Бээжин-2022 өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр /2022.02.08/ болсон. Америкийн Натан Чен 113.97 оноо авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, тэргүүлж эхэлсэн. Харин сүүлийн хоёр олимп дараалан түрүүлсэн Японы Юзүрү Ханю 95.15 оноо авч, наймдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний чөлөөт үзүүлбэр маргааш болж, медальтнууд тодорно.
Өдгөө 27 настай Ханю тааруу эхлэл тавьсан ч бууж өгөх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Юу ч болж болно. Юу болохыг харж л байя. Би өөрт байгаа бүхнээ зориулж, тэмцээндээ эргэн ирэхийг хичээх болно. Үнэнийг хэлэхэд би алдаа гаргаагүй юм шиг санагдаад байна. Мэдэхгүй л юм. Карма юм болов уу? Мөсөн талбайд таалагдахгүй буруу зүйл хийчихсэн юм болов уу? Энд ярилцлага өгөөд зогсч байхдаа яг л тийм зүйл мэдрэгдээд байна. Миний форм уг нь сайн байсан. Хэмнэлээ ч сайн мэдэрсэн” гэжээ.
2018 оны олимпод тавдугаар байр эзэлж, медалиас атгаад алдсан Натан Чен сүүлийн гурван жил дараалан дэлхийн аваргад түрүүлээд буй. Хэдийгээр “Мөсний хаан” Юзүрү Ханю сайн байгаагүй ч Японы Юма Кагияама, Шома Үно нар богино үзүүлбэрийн дараагаар хоёр болон гуравдугаар байрт бичигдэж байна.
Юзүрү Ханю өнгөрсөн хугацаанд Covid-19 авснаас гадна баруун шагайгаа гэмтээж, багагүй хугацаанд бэлтгэл сургуулилалтаа тасалдуулсан билээ.
Шведийн домогт тамирчин Гиллис Графстрем олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлөөс гурван алтан медаль хүртсэн цор ганц уран гулгагч бөгөөд түүнтэй хамгийн ойртож ирсэн нь Юзүрү Ханю. 2018 онд зодог тайлах дөхсөн түүнийг маргааш дөрвөлсөн аксель үсрэлт гүйцэтгэсэн анхны тамирчин болно гэж шүтэн бишрэгчид нь хүлээж байна. Түүнээс сэтгүүлч "Дөрвөлсөн аксель хийх үү" хэмээн асуухад "Мэдээж" гэж хариулжээ.
Холбоотой мэдээ