Цар тахалтай удаан хугацааны турш тэмцсэний үр дүнд зарим орны хувьд халдварын тархалт багасч, агаарын хил чөлөөтэй болов. Харин цар тахлын онцгой нөхцөл байдлын энэ үед өнөөдрийн байдлаар ихэнх орнууд хоёр тун вакцинд биш, PCR шинжилгээний хариуд итгэж байна. Ялангуяа Монгол Улстай харилцан хилээ нээсэн улс орнуудын нийтлэг шаардлага нь 48 цагийн доторх PCR шинжилгээний хариу юм.
"Турк шинэ Эрээн боллоо", "Тайландад танихгүй монгол хүн алга" хэмээн монголчууд бие биеэ ёжлох. Улаанбаатарын утаа, түгжрэлээс дайжигчид хилийн чинадыг зорих хүсэлтэй байна. Тайландын хаант улс “Test and Go” хөтөлбөрийг 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс сэргээсэн бөгөөд тус хөтөлбөрт вакцины бүрэн тунд хамрагдсан аль ч улсын зорчигчид хамрагдах боломжтой. Хилээр нэвтрэх зөвшөөрөл авахдаа <https://tp.consular.go.th/> хуудсаар бүртгүүлэх ба дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
- “Test and Go” хөтөлбөрийн дагуу хилээр нэвтрэх зөвшөөрлийг аялахаас 5-7 хоногийн өмнө мэдүүлэх.
- Зорчигч Тайландын хаант улсад ирсэн эхний өдөр болон тав дахь өдөр PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Энэхүү шинжилгээг өгөхдөө тусгайлан заасан нэр бүхий зочид буудалд байрлана.
- PCR шинжилгээний төлбөрийг аялахаасаа өмнө урьдчилан төлж, баримт авсан байх шаардлагатай. Мөн нисэх буудлаас зочид буудал хүрэх унааг урьдчилан захиална.
- Вакцинжуулалтын гэрчилгээ, эсхүл паспорттай байх.
- Covid-19-ийн эмчилгээнд 50.000 ам.доллараас багагүй төлбөр төлөх нөхцөл бүхий эрүүл мэндийн үйлчилгээ авах даатгалд хамрагдсан байх.
- Гэр бүлийн гишүүд тус бүртээ Thailand Pass авсан байх шаардлагатай.
БНСУ РУУ НЭВТРЭХ ШААРДЛАГА
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Гадаад улсаас БНСУ-д ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацаа 10 хоног байсныг долоо хоног болгон өөрчилжээ. Ингэснээр БНСУ-ыг зорьж буй зорчигчид тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
ОХУ РУУ НЭВТРЭХ ШААРДЛАГА
ОХУ-д буусан цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний хариу сөрөг байх шаардлагатай. Шинжилгээний бичиг нь англи, эсвэл орос хэл дээр байх ёстой. Зорчигчид эрүүл мэндийн хуудас бөглөнө. Харин сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонгконг, Лесото, Мадагасгар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй.
ЯПОН УЛС РУУ НЭВТРЭХ ШААРДЛАГА
Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн тусгаарлах байранд гурав хононо. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, дөрөв хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно. Тусгаарлалтын хугацаа нийт долоо хоног байна.
ХБНГУ РУУ НЭВТРЭХ ШААРДЛАГА
2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлагдана. Ингэхдээ www.einreiseanmeldung.de. цахим хуудсаар орж, заавал бүртгүүлэх аж. Вакцины сүүлийн тунгаа хийлгээд хамгийн багадаа 14 хоног болсон хүмүүс аялж болно. Халдвар аваад эдгэрсэн хүний хувьд вакцины нэг тунд хамрагдсан байж болно. Үүний тулд багадаа 28 хоног, хамгийн ихдээ зургаан сарын дотор өгсөн PCR шинжилгээний эерэг хариуг баримт болгож үзүүлэх шаардлагатай. Өвдөөд эдгэрсэн тухай нотолгоог герман, англи, франц, итали, эсхүл испани хэлээр, дижитал, хэвлэмэл болон цаасан хэлбэрээр үзүүлнэ.