантолгой цахилгаан станцын тендертэй зэрэгцээд тэрхүү дуулианд нэр холбогдсон  сайд хэн байсан нь анхаарал татаж байна.

Тавантолгой цахилгаан станцын тендерт оролцож байгаа ТЕВА нь төсөлд тавигдаж буй шаардлага хангахгүй болохыг мэргэжлийн хүмүүс тодотгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, сэрүүн нөхцөлд 450 мВт-ын цахилгаан станцыг барих туршлагатай байх ёстой аж. Гэтэл “ТЕВА” нь цахилгаан станц биш агаарын шугам барьдаг компани юм байна. 2018-2020 онд Эрчим хүчний яамнаас зарласан 120 сая ам.долларын санхүүжилттэй Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 270 км газарт 220 мВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлыг гүйцэтгэж байжээ.

Тавантолгойн цахилгаан станцын тендерийн ялагчийг тодруулах хугацааг удаа дараа хойшлуулах болсон нь ч “ТЕВА”-тай холбоотой байх магадлал өндөр байна.

Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн оролцоотойгоор Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг гацаасны ард  Хятадын “ТЕВА” болон  тэдний хувийн ашиг сонирхол, авлигын асуудал байна уу гэх асуултыг дайя!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж