“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний, Жамьян гүний гудамж буюу “Blue Sky” урд талд байрлалтай хоёр жишиг гудамж бий. Энэ өвөл “Өглөөний гудамж” төслийг үргэлжлүүлнэ гэж байсан ч түр хугацаанд хойшилжээ. Тэгвэл хэзээнээс өглөөний гудамжийг дахин байгуулах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.
Нийт гурван газарт жишиг гудамж бий болгох төслийн ажил эхний ээлжийг хийж байгаа. Төлөвлөгөөний дагуу жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоно. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллах зохицуулалтыг хийж байсан. Уг нь энэ өвөл улирлын чанартай “Өвлийн өглөөний гудамж”-ийг байгуулах төлөвлөгөөтэй байсан ч түр хугацаанд хойшилсон.
Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшилсон. Гэхдээ энэ онд багтаж ашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийнэ.
Зөвхөн зуны дэлгэр цагт ч биш өвлийн улиралд ч иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой төсөл хэрэгжиж байгаа. Есдүгээр сард нээсэн Жамьян-Гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06.00-09.00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж Баасан, Бямба, Ням гаригийн оройн 20.00-00.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар тооцсон. Тохижилт дуусч, нээсний дараа цагийн хуваарь болон бусад давуу талуудыг дурдах нь зүйтэй байх гэдэг тайлбарыг өглөө. Ирэх жилүүдэд энэ төсөл дүүрэгт бүрд хэрэгжих аж. Мөн улирлын зохицуулалттай зарим өөрчлөлт орохыг ч онцоллоо.
Ямартай ч иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртсэн. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс уриалж байна. Дулаарахаар гурав дахь гудамжийг нээж, дараагийн байршлуудад жишиг гудамжны ажлыг эхлүүлнэ.
Холбоотой мэдээ