Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон уу?

Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон уу?

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасарсан мөсний баярыг энэ жил зохион байгуулахаар болов. Уламжлал ёсоор 20 дахь жилдээ зохиогдох "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 3, 4-нд болох юм. Хатгал суманд зохион байгуулахаар төлөвлөсөн энэхүү баярт дунджаар 15 мянган хүн оролцдог бөгөөд өргөн цар хүрээтэй болдгоороо онцлогтой. Гэвч энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул мөсөн дээр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсээр байгаа юм. Мөсний баяр зохион байгуулах үеэр мөс цөмрөх, газар хөдлөх зэрэг эрсдэлүүдийг хэрхэн тооцож байгаа талаар холбогдох байгууллагуудаас тодруулав.

“Хөх сувд” мөсний баяр нь Монголын аялал жуулчлалын салбарын томоохон үйл ажиллагааны нэг тул Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас эл арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгээс эрсдэлүүдээ тооцож, аюулгүй байдлын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж буй аж.

Тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэлэхдээ “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, энэ жил мөсний баяр тэмдэглэх шийдвэр гаргасан. Ажлын хэсэг дотор аюулгүй байдлын дэд ажлын хэсэг гэж байгуулсан. Тус бүрэлдэхүүн мөсний зузаан хөлдөлтийг хэмжиж, цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан тооцож байна. Ажлын хэсгийнхэн өнөөдөр нуур орчмын бага мөстөлттэй хэсгүүдийг хамгаалалтад авч, аюул ослоос хамгаалах арга хэмжээнүүд авахаар ажиллаж байна” гэлээ.

Мөн аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр, энэ жилийн хувьд мөсний зузаан 10-15 см-ээр нимгэн байгаа аж. Энэ талаар тус газраас “ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс сүүлийн үед газар хөдлөлт болсон тухай мэдээлэл ирүүлээгүй. Гэхдээ нуур орчимд газар хөдлөлтийн идэвхжлийн цэг хэвээрээ. Иймд газар хөдлөлтийн улмаас мөсний бат бэх чанар алдагдаж байна гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Мөн далай мөстөх цагтаа хөлдөөгүй, цаг хугацааны хувьд нэлээн хожуу хөлдөж эхэлсэн. Мөсний зузаан энэ жил олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байгаа тухай сэрэмжлүүлгийг бид олон нийтэд хүргэсээр байна. Гэхдээ аймгийн ЗДТГ-аас мөсний баяр тэмдэглэх шийдвэр гаргасан. Одоогоор мөсний баярыг мөсөн дээр, эсвэл нуурын эрэг дээр зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Бид мөсний баяр зохион байгуулах үед хамгаалалтад гарч, иргэдэд аюулгүйн зааварчилгаа өгч ажиллана” гэв.

Сануулахад, Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-нд болж байв. Энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн, хагарч байгаа нь олон шалтгаантай ч газар хөдлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болзошгүй талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн билээ.

Тус газрын Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбат “Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн онд болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш 2021 онд 98 мянган удаагийн давтамжтай чичирхийлэл бүртгэгдсэн. Мөн он гарснаас хойш 3000 орчим удаагийн газар хөдлөлт болсон. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа бүртгэгдсэн. Бидний ажигласнаар хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн онд болсон.

Газар хөдлөлтийн чичирхийллийн нөлөө мөсний бат бэх байдал, зузаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тодруулбал, мөс хагарч хөдөлнө. Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нуурын мөс маш их хагарсан. Харин энэ жил хөлдсөн мөс хагарах хэмжээний хүчтэй газар хөдлөлт болоогүй ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр болсон” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж