Криптовалют ба терроризмын санхүүжилт

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Криптовалют ба терроризмын санхүүжилт

Криптовалют ба терроризмын санхүүжилт

Азийн олон оронд криптовалютын зохицуулалтаас болж багагүй асуудал үүсч байсан бөгөөд одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал криптовалют нь орон нутгийн террорист бүлгэмүүдийг татах таатай хэрэгсэл болдог ажээ.

Сүүлийн үед хүмүүс криптовалютыг санхүүгийн гүйлгээний ирээдүй гэж харах болсон. Криптовалюын өсөлт, хөгжлийн төлөв илэрхий харагдаж буй хэдий ч үүнийг гэмт хэрэгт ашиглах боломжийн тухай асуудал зайлшгүй хамт яригдана. Дэлхийн хэд хэдэн орон “ФАТФ” буюу “Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага”-аас  2020 онд стандартчилсан удирдамжийн дагуу крипто шилжүүлгийг зохицуулах арга хэмжээ авч, виртуал хөрөнгийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйлдлээс хамгаалсан. Гэвч нөгөө талд Азийн олон орнууд, тэр дундаа терроризмд өртөж байсан түүхтэй улсууд энэ талаар мэдлэг мэдээлэл хомс, хоцрогдолтой байгаа нь криптогийн аюулыг улам нэмэгдүүлж байна.

Жишээлбэл, Индонези улс ажигласан байр суурьтай, удирдамжийг хэрэгжүүлэх оролдлого огт гаргаагүй. Мөн Филиппин улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тогтолцооныхоо дутагдалтай байдлаас шалтгаалаад “ФАТФ”-ын саарал жагсаалтад ороход тун ойрхон байна. Хамгийн гол нь эдгээр орнууд криптовалютаас илүү уламжлалт санхүүжилтийн сувгуудыг хянахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Энэ нь улс төрийн асар том ашиг сонирхлын зөрчил байгааг илэрхийлнэ. Индонезийн хувьд криптовалют нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч тус улсын шинээр хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын тухай хуулинд энэ талаар огт тусгагдаагүй байна. Филиппинд 2019-2020 оны хооронд 1.77 сая песогийн үнэ бүхий сэжигтэй виртуал гүйлгээ хийжээ. Энэхүү гүйлгээ нь тус улсын Мөнгө угаахтай тэмцэх зөвлөлийн 2021 оны Терроризм, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээнд дурдагдсан байна.

Тэгвэл террорист бүлгүүд яагаад дижитал валютыг үйл ажиллагааны стратегидээ ашиглаж байна вэ? Хэдийгээр энэ талаар ном товхимол байхгүй ч тэдний оршин тогтнох үндсийг үнэлсэн бодлого боловсруулагчдын дүн шинжилгээ бий. Террорист байгууллагууд ихэнхдээ төвлөрсөн шийдвэр гаргалт, төвлөрсөн бус гүйцэтгэлтэй байдаг. Энэ нь террорист бүлэглэлүүдийн стратегийн аливаа шинэчлэлийг удирдлагын дээд түвшний хүмүүс боловсруулдаг гэсэн үг юм. Дээд түвшиндээ шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэлтийг доод түвшний гишүүд хариуцдаг.

1990-ээд оны сүүл үеэс ихэнх үндэстэн дамнасан террорист сүлжээнүүд үүрэг хариуцлагаа хувааж, үүгээрээ орон нутгийн бүлгүүдэд чиглэсэн алсын харааг тодорхойлсон боловч үйл ажиллагааны стратеги нь удирдагчдынх нь гарт байдаг. Жижиг бүлэглэлүүд нь үндэстэн дамнасан төв оффисоосоо гарааны болон жил тутмын хуваарьт санхүүжилтээ авдаг. Уламжлалт санхүүгийн сувгаар хандив мөнгө босгоход хатуу хяналт тавигддаг байсан тул баригдах вий гэсэн айдастай байх нь ойлгомжтой.

Тэд үйл ажиллагааны санхүүжилтэндээ криптовалютыг ашигласнаар хөрш зэргэлдээ бүс нутгууд руу цар хүрээгээ тэлэх боломжтой болдог. Тухайлбал, бусад бүс нутаг дахь бүлгэмүүдэд санхүүг хурдан хуваарилах, гишүүн элсүүлэх ажлыг хөнгөвчлөх зэрэг давуу талтай. Ийнхүү террорист бүлэглэлүүд уламжлалт цэргийн тактикаас татгазаж, оронд нь бүс нутаг тус бүрээр нь үйл ажиллагаагаа төлөвлөж, зохион байгуулах эрх мэдлийг өөрсдөд нь олгох болсон.

Исламын улсын дэмжлэгтэй хийсэн хамгийн анхны криптовалютын гүйлгээ 2020 оны тавдугаар сард байсан гэж Филиппиний Энх тайван, хүчирхийлэл, терроризмын судалгааны хүрээлэнгээс мэдэгдэж байв. Энэхүү виртуал хөрөнгийг тухайн үед Филиппиний өмнөд хэсэгт орших мөргөлдөөн ихтэй Минданао мужид үйл ажиллагаа явуулахад зарцуулжээ.

Терроризмаас гадна мэдээж хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон хүмүүс хууль хяналтын байгууллагын шалгалтаас зайлсхийж, виртуал орлогоо угаах шинэ талбар нь криптовалют болно.

Бидний таамаглаж байгаагаар терроризмыг санхүүжүүлэх уламжлалт тогтолцоо цаашид оршин тогтносоор л байх болно. Мөрдөж мөшгих боломжгүй криптовалютын гүйлгээ нь төрийн аппаратын оролцоо, хяналтгүйгээр явагдах хамгийн том давуу талтай.

Терроризмыг санхүүжүүлэх нь терроризмын үйл ажиллагааны эдийн засгийн үндэс, террорист байгууллагуудын амин сүнс юм. Сүүлийн жилүүдэд террорист бүлэглэлүүд уламжлалт аргаар хөрөнгө босгох аргад тулгуурлан үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд криптовалют ашиглах болсон. Криптовалютын нэрээ нууцлах нь террористуудын сонирхлыг татдаг боловч одоогоор хэрэглээ нь харьцангуй бага түвшинд байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж