Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тусгай чиг үүргийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлэх камер, авто замын хяналтын камерын засвар, арчлалт хийхэд зориулсан хүн өргөгч цамхагтай тусгай зориулалтын автомашин юм.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буй 400 гаруй гадна төхөөрөмж болон 130 км шилэн кабелийг хариуцан ажилладаг байна. Улмаар жилд 1000 гаруй дуудлага мэдээллийн дагуу дээрх төхөөрөмж, кабелийн арчлалтыг хийдэг аж. Харин 2010 оноос хойш тусгай чиг үүргийн нэг автомашинаар дуудлага мэдээллийн дагуу ажиллаж ирсэн байна.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Захиргаа, Хөдөлгөөн зохицуулалт хариуцсан Орлогч дарга Л.Батцоож энэ үеэр “Өнөөдрөөс эхлэн засвар, үйлчилгээний гүйцэтгэлийн хурд хоёр дахин нэмэгдэж байна. Улмаар энэ хэмжээгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ