НЭМЭЛТ:
Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзе яригдаад буй допингийн асуудал дээр анх удаагаа ам нээжээ. Тэрбээр “Би хов жив хөөдөггүй” гэв.
"КАМИЛА ВАЛИЕВА ОЛИМПОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ"
НЭМЭЛТ:
Допингийн шинжилгээнд бүдэрсэн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байгаа Камила Валиева Бээжингийн олимпийг үргэлжлүүлнэ гэдгийг Оросын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдэгдэв.
Тэрбээр "ТАСС" агентлагт өгсөн тодруулгадаа “Камилагийн олимпод оролцох эрхийг нь хасаагүй. Бид олон улсын олимпийн хорооноос албан ёсны тайлбар, мэдэгдэл хүлээж байна. Багийн тэмцээний алтан медалийг хэзээ гардуулах товыг тодорхой болгох хэрэгтэй” гэжээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 15-нд, чөлөөт үзүүлбэр хоёрдугаар сарын 17-ны өдөр болно.
КАМИЛА ВАЛИЕВА ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРСЭН ҮҮ?
Бээжин-2022 өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртсэн билээ. Гэвч тэдний медалийг одоог хүртэл гардуулаагүй байгаа аж. Учрыг тодруулбал, ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооны зүгээс энэхүү саатал нь хууль эрх зүйн асуудлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ олимпоор үзэгчдийг байлдан дагуулж буй 15 настай Орос охин Камила Валиева олимпийн өмнө допингийн шинжилгээнд хамрагдсан болохыг мэдэгджээ.
Оросын баг алтан медаль хүртэхэд Валиевагийн үүрэг оролцоо их байсан бөгөөд тэрбээр эмэгтэй ганцаарчилсан төрөлд дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэж, энэ техникийг олимпийн мөсөн талбайд амилуулсан анхны эмэгтэй тамирчин болсон.
Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Камила Валиева допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Түүнээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрчээ. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж. Оросын олимпийн хороо болон олон улсын олимпийн хороо одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина ТАСС агентлагт өчигдөр/2022.02.09/ өгсөн тайлбартаа “Бид албан ёсны мэдээлэл хүлээж байна. Маргааш гэхэд ирчих байх” гэв.
ITA буюу Олон улсын шинжилгээний агентлаг одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Камила Валиева аврах ганц шалтгаан нь тэр 16 нас хүрээгүй. Тэгэхээр дүрмийнхээ дагуу түүнийг допингийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Уран гулгалтын хосын төрлөөр олимпийн аварга болж байсан Оросын Татьяна Волосожар өөрийн цахим хуудаснаа “#Iwillneverbelieve” буюу “Би хэзээ ч итгэхгүй” давалгааг үүсгээд байна. Орос улс төрийн дэмжлэгтэйгээр тамирчдаа допингоор хангадаг, тэдний хариуг нуудаг, өөрчилдөг хэмээн буруутгагдаж, тамирчид нь улсынхаа туг далбаа, төрийн дууллыг ашиглах эрхгүй болсон билээ. Камила Валиева энэ удаагийн олимпийн гол фаворитуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр эхэлнэ. Тэр болтол дээрх хэрэг шийдэгдэх биз ээ.
Холбоотой мэдээ