Эрдэмтэд нугасны суулгац тавиулснаар саажилттай хүмүүс дахин алхах боломжтой болохыг тогтоов. Саажилттай хулганад хийсэн лабораторийн туршилтаар хүний эсээс гаргаж авсан 3D суулгацыг суулгасны дараа хулганы алхах чадвар 80 хувиар сэргэсэн байна.
Эрдэмтэд хүний үр хөврөлийн нугасны хөгжлийн үйл явцыг судлах замаар өвчтөний эд эсийн дээжээс нугасны суулгац гарган авчээ. Тэд "Ойрын жилүүдэд хүний биед ямар ч эрсдэлгүй, гэмтэж бэртсэн эд эсийг нөхөн сэргээх үйлдэлтэй суулгац бүтээх боломжтой болно" гэж мэдэгдсэн байна. Уг суулгацыг өвчтөний хэвлийн өөхний эдээс жижиг хэмжээний дээж авч, генийн инженерчлэлийн технологи ашиглан, үр хөврөлийн үүдэл эстэй төстэй төлөвт оруулах замаар гарган авчээ.
Өдгөө дэлхий даяар саажилттай сая сая хүн бий. Тэдэнд тус болох үр дүнтэй эмчилгээ хараахан гарч ирээгүй л байна.
Хүн дээр эмнэлзүйн туршилт хараахан хийгээгүй байгаа ч саажилттай хүмүүст энэхүү суулгацыг суулгаснаар алхах боломжтой болно гэж эрдэмтэд найдаж буй аж. Израилийн Тел-Авивын их сургуулийн профессор Тал Двир хэлэхдээ “Амьтдад энэхүү нөхөн сэргээх эмчилгээг хийхэд маш амжилттай болсон” гэжээ. Энэ нь удаан хугацаанд архаг саажилттай байсан амьтанд хүний эс суулгаж, нөхөн сэргээсэн дэлхийн анхны тохиолдол юм.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ