Дэлхий технологид мөнгө зарцуулж байна, харин бид!

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Дэлхий технологид мөнгө зарцуулж байна, харин бид!

Дэлхий технологид мөнгө зарцуулж байна, харин бид!

Техник технологийн салбар сар жилээр биш цаг минутаар хөгжиж байна. Тэр хэрээр эрэлттэй мэргэжлийн салбарууд хүртэл өөрчлөгдөж буй. Хуучин цагт хуульч, эмч гэх мэт мэргэжлүүд хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай ажилд тооцогдож байсан. Гэтэл одоо үед  IT-гийн салбарын мэргэжилтэн, автоматажсан системийн технологич, интернет зар сурталчилгааны менежер, 3D дизайнер гэх мэт мэдээллийн технологид суурилсан мэргэжлүүд хамгийн эрэлттэй байна.  Цар тахлын нөхцөл байдал энэхүү салбарын эрэлт хэрэгцээг улам ахиуллаа. Танхимын хичээл, ажлын ярилцлага, хурал зөвлөгөөнийг цахимаар цаг алдалгүй явуулах боломжтойг бид сайтар ойлгосон.

Манай улс ч  энэхүү жишгийн дагуу Teams, Zoom, Viber, Google meeting гэх мэт  программуудтай хоёр жил "ноцолдлоо". Ололт амжилт нь харин тааруухан.

“Оюутан суралцагчдын хичээлийн хоцрогдол их, цахим хичээлийн үр дүн тааруу хөдөөний хүүхдүүд цахим хичээлд хамрагдах боломжгүй байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь багш сурагчдын ахим сургалтад хэрэглэж буй программыг хэрэглэх чадвар сул байсан” гэж салбарын сайд Л. Энх-Амгалан ярьсан.  Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн мэдээлэл технологийн сургалтын хөтөлбөр мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээллийн нэгдсэн боловсруулалт компьютерын системийн үндэс, мультмедиа, өгөгдлийн сангийн үндсэн, программчлалын үндэс, мэдээллийн системийн үндэс гэсэн долоон бүлэг сэдэвтэйгээр боловсруулдаг.

Гэвч сурагчид мэдээлэл холбоо харилцааны технологийн суурь мэдлэг, хэрэглээний чадварыг эзэмшиж  байгаа эсэх нь эргэлзээтэй. Алслагдсан аймаг сумдын хүүхдүүдэд компьютер лабораторийн хүрэлцээ хангалттай биш. Дөнгөж их сургуульд элсэн орж буй зарим оюутнууд мэйл хаяг ашиглаж мэдэхгүй орж ирж байх жишээтэй. Нийслэлд суралцаж буй хүүхдүүдийн хувьд байдал эсрэгээрээ ч тэд хэрэглээний программ, цахим сургалтын хэрэгслүүдийн талаарх ойлголт хангалтгүй байдаг.

Мэдээлэл зүйн хичээлийн үр өгөөж, хэрхэн хичээлд оролцдог талаар сурагчдаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа мэдээлэл зүйн хичээлд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Ихэвчлэн Word дээр ямар ч хамаагүй текст шивүүлэх, хуучирсан программууд дээр ажиллуулдаг байсан”-ыг онцлов.  Мөн “Зарим багш сурагчдадаа дуртай юмаа хий гээд орхидог. Мэдээлэл зүйн хичээлийн цагаараа компьютер тоглох, кино үзэх гэх мэт зүйлс хийж өнгөрөөдөг” байсан гэнэ.

Тухайн хүүхэд гэртээ компьютер, зөөврийн нөүтбүүктэй бол бие даан комьютерын мэдлэгээ ахиулах аливаа технологийн талаар үндсэн ойлголттой болдог аж. Үндэсний статистик хорооны Харилцааны холбооны үйл ажиллагааны 2019 оны судалгаагаар Монгол улсад 663.883 ширхэг компьютер байдаг. Гэвч ар гэр, өрхийн санхүүгийн боломжоос хамааран хүүхдүүд гэртээ компьютер, зөөврийн нөүтбүүк худалдаж авч ашигладаг. Санхүүгийн боломжгүй ар гэрийн хүүхдүүд  гар утсаараа  хэрэглээний програмуудыг / Word, Excel PowerPoint, Outlook/ хялбаршуулсан хувилбар дээр хичээл, бие даалтаа хийдэг аж.

Ерөнхий боловсролын  сургалтын хөтөлбөрт багтсан мэдээлэл зүйн хичээлийн агуулга, шаардах техник технологи, лабораторийг сайжруулах нь цаг болсныг цар тахал болон технологийн эрин зуун бидэнд хатуу сануулж байна.

Багш нарт зургаан жилийн өмнө Засгийн газраас 25 мянган ширхэг "Lenova U40" маркийн зөөврийн нөүтбүүк олгосныг эс тооцвол боловсролын салбар тэр дундаа технологийн чиглэлд анхаарсан салбарын сайд, Засгийн газар алга. Тэр нөүтбүүк одоо үеэ өнгөрөөсөн хуучны эд болсон. Цахим сургалтад ашиглаж буй программууд, интернетийн хурдыг тухайн нөүтбүүкны хүчин чадал дийлэхгүй, гацах гэх мэт асуудлууд гарна.

Дэлхийн нийт өнөөдөр технологийн мэдлэг, компьютерийг хүрэлцээ хангамж биш технологи ашиглан сансарт аялж, үйлчилгээний салбаруудад роботууд бүтээж, мета орчныг бүрдүүлж,  ирээдүйгээ ч технологийн зуун гэж тодорхойлж, түүн рүү тэмүүлж байхад бидний нэг хэсэг нь интернет, компьютерийн хүрэлцээ, хангамжгүй харанхуйд сууж байна. Нэгэнт л дэлхий нийтээрээ ирэх жилүүдийг, зууныг технологийн гэж тодорхойлж байхад бид  ч бас багш, сурагчдынхаа хэрэгцээг хангах, адаглаад ахиад цар тахалд нэрвэгдвэл хүүхдүүд хичээлийн хоцрогдолгүй болоход юуг анхаарах вэ гэдгээ одооноос бодох цаг болжээ. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, шинээр байгуулагдсан Цахим хөгжлийн яам онцгойлон анхаарч, бодлогоо чиглүүлэхгүй бол юун дэлхийтэй хөл нийлэх, Япон лугаа хөгжих болох вий.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж