АТГ улстөрчдийн "гар хөл" болдог уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

АТГ улстөрчдийн "гар хөл" болдог уу?

АТГ улстөрчдийн "гар хөл" болдог уу?

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны аравдугаар сард /2021.10.18/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд нэгжлэг хийж, гүйцэтгэх ажиллагаа явуулан, хурааж авсан мөнгөний зурагтай нь олон нийтэд мэдээлсэн. Хуулиараа нэгжлэг, үзлэгийг нээлттэй хийж болох ч гүйцэтгэх ажиллагааны хэрэг нь хаалттай, нууц байх ёстой. Гэвч АТГ-аас ажиллагааны явцын мэдээллээ олон нийтэд ил цацаж, түгээсэн нь улс төрийн явуулга байж болзошгүй гэх хардлага төрүүлсэн юм.

 Энэ хүрээнд шүүхээс Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан.

АТГ-аас өнөөдөр /2022.02.09/ “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөг шилжүүлэн хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцогдсон.

Төрийн албанд ажиллаж байхдаа гэм буруутайд тооцогдож, ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-д удирдах албан тушаалд дэвшүүлэн томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланд цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол, журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангах, компанийн дүрэм, бусад эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг албан тушаалд томилохгүй байхыг анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн" талаар дурдсан байна.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэлийн хувьд өмнө нь тус байгууллагад хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Төрийн албанд томилогдох бүх хүн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-аар шалгуулдаг журамтай. Хэрэв ашиг сонирхолтой гэж АТГ үзвэл тухайн хүнийг томилдоггүй байх зарчимтай.

АТГ өмнө нь Н.Нарангэрэлийг тус компанид ажилд ороход ажлаа хийгээгүй хэрнээ дарга болоход нь өөрсдийн албан сайтаараа дамжуулан яагаад мэдээ гаргах болов. Энэ нь АТГ өөрөө улс төрийн "захиалга" биелүүлж байна уу гэсэн хардлага төрүүлж буй юм. МАН, эрх баригчид шударга ёстой тэмцэж байгаа нэрийдлээр албан тушаалыг нь авах, эрх мэдлийн төлөө хуулийн байгууллагыг ашигладаг явдал энэ удаагийнхаар дуусахгүйг олон нийт сайн мэдэж байгаа билээ. АТГ шууд утгаараа Ерөнхий сайд, Засгийн газрын мэдэлд бий.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж