ЗГ: Сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 14-нөөс танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

LiveЗГ: Сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 14-нөөс танхимаар хичээллэнэ

13 : 51
2022-2-9

"Хөгжлийн банкны 28 зээлдэгчийн 1 их наядын зээлийг шүүхэд шилжүүлсэн"

Хууль зүйн дэд сайд Б.Солонго:

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан, төрийн зуун хувь өмчит банк. Хөгжлийн банкны онцлог бол хөгжлийн зээл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор, 2011 онд тусдаа бие даасан хуультайгаар байгуулагдсан. 2017 онд Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын хуулийг баталснаар тус банкны үйл ажиллагаанд илүү бие даасан байдал бий болгох, цаашдаа засаглалыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт орж байсан.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөгжлийн банкны хуулиар Хөглжлийн банк нийт санхүүжүүлэгчдийн дүнгийн дор хаяж 60 хувиас Монгол Улсын экспортыг дэмжсэн зээл олгох ёстой. Зориулалт нь хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг санхүүжлүүллэх зориулалттай байгуулагдсан.

Сүүлийн үед банкны үйл ажиллагаа доголдсон, чанаргүй зээлийн үлдэгдлийн асуудал яригдаж байна. Өнөөдрийн мэдээллээр нийт 3.1 их наядын зээлийн багцтай нийт 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлдэгчид хамрагдах эрсдэлтэй байна. Үүнтэй холбоотой нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явж байна. Тухайлбал, АТГ-д 10, Эрүүгийн цагдаагийн газарт -3 гэх мэтчилэн асуудал шалгагдаж байна.

Хөгжлийн банкнаас мэдээлснээр, шүүхийн шатанд мэдэгдэл гаргахад маш их хугацаа алдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хамгийн ихдээ нийт 69 сард шүүхэд маргаан шийдэгдэж байна. Мөн шүүхээр шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байна.

Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байна. Эдгээр зээлдэгчийг хуулийн байгууллагуудтай хамтарч шалгана. Нэгдүгээр сарын сүүлээр 52 аж ахуйн нэгжийн зээлийг АТГ-д шалгуулах хүсэлт өгсөн. Ерөнхий сайд хуулийн байгууллагыг бүхий л байдлаар дэмжихээ тэмдэглэсэн.

ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр болжээ.

13 : 12
2022-2-9

"Хятадын тал Монголын улс төрийн тогтвортой байдлыг чухалчилсан"

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Хэдийгээр айлчлал цар тахлын хүнд үед тодорхой хэмжээний хязгаарлалттай байсан боловч үр дүнтэй өгөөж, ихтэй айлчлал болсныг хоёр тал цохон тэмдэглэсэн. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Төрийн зөвлөлийн дарга нартай уулзаж, бодлогын баримт бичгийг уялдуудах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож ойлголцолд хүрсэн.

Монгол, Хятадын засгийн газрын тэргүүн нарын уулзалт өндөр ач холбогдолтой уулзалт болсон. Тухайлбал, хилийн боомтыг бэхжүүлэх, экспортын гол бараа, бүтээгдэхүүнийг хэвийн горимд шилжүүлэх, харилцан ашигтай хамтарч ажиллаж, цөлжилттэй тэмцэх төслийг хэрэгжүүлэх хийн хоолой дэд бүтцийн томоохон төслийн талаар, мөн оюутнууд суралцах асуудлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх, тодорхой шийдлүүдэд хүрлээ.

БНХАУ-ын талаас Монголын улс төрийн тогтвортой байдлыг чухалчилсан. Засгийн газраас дэвшүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдтэй холбоотой асуудлаар тохиролцоонд хүрсэн. Хоёр улсын Засгийн газраас мэдэгдэл гаргасан. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ерөнхий сайдын айлчлалын тухайд олон асуудлыг ярилцлаа. Нэгдүгээрт, гурван боомтыг сүүлийн нэг жилийн хугацаанд цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэх ачаа тээвэр нэмэгдүүлэх чадварыг сайжруулах талаар ярьж байна. Энэ нь Бичигт, Гашуунсухайт Ганцмод, Шивээхүрэн, Сэхээ боомт юм. Эдгээр боомтуудад гацаад байсан төмөр замын харилцан нэвтрэлцлийг тохирох асуудлыг эцсийн байдлаар тохирлоо. Ялангуяа Гашуунсухайт, Ганц мод боомтод энэ солбилцлын цэгийг ашиглаж харилцан төмөр зам нэвтрүүлэх, ачиж буулгах терминалыг аль талдаа барих вэ гэдэг дараагийн шатны ажил руу орсон. Бид өөрсдийн зүгээс бэлдсэн судалгаагаа хүргүүлсэн.

Дараагийн уулзалтыг бид хоёрдугаар сарын 15-ны өдөр болгон наашлуулсан. Цаашаа хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдээд, энэ жилдээ шуурхайлах үүрэг чиглэл өгсөн. БНХАУ-ын талаас баяртай хүлээж авсан. Боомт гэдэг хоёр улсын эдийн засагт харилцан ашигтай зүйл учраас цаад талдаа эдийн засгийн хүлээлттэй байна.

-Хийн хоолойн асуудал юу болж байна вэ?

-Хийн хоолой манайхаар транзит байдлаар дамжина. Нийлүүлэгч нь ОХУ, хүлээж авч буй импортлогч нь БНХАУ юм. Хоёр талын сонирхол нэгдмэл байх ёстой. Транзитаар нэвтрэн өнгөрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Манай улсаар дамжин өнгөрүүлэх урд цэг хүртэлх хийн хоолойн ТЭЗҮ-д ОХУ-тай хамтарч оролцоод, нэгдүгээр сард бэлэн болсноо зарласан. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч сая айлчлалаар очихоос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр транзит дамжин өнгөрнө, хүлээж авахад бэлэн үү гэдэг мэдээлэл өгсөн. Сая дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлаа хөндсөн талаар БНХАУ-ын хэвлэлээр гарсан. 

-Ипотекийн зээлийн төлөлтийн талаар Монголбанк ямар саналтай байна вэ?

-Цар тахлын хуулиар ипотекийн зээлтэй холбоотой заалтууд сунгагдаагүй. Ипотекийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, хугацааны явцад хойшлогдож байна гэсэн үг. Аль болох төлөөд явж байвал зээл эрт дуусна. Монголбанк өмнөх хуулийн хугацаанд дуусгавар болгоод явах саналтай байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэр төлөгдөж байж дараагийн зээлдэгч нартаа боломж болж очиж буй учраас аль аль талын тэнцвэртэй байдлыг бодоод, хэвийн байдлаар зээлийн төлөлтөө үргэлжүүлье гэсэн байр суурьтай байна.

-Тэтгэврийн доод хэмжээг нэмсэн. Цалингийн доод хэмжээг нэмэх үү?

-Сүүлийн хоёр жил тэтгэвэр нэмэгдээгүй. Төсөвт болон бусад асуудлын хөшүүрэг болж байна. Энэ дээр эргэж харах шаардлага гарч ирнэ. Тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын төсөвт тодотгол хийлээ. Энэ нь ирэх жилийн төсөвт орж ирнэ гэсэн үг. Мөн ирэх жил шинээр орж ирж буй хөрөнгө оруулалтын орон зай багасна гэх мэт дараагийн сорилтуудыг авчирч байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн доод хэмжээнээс бага байж болохгүй нь ойлгомжтой асуудал. Энийг судалж байж шийдэх ёстой. Цаг хугацааны асуудал.

11 : 10
2022-2-9

Б.Жавхлан, Б.Батцэцэг, Б.Солонго нар мэдээлэл хийнэ

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллагын удирдлагуудтай санал солилцож байгаа аж.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Засгийн газрын өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг АТГ-т шилжүүлэх үүрэг өгсөн билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг 13.00 цагт танилцуулахаар болжээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл өгөх юм байна.

09 : 00
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.02.09) 08.00 цагт эхлэв.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл,
  • Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
  • Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж