Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу?

Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу?

-Өнөөдрийн Улаанбаатарын гацаа нь Нью-Йорк шиг дээр дээрээсээ давхарласан өндөр барилгууд, хорооллууд сүндэрлүүлсэн мөртлөө баруун эргийнхэн шиг бүх айл өрх нь автомашин эзэмшиж байгаад л оршино. Зүй нь бид өнөөдрийн Улаанбаатар шиг төлөвлөлттэй хотод метрогоор зорчих ёстой байх нь. Бидний хэв маяг, хот төлөвлөлт хоёр эндээс л зөрчилдөөд эхэлжээ гэсэн үг-

З.Боргилмаа

Монгол гэдэг нүүдэлчин үндэстэн түүхэндээ анх удаа аварга том, асар олуулаа хамтдаа амьдардаг хотыг бий болгоод байгаа нь өнөөгийн Улаанбаатар билээ. Хотын асуудал нь яг үүндээ л байгаа хэрэг. Үүндээ гэдэг нь анх удаа, аварга том, асар олуулаа гэдэгт…

Ер ийм анх удаа нүүр тулж байгаа асар төвөгтэй асуудлыг яаж шийдэж, яаж авч явдаг юм бол гэж?

Ямартай ч яг одоогийн байдлаар бол бидний том хотоос бид өөрсдөө л “аз жаргалаа” хайж олж авахгүй л юм бол алган дээр өөрөө өнхрөөд буугаад ирдэг алим шиг бэлэн “аз жаргал” гэж бараг л үгүй… Гэхдээ л энэ хотоосоо нүүгээд явж чадахгүй. Олуулаа учраас түгжирнэ, түгжрэлтэй учраас бухимдана. Түлээ нүүрсээр галлана, гал түлэх учир гадаа утаатай… Айл өрхүүд гэр гэртээ жаргалтай байж болох ч гараад л явахын цагт дундын эзэмшлийн юм бүхэн дээрээ сэтгэл дундуур.

Ер буруу төлөвлөсөн хот юм уу, эсвэл бүр төлөвлөлтгүй хот юм уу? Ямар нэг асуудал энд яах аргагүй байна. Чухам ямар асуудал байна вэ?

Хот төлөвлөлт гээд ярихаар ямар ч дарга, мэргэжилтэн дараах хэдэн хүчин зүйлийг ярьдгийг анзаарна. Газар, барилга, зам, дэд бүтэц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хүн ам, мөнгө гээд “объектив”зүйлс, цаашлаад төлөвлөгөө, тогтолцоо, удирдлага, хууль, менежмент, ажлын байр гээд субъектив хүчин зүйлсээр хотыг тодорхойлон төлөвлөж иржээ. Энэ дунд ХҮН хэмээх хамгийн гол зүйлийг мартсан. Аливаа асуудлын шийдлийг гаргахдаа гол төвд хүнийг тавьж чаддаггүй нь бидний, магадгүй монгол төрийн хамгийн том алдаа.

Хүн, энэ нь монгол хүн гэж үзвэл монголчуудын сэтгэлгээний онцлог нь юу юм бэ. Хорьдугаар зууны босгоор хөдсөн дээлтэйгээ хөл нүцгэн орж ирсэн монголчууд энэ зуун жилд юугаараа өөрчлөгдөж, юугаараа эс өөрчлөгдсөн юм бэ. Бидний оршихуйн мөн чанарт хэдэн мянган жилээр гүн бат суусан сэтгэлгээ, сэтгэхүйн онцлог, амьдралын философи юу юм бэ гэдгийг анхны хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд гаргаж өгсөн орос ах нараас эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч бодож тооцоолоогүйгээс бүх алдааны суурь бүтсэн гэлтэй.

Хүн ба амьтны байгалийн мөн чанар ер нь асар урт удаан хугацаанд өөрчлөгдөх тийм зүй тогтолтой. Хүн хүн болтлоо хэдэн зуун мянган жилийг туулж байж энэ хүрсэн. Тэр биологийн настай харьцуулахад бидний сүүлийн 100 жил хормын төдий. Энэ зуурт нүүдэлчин монголчуудын зөн сэрэхүйгээр аргалын утаа, хомоол бууцны үнэр, хурдан морины дэл хийсэн алга болоогүй. Товчхондоо бол бид энэ том хотдоо нүүдэлчний хэв маягаар амьдраад байх шиг. Үүний нэг илрэл нь хүн бүр хувийн машин унах хүсэл эрмэлзэл. Хүлгийн нуруун дээр өссөн гэж үздэг монгол хүнд холыг туулах хөлөг хэрэгтэй.   Айл бүр машинтай.  Эхнэр, нөхөр хоёр тус тусдаа машинтай. Тэд дугаарын хязгаарлалттай өдөр ч ганц ганцаараа такси л барина. Нийтийн тээвэр манайхны сэтгэлгээнд суутлаа удах болов уу.

Ийм хэв маягийг эрхэмлэх бидний зөн сэрэхүй өнөөдрийн түгжрэлтэй Улаанбаатарыг бий болгосон нэг хүчин зүйл. Хэрэв хот төлөвлөлтийн төвд хүнийг, монгол хүнийг аваачиж тавьсан бол чухам ямар төлөвлөлтийг хийх байсан гээч?! Үүнд хариулахаас өмнө Америкийн хот байгуулалтын түүхээс энд шигтгэе.

Нью-Йорк хотын төлөвлөлтийг метроны компани хийж гүйцэтгэжээ. Тэдний хот төлөвлөлтийн төвд метрогоо тавьсан. Энэ хотын хүмүүсийг метронд л суулгах ёстой гэсэн концепцоор хотыг төлөвлөжээ. Тийм учраас эндхийн оршин суугчдыг хүн нэг бүр нь машин унаад байх боломжгүйгээр төлөвлөсөн хэрэг. Үүний тулд барилгууд нь өндөр давхарласан, өөр хоорондоо бөөрөөрөө нийлж, мөрөөрөө түшилцсэн, гражгүй, гаднаа зогсоолгүй байх хэрэгтэй. Авто зам нь арай нарийн байх ёстой… Ямартай ч нью-йоркчуудын машины орон зайг тавьж өгөөгүй хэрэг. Түүний оронд метроны маш найдвартай сүлжээг тавьж өгөх ёстой. Метро байхад машин хэрэггүй байхаар бүх төлөвлөлтийг хийжээ. Харин Америкийн баруун эргийн хотуудыг автомашины үйлдвэрлэгчид хийжээ. Тэдний сонирхол юу байсан гэхээр айл болгон автомашин авч унах ёстой. Тийм учраас хот төлөвлөлтийг нь үүнд нийцүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл айл болгонд машины граж хэрэгтэй. Ажил, гэрийн хооронд америкчууд машинаар зорчих тул авто зам дээр түгжрэл үүсэхгүйгээр шийдэж, таваас зургаан эгнээ зам тавих ёстой болов. Хот төлөвлөлтийн үндсэн концепц нь тэр хотод хэн амьдрах вэ, амьдралын хэв маяг нь ямар байх вэ гэдгийг эхлээд бодож, дараа нь түүнд нь нийцүүлэн газраа төлөвлөж дэд бүтцээ байгуулдаг байх нь!

Харин өнөөдрийн Улаанбаатарын гацаа нь Нью-Йорк шиг дээр дээрээсээ давхарласан өндөр барилгууд, хорооллууд сүндэрлүүлсэн мөртлөө баруун эргийн хэн шиг бүх айл өрх нь автомашин эзэмшиж байгаад л оршино. Зүй нь бид өнөөдрийн Улаанбаатар шиг төлөвлөлттэй хотод метрогоор зорчих ёстой байх нь. Бидний хэв маяг, хот төлөвлөлт хоёр эндээс л зөрчилдөөд эхэлжээ гэсэн үг.

Цаашид яах вэ?

Цаашид хот төлөвлөлтийн бодлогоо залруулах нь гарцаагүй. Тэгэхдээ тэр хотод хэн амьдрах, яаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй, хэв маяг нь юу болохыг эхлээд тодорхойлохгүйгээр дагуул хотын тухай, дэд бүтцийн тухай, төсөв мөнгөний тухай ярих хэрэггүй. Одоо нэг асуулт. Монголчууд ямар хэв маягийг эрмэлзэж байна вэ?

Монголчуудын уламжлалт эсгий гэр нүүдэлд зохицсон, зөөврийн зориулалттай хамгийн авсаар сууц юм. Нүүлгээд барьчихдаг энэ сууц Улаанбаатар хотын суурьшлын бүсийг уул дамнан тэлэхэд нөлөөлсөн хурдасгуур мөн.

Гэвч судалгаанаас харвал гэр хороололд амьдардаг өрхийн тооны өсөлт жилд 0.6 хувь байгаа бол орон сууцны өрхийн тоо жилд 15 орчим хувиар өсөж байна.

Мөн орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа иргэдийн 88 хувь нь нягтшил багатай орчныг сонирхож байна. Мөд дөө өөрчлөгдөхгүй нэг хүчин зүйл гэвэл айл өрх бүр хувийн машинаа гээхгүй гэдгийг санаарай. Нэг үгээр бол шинэ баригдах хорооллын төлөвлөлт нь өрх бүрд гарааш, эсвэл гаднах зогсоолыг төлөвлөх, хамгийн гол нь авто замын сүлжээ, төлөвлөлтийг нь үүнд нийцүүлэх ёстой болно. Улаан-баатарчуудын 15 хувь нь ажил уруугаа алхаж очдог бол 19 хувь нь ажилдаа автобусаар явж, 66 хувь нь автомашинаараа ажилдаа хүрдэг байх юм. Мөн нийслэлчүүдийн 59 хувь нь хүүхдээ сургуульд машинаар хүргэдэг, 48 хувь нь цэцэрлэг рүү нь машинаар зөөж байна.

/Эндээс харахад гэрийн ойр сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйгээс маш их зөөвөр хийж байгаа нь ойлгогдоно. Тиймээс хот төлөвлөлтийн нэг хэсэг нь хороолол, хотхонд ойр сургууль, тэгэхдээ сайн сургууль./

Монголчуудын амьдралын хэв маягт “цөөн ам бүл” гэдэг тодотгол нэмэгдэж байна. Нэг монгол өрхийн дундаж хүн амын тоо тэртээ 1990 онд 5.1 байсан бол 2000 онд 4.6, 2019 онд 3.6 болов. Үүнтэй зэрэгцээд хотын өрх айлууд хүүхдүүд нь тус тусдаа өрөөтэй орон байрыг эрмэлзэж эхлэв. Мөн ажлын өрөөтэй, хувцасны өрөөтэй байх ёстой гэх мэт…

Апартмент орон сууцанд амьдрах ч давхартаа цөөн айлтай байхыг хүсэж байна. Орон сууцны иргэд дараагийн орон сууцны худалдан авалт хийхдээ гол шалтгаанаа “өрөөнийхөө тоог нэмэхийн тулд” хэмээн тайлбарлаж байна.

Дээрх судалгааны дүнг нэгтгээд харвал нийслэл хот маань цөөн ам бүл бүхий өрхүүдээс бүрдэж, тэдгээр өрхүүд нь том талбай олон /3-4 өрөө/ өрөө бүхий цөөхөн айлтай орон сууцанд нягтаршил багатай орчинд амьдрахыг хүсэж байна. Энэхүү хэв маяг, хүсэл сонирхолд нь нийцсэн концепц бүхий хот төлөвлөлтийг цаг үе шаардах болно.

Тэгэхгүйгээр дулаан шугам, инженерийн дэд бүтцийн боломж гэдэг ч юм уу, өнөө л өөрчилж болох объектив зүйлсдээ нийцүүлсэн, бага зайнд олон байр бариад аль болох жижиг талбай бүхий олон айлыг багтаах, шавааралдуулах, тэр хэрээр замын бөглөрөө түгжрэл нэмэх төлөвлөлт цаашид бүтэшгүй болж байна. Тэлэх хэрэгтэй, гэхдээ тэр шийдэл нь дагуул хот гэдэг хоёрхон үгээр төлөвлөгдөх ёсгүй. Дахиад тэр дагуул хотуудаа Улаанбаатарыг жижгэрүүлсэн хувилбар болгож хэрэггүй.

Эцэст нь санаагаа нэгтгээд хэлэхэд бидний нийслэл хот бол хүмүүсийнхээ хүсэл сонирхол, хөгжил, хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн хот огтоос биш. Харин ашгийн сонирхол бүхий газар олголт дээр суурилсан, дарга нар нь бодлогогүй, чадваргүй, чадавхгүйн илэрхийлэл болж тэртээх зуундаа үлдэн хоцорсон жаахан дэд бүтэц, шугам сүлжээ, нөөцдөө тааруулан төлөвлөсөн харгис хот юм. Хотоо бид өөрсдөдөө нийцүүлэн төлөвлөж чадсангүй, харин хотдоо тааруулан амьдралаа зохион байгуулдаг үндэстэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж