Шувууны үүрэн дэх олимп "Маэстро"

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС - Бээжин 2022

Шувууны үүрэн дэх олимп "Маэстро"

Шувууны үүрэн дэх олимп "Маэстро"

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Бээжин-2008 зуны болон Бээжин-2022 өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолыг найруулсан Хятадын найруулагч, продюсер, зохиолч Жан Имоуг онцолж байна. “Шанхайн гурвал”, “Гэртээ хүрэх зам”, “Баатар”, “Нисдэг хутгын бүлгэм”, “Алтан цэцгийн хараал”, Улаан дэнлүү асаа” зэрэг гайхалтай дэлгэцийн бүтээлүүдийг амилуулсан тэрбээр өвөл, зуны олимпийн нээлт, хаалтыг найруулсан анхны хүн болсон юм.


ЦУСАА ЗАРЖ, КАМЕР АВСАН НЬ

Жан Имоугийн аав арьс өнгөний эмч байсан төдийгүй Чан Кайшигийн удирдлага дор үндэсний хувьсгалт армийн офицер байжээ. Харин ээж нь Шианы анагаахын их сургуулийг төгссөн эмч хүн байсан аж. 1949 онд Мао Зе Дуны Хятадын коммунист намын цэргийн хүч үндэсний хувьсгалт армийг үндсэндээ ялж,  Жан Имоугийн гэр бүл их зовлон үзэх болсон гэнэ. Арми нь ялагдсан учир Жан Имоугийн ах, авга нар Тайвань руу зугтааж, гэр бүлийнх нь үлдсэн гишүүд дарамт шахалт, хавчин гадуурхалтыг мэдэрч байв.

1951 онд Шэньси мужийн Шиань хотод төрсөн хуучин Гоминданы армийн офицерын хүү бага наснаасаа хар ажилд нухлагдаж, эхлээд гурван жил фермд дараа нь долоон жил хөвөн даавууны үйлдвэрт ажилласан. Тэрбээр бага сургуульд байхдаа үеэл охиноо даган уран зураг, гэрэл зургийг сонирхож, хожим нь анхны "Seagull 4A" камераа худалдаж авахын тулд сарын 30 юанийн цалингаа өөрөөсөө харамлан цуглуулж, нэмээд цусаа зарж байжээ.

Түүнийг аавтайгаа дэндүү адилхан гэж ярьдаг бөгөөд аав, хүү хоёр өдөржин гэртээ ном, сонин уншиж цагийг өнгөрүүлдэг байсан гэнэ. Жан багаасаа гэр бүлийнхээ ганц итгэл найдвар гэдгээ мэддэг байсан. Түүний хоёр дүү болох Жан Вэймоу бэлгийн миопи ихтэй төрсөн бол хамгийн бага дүү Жан Чимоу багадаа хүндээр өвдөж, антибиотик их хэрэглэснээс болж зүүн чих нь дүлий болжээ. Жан Сяояү нэгэн удаа хүүдээ хандан "Имоу чи бол манай гэр бүлийн ганц найдвар. Чи үргэлж хоёр дүүгээ анхаарч, халамжлах ёстой шүү" хэмээн захисан аж.

ТАВ ДАХЬ ҮЕИЙН НАЙРУУЛАГЧ

1976 онд Мао Зе Дун нас барсны дараа Хятадын соёлын хувьсгалын хязгаарлалт багасч, Бээжингийн кино академи дахин үүд хаалгаа нээв. Кино урлаг, гэрэл зурагт гүн дурласан Жан 27 насандаа кино академид элсэх хүсэлтээ гаргасан ч элсэлтийн журманд заасан насны хязгаарыг давсан байжээ. Гэвч тэр бууж өгсөнгүй.

Соёлын яаман дээрээ биечлэн очиж, гэрэл зургийнхаа цомгийг үзүүлж, авьяастай гэдгээ харуулсан гэдэг. Эрх баригчид, дарга нар ч түүний ур чадварыг үнэлэн кино урлагийн факультетэд элсүүлсэн байна.

Жан Имоу 1982 онд их сургуулиа төгссөн бөгөөд түүнтэй хамт Чен Кайгө, Тянь Жуанжуан, Жан Жуньжао зэрэг Хятадын тав дахь үеийн уран бүтээлчид бэлтгэгдэн гарчээ. Тэрбээр ангийнхныхаа адилаар хөдөө нутгийн жижиг студи руу хуваарилагдаж, Гуанши хотод зураглаачаар ажиллаж эхэлсэн. Найруулагчийн туслах, зураглаачаар ажлын гараагаа эхэлсэн залуу хүү Хятад улс соёлын хувьсгалын дараагаар найруулагчийн хомсдолд орсныг анзаарч, кино найруулах зөвшөөрөл авч чадав.

Жан Имоу 1984 онд  Жан Жүнжаогийн " Нэг ба найм " болон 1984 онд Чен Кайгэгийн " Шар дэлхий " кинонд тус тус зураглаачаар ажилласан. Үүнээс жилийн дараа төрөлх Шиань хотдоо эргэн ирж, 1987 онд нээлтээ найруулагч Ву Тианмины " Хуучин худаг " киноны зураглаач, гол дүрд ажиллаж, тус кинонд бүтээсэн дүрээрээ Токиогийн олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн түүхтэй.

“Шар дэлхий” киног Хятадын тав дахь үеийн найруулагчдын нээлтийн кино гэж үздэг.

ХЯТАДЫН КИНО УРЛАГИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН ЭРХЭМ

Жан Имоу найруулагчийн анхны бүтээл нь 1987 онд дэлгэцнээ гарсан “Улаан тутарга”. Мо Яны зохиолоос сэдэвлэсэн “Улаан тутарга” кино нь Хятадын кино урлагийн тав дахь үеийг төлөөлж чадахуйц цөөн шилдэг бүтээлийн нэг гэгддэг. Мөн Жан Имоугийн хэв маягийг дэлхийд таниулсан юм. 1994 онд туурвисан “Амьдрахын төлөө” кино нь ч мөн анхны бүтээлийнх нь адилаар 20 дугаар зууны Хятадын эгэл түмний зовлон зүдгүүрт амьдралын хүнд хүчир, түүний дундах өчүүхэн ч болов гэрэл гэгээ, аз жаргалын амтыг шигтгэсэн бүтээлүүд байв.

“Амьдрахын төлөө” киног Хятадын коммунист засгийн газрын янз бүрийн бодлого, кампанит ажлыг шүүмжилсэн хэмээн тус улсад гаргахыг нь хориглосон.

To Live

Түүний “Улаан дэнлүү асаа”, “Улаан тутарга”, “Цю Жюгийн зарга” “Амьдрахын төлөө” зэрэг кино нь орчин цагийн Хятадын түүхийг өгүүлэх бол харьцангуй сүүлд бүтээсэн “Баатар” /2002/, “Нисдэг хутганы бүлгэм” /2004/ киноноос тулааны урлагийн гайхамшгийг мэдэрнэ.

“Баатар” кино АНУ-ын бокс оффисыг тэргүүлсэн гадаад хэл дээрх цөөн хэдэн кинонуудын нэг болсон.

Hero

Жан Имоугийн кинонуудыг хүмүүс хүлээн авах нь янз бүр. Зарим шүүмжлэгчид түүний гайхалтай гоо зүй, барууны урлагийн зах зээлд нэвтрэх чадварыг магтан сайшааж байдаг бол Хятад гаралтай зарим шүүмжлэгчид Жаныг барууны үзэгчдэд хандаж, Хятадыг сул дорой, чамин, эмзэг гэж дүрсэлсэн гэж зэмлэдэг.

Curse of the Golden Flower

ГАЙХАЛТАЙ ОЛИМПИЙН НЭЭЛТ ХИЙМЭЭР БАЙГАА БОЛ ТҮҮНТЭЙ ХОЛБОГД

Таны амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай олимпийн нээлт аль нь вэ? Мэдээж, 2008 оных гэх нь лавтай. 15 мянган уран бүтээлчид дөрвөн цагийн турш Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд эх орныхоо түүх, өв соёл, уламжлал, зан заншлыг цогцоор нь харуулж чадсан. 2008 бөмбөрчин нэг хүн шиг хөдөлж, LED дэлгэц, гэрлийн шоугоор “зодож”, олимпийн таван цагираг үлгэрийн мэт агаарт хөвж, Ли Нин сансарт байгаа адил жингүйдэж, галт бамбарыг асааж байлаа.

2008 оны олимпийн талаар Жан Имоу “Тухайн олимп манай улс дэлхий нийтэд өөрсдийгөө харуулах сайхан боломж байсан. Үнэндээ бидэнд дэлхий нийтэд харуулахыг хүссэн 5000 жилийн түүх бий. Бидний соёл иргэншил, түүх, хэрхэн өнөөдрийн түвшинд хүрсэн тухай дэлхий нийтэд харуулахыг хүссэн” гэжээ. Угтаа Бээжин-2008 олимп түүний ажилласан анхны олимп биш. Тэрбээр 2004 оны Афины олимпийн хаалтын ёслолын Бээжингийн хэсгийг найруулсан.

“Time” сэтгүүлээс тодруулсан 2008 оны онцлох хүнээр АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон Барак Обама тодорч, түүний араас Жан Имоу удаалж байв.

2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Жан Имоу дахин нэг удаа олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулахаар сонгогдсон. Гэхдээ энэ удаад илүү бага зардлаар, гурван мянган уран бүтээлч, 100 гаруй минутын хөтөлбөр боловсруулжээ. Өвлийн олимпийн нээлтийн талаар Жан “Одоо бол өөр болсон. Хятад улсын дэлхийд эзлэх байр суурь, хятадуудын дүр төрх, бидний статусын өсөлт гээд бүх зүйл өөр болсон. Энэ олимп 100 гаруй жилийн түүхэнд байгаагүй шинэлэг байх болно” хэмээн ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, Жан Имоу Хятадын нэг хүүхэд бодлогыг үл тоон дөрвөн эмэгтэйгээс долоон хүүхэдтэй болж, нэг хэсэг хэл ам дагуулсан. Тэрбээр үүнийхээ төлөө нийтдээ 1.2 сая ам.доллараар торгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж