Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нар өчигдөр /2022.02.08/ Берлин хотод “Веймарын гурвалжин” дээд хэмжээний уулзалтаа хийв. Энэхүү уулзалтын дараа тэд Москвад хандан хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ Москваг Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ эхлүүлж, Украины байдлыг намжаахад туслахыг хүссэн байна.
"Веймарын гурвалжин" нь Польш, Герман, Францын хамтарсан зөвлөл юм. Тус зөвлөл хямралын бүсэд байгаа гурван улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Зөвлөлийн үйл ажиллагаа ихэвчлэн эдгээр гурван улсын удирдагч, Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын хэлбэрээр явагддаг.
Гурван улсын удирдагчид Европ болон Атлантын далайг дамнасан аюулгүй байдлын бүтцийг бэхжүүлэхийн төлөө хамтарсан хүчин чармайлт гаргахаа онцлон тэмдэглэжээ. Энэ хүрээнд тэд Европын холбоо болон НАТО-гийн холбоотнуудтай нягт хамтарч ажиллана гэв. Түүнчлэн аюулгүй байдлын асуудлаар нарийвчилсан бөгөөд үр дүнд чиглэсэн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.
“Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Орост хийсэн айлчлал Украины асуудалд тодорхой хэмжээний дэвшил авчирсан ч “гайхамшиг” бүтээж чадсангүй” гэж Европын холбооны дипломат албаны дарга хэлэв. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч Францын удирдагч Эммануэль Макронтой уулзсаныхаа дараа Орос, Франц, Германы удирдагчидтай удахгүй дээд хэмжээний уулзалт хийнэ гэж найдаж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: TASS, FRANCE24
Холбоотой мэдээ