Өмнөд Солонгосын хэдэн мянган иргэн амиа хорлолт болон кибер дээрэлхэлтийн эсрэг өргөдөл бичиж, гарын үсэг зурахаар боллоо. Өмнөд Солонгосын хоёр алдартан цахим орчинд дээрэлхүүлж, хараалгуулснаар сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлосон нь иргэдийн дундах тэвчээрийг барсан бололтой. Өмнөд Солонгосын волейболын тамирчин Ким И Хёк болон YouTuber Чо Жангми нар цахим дарамтаас болж амиа хорложээ.
Дан ганц тус хоёр алдартан хохирогч болоогүй бөгөөд Өмнөд Солонгосын хувьд дарамт, дээрэлхэлт хэвийн үзэгдэл мэт байснаар олон алдартан, дуучин, өсвөр насныхан амиа хорлодог байна. "Yonhap" агентлагийн мэдээлснээр, Чо Жангмигийн хамаатны хүн амиа хорлолтын эсрэг өргөдөл гаргаж, гарын үсэг зурах ажиллагаа явуулсан байна. Одоогийн байдлаар нийт 150 мянган иргэд өргөдөлд гарын үсэг зуржээ. Цахим орчинд дээрэлхэх үйл явцыг гэмт хэргийн төрөлд оруулахаар ажиллаж байгаа юм.
Цахим орчинд дээрэлхэх, дарамтлах буюу "Cyber bullying" гэж юу вэ?
Энэ нь аливаа төрлийн дарамт, заналхийлсэн, гутаан доромжилсон үг хэллэг юм. Энэ нь цахим орчинд өөр хүнийг эвгүй байдалд оруулах гэсэн ёс бус үйлдэл. Ерөнхийдөө цахим дарамт, дээрэлхэлт нь муу сэтгэгдэл, онлайн цуурхал, тэр ч байтугай бэлгийн харилцааны хэллэгээр хийгддэг. Ихэвчлэн гадаад төрх, оюун ухаан, арьсны өнгө, бэлгийн харьцаа, үзэл бодлыг нь доромжлох утгатай байдаг.
Нийт арван хүний долоо нь 18 нас хүрэхээсээ өмнө цахим орчинд дээрэлхүүлж, дарамтлуулж байсан гэх судалгаа бий. Нийт 100 өсвөр насныхан дунд явуулсан судалгаагаар 61 хувь нь гадаад төрхөөсөө болж цахим орчинд доромжлуулж байсан бол 56 хувь нь Фейсбүүк орчинд бэлгийн дарамтад өртөж байжээ. Мөн 12-17 насны охидын 15 хувь нь тогтмол интернет орчинд доромжлуулж, дарамтад өртдөг гэх судалгаа бий.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ