Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн салбар зөвлөл, төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах аж.
Шалгалтын бүртгэл ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах юм байна. Бүртгэлд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт орсон эсэхийг зөвлөлөөс тодруулахад "Хуучин журмаар явагдана" гэлээ.
Тус шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэх юм. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдох аж.
Шалгалтын даалгавар хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх юм байна. Бүх шалгалт тест буюу зөв хариулт сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцож, нөөцөд бүртгэгдэх юм байна. Иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлэх бололцоог илүү бүрдүүлэх, олон нийтийн оролцоог шалгалтын үйл явцад идэвхжүүлэх зэрэг багц асуудлыг судлан хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албаны шалгалтын шинэтгэлийг цаашид улам эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Засаг захиргааны нэгжийн харъяалал харгалзахгүйгээр төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэх, нөөцөд орсон иргэдийн ажил эрхлэх боломжийг өргөтгөж, төрийн жинхэнэ албаны нөөц ашиглалтыг сайжруулах, аймаг, нийслэл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлж төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаа, байршлыг уян хатан тогтоох чиглэлээр оны эхний хагаст багтаан тодорхой шийдвэр гаргахаар болжээ.
Шалгалтын босго оноо авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл ханган амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг энэ удаагийн хурлаар мөн хэлэлцсэн байна.
Үүнээс гадна төрийн албаны ерөнхий шалгалтын комиссыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн албаны ерөнхий шалгалтад өндөр оноо авсан иргэд, төрийн албаны ахмад зүтгэлтнүүдийг оролцуулан өргөтгөх асуудлыг судлан шийдвэрлэх аж. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс сорилын материалыг цахимаар болон хэвлэмэл хувилбараар санал болгож, e-taz гар утасны аппликэйшн болон цахим хуудас дахь “Хамтдаа бэлтгэе” цэсээр дамжуулан, иргэд шалгалтдаа амжилттай бэлтгэх бүх талын боломж олгож эхлээд байгаа юм.
Холбоотой мэдээ