Дүүжин тээврийг аяллын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.10-нд нийтлэгдсэн

Дүүжин тээврийг аяллын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөгүй

Дүүжин тээврийг аяллын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөгүй

Нийслэлийнхэнд утаа, түгжрэл хоёр толгойны өвчин болоод удаж байна. Түгжрэлийг бууруулах тухай олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй. Энэ асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгөх томоохон төслөөс цаасан дээрээс цааш гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ" гэж Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулсан.

Тэрбээр "2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" гэдгийг хэлж байв.Үүнээс хойш хоёр жилийн нүүрийг үзсээр эцэст нь уг төсөл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Учир нь, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан билээ.

Тус газрыг байгуулснаас хойш жилийн нүүр үзээгүй байтал ийнхүү татан буулгасан нь төсөл зогсч буй талаар яригдах болсныг Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж “Агаарын дүүжин тээвэр төсөл цаашид үргэлжилнэ” гэх тайлбар өгч байв.

Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсч байна гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж яам, нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ” гэдгийг энэ оны нэгдүгээр сард хэлсэн юм. Уг төслийг цаашид үргэлжлүүлэхээр болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ хэзээнээс хэрхэн хэрэгжих тухай гуравдугаар сарын сүүлчээр тодорхой болно. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Цар тахлын улмаас гадаадаас ажиллах мэргэжилтнүүд болон дүүжин тээврийг оруулж ирээгүй” гэлээ.

Мөн “Агаарын дүүжин тээвэр” төслийн нэгж хариуцсан Гүйцэтгэх захирал н.Сумъяа “Агаарын дүүжин тээвэр цаашид үргэлжилнэ.  Удахгүй албан ёсны мэдээлэл өгнө” гэв. Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосны дагуу хэрэгжүүлэхээр болсон уг төслийг чиглэл мөн л тодорхойгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар агаарын дүүжин тээврийг Яармагаас гол давуулаад "Баянгол агро" парктай холбох саналыг гаргаад байна. Тухайн хэсэгт 2100 ширхэг авто машины зогсоол байгуулах тухай мөн л саналын түвшинд байгаа юм.

"ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛГОНО"

Өмнө нь Сентралаас тауэраас ШангриЛа, Хан-Уулын Имарт худалдааны төвөөс Ривер гарден хотхон хүртэл агаарын дүүжин тээвэр тавихаар төлөвлөж чиглэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрчилж байв. Тэгвэл анхандаа Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл,  Баян хошуунаас III, IV хорооллын эцэс хүртэл агаарын дүүжин тээвэр барихаар яригдаж байсан юм.

Иймд ямар учраас чиглэлийг дахин өөрчилж Яармагаас гол давуулаад Баянгол агро парктай холбохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулбал "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж төслийн нэгж болгож байгаа. Ерөнхийдөө, Яармагаас гол давуулаад "Баянгол агро" парктай холбох санал яригдаж байна” гэлээ.

Олон нийтийн зүгээс хатуухан шүүмжлэл дагуулсан агаарын дүүжин тээврийг нийтийн тээвэрт бус аялал жуулчлалын зориулалтаар ашиглая гэдэг санал ч нийгмийн сүлжээнд яригдаж байв. Уг нь ийм саналыг нийслэлээс гаргасан ч Франц улсын талаас зөвшөөрөөгүй гэнэ. Уг төслийг Франц улсын засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж