"Төсөв, мөнгөний тэлэх бодлогууд инфляцийг хөөрөгдөж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

"Төсөв, мөнгөний тэлэх бодлогууд инфляцийг хөөрөгдөж байна"

"Төсөв, мөнгөний тэлэх бодлогууд инфляцийг хөөрөгдөж байна"

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, МУИС-ийн дэд профессор, доктор Б.Түвшинтөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар цар тахлын хуулийг сунгасан. Энэ хуульд ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах заалт орсон. Энэ нь эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ. Том зургаар нь харвал та юу гэж дүгнэх вэ. Ипотекийн зээлийг сунгахыг арилжааны банкууд ч дэмжихгүй байна?

-Арилжааны банкууд дэмжихгүй нь ойлгомжтой. Зээлийн хүүгийн орлого нь хойшлоод байгаа учраас тэр. Цар тахлын өнөөгийн нөхцөл байдал өмнө нь тохиож байсангүй. Биднээс хамааралгүйгээр “шок” буюу гаднаас сөрөг нөлөөлөл орж ирсэн. Энд хариу үзүүлэх ёстой. Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах нь өрхийн орлогыг дэмжиж байгаа хэлбэр. Хэрвээ өрхийн орлогыг ийм байдлаар дэмжихгүй бол нийгмийн эмзэг болоод дундаж, доод давхаргуудын хэрэглээ багасч, өрийн дарамтад орно. Тиймээс энэ бодлогыг буруу бодлого биш гэж бодож байна. Ипотекийн зээл бол урт хугацааны шинж чанартай бүтээгдэхүүн. Энэ дээр хоёр жил гаруй завсар гарчихлаа. Энэ хугацаанд өрхийн орлогод тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлсөн.

Харамсалтай нь, төсөв, мөнгөний тэлэх бодлогуудын сөрөг нөлөө гарч эхэлж байна. Тухайлбал, инфляци асуудал болж байна. Ийм төрлийн бодлогууд нөгөө талдаа инфляцийг хөөрөгдөж эхэлж байна гэсэн үг. Сүүлийн хоёр жил Засгийн газар, Төв банк янз бүрийн бодлогоор эрэлтийг дэмжиж ирсэн. Тэр бодлогууд үргэлжилж байна. Нэг үгээр богино хугацаан дахь сөрөг тал нь инфляци өснө. Эерэг тал нь өрхүүдийн хэрэглээ тогтворжиж, өрийн дарамтад ороогүй.

Харин зургадугаар сараас цааш ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг үргэлжлүүлэх шаардлага бага харагдаж байна. Учир нь инфляци томоохон асуудал болж байна. Иймэрхүү өрхийн орлогыг дэмжих бодлогын ярвигтай тал нь нэг талаасаа дэмжлэг үзүүлээд байгаа юм шиг харагддаг боловч нөгөө талдаа юмны үнэ өсч буй учраас бодит дэмжлэг нь байхгүй болчихдог. Хамгийн гол нь инфляци 10 гаруй хувьтай болчихсон энэ цаг үед тохирохгүй.

-Сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүллээ. Үүнийг дагаад инфляци нэмэгдэх вий гэсэн айдас нийгэмд үүсээд байна. Тэтгэврийн нэмэгдэл инфляци өсөх шалтгаан болох уу?

Инфляцийн эх сурвалж нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлт, нийлүүлэлтэд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотой. Эрэлтийн шалтгаан гэдэг нь цар тахлын нөхцөл байдалд Монголбанк мөнгөний тэлэх бодлого явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засагт эргэлдэж буй төгрөг их буюу иргэдийн гар дээр мөнгө байна гэсэн үг. Хавсарсан арга хэмжээ юу вэ гэхээр Засгийн газар төсвөөс халамжийг өсгөсөн. Ийнхүү нийт эрэлт өссөнөөр бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ бол эрэлтийн тал нь. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авах эрэлтийг ихээхэн дэмжсэн. Нөгөө талаар, нийлүүлэлтийн хүчин зүйлүүд бас бий. Нийлүүлэлтийнх гэхээр эдийн засагт нийлүүлэгдэж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ хязгаарлагдмал, эсвэл хангалттай хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж чадахаа больчихдог. Цар тахлын улмаас хил хаагдмагц импорт огцом буурсан. Энэ нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсныг харуулна. Нийлүүлэлт, эрэлт хоёр зэрэг иймэрхүү байдалтай өөрчлөгдсөн учраас үнэ өсч байна. Өөрөөр хэлбэл, лангуун дээр бараа, бүтээгдэхүүн хангалттай байхгүй үед хүмүүс худалдаж авъя гээд байна шүү дээ. Тэгэхээр юмны үнэ өсөх нь дамжиггүй. Инфляцийг зөвхөн цар тахлын нөхцөл байдал, нийлүүлэлтийн талтай холбож тайлбарлах гээд байгаа нь өрөөсгөл.

-Яагаад?

-Монгол Улс эдийн засгийн удаашралтай холбоотой төсвийн болоод мөнгөний тэлэх бодлого сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотой тасралтгүй явуулж ирлээ. Төсвийн алдагдлыг харахад ДНБ-ий 9 орчим хувьд байгаа нь төсөв талаасаа тэлэлттэй явж байгааг харуулж байна. Мөнгөний нийлүүлэлт 15 орчим хувь, зээл 18 орчим хувиар өсч, мөнгөний бодлого ч гэсэн тэлэлттэй явж ирсэн. Тиймээс өнөөдрийн инфляцид аль аль хүчин зүйл нь нөлөөлж буй бөгөөд гэнэт бий болчихсон асуудал биш. Тэтгэвэр, тэтгэмжийн тухайд хамгийн бага тэтгэврийг 500 мянгад хүргэсэн. Инфляци өндөр нөхцөлд буюу хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед эмзэг, ядуу, дундаж, доод давхаргын өрхүүд хамгийн их хохирдог. Яагаад гэвэл эдгээр өрхүүд хадгалах мөнгө багатай, орлого нь хэрэглээндээ таараад явдаг. Өмнө нь бүтэн талх авдаг байсан бол одоо бүтэн талхаа авч чадахаа болино гэсэн үг. Тэтгэвэр нэмснээр инфляци өснө гэж санаа зовохоосоо илүүтэй нийгмийн хамгааллын арга хэмжээ гэж би дотроо хүлээж авч байгаа юм. Тэр утгаар нь харвал буруу бодлого биш.

-Ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг сунгаснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Инфляцийг хязгаарлахад хүндрэлтэй болно л гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг өндрөөр нөлөөлөхгүй байх. Учир нь Монгол Улсын эдийн засаг өөрөө томорч байгаа учраас нөлөөлөл нь айхтар том биш гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, сард 30 орчим тэрбум төгрөгийн төлбөр хойшлуулж байгаа нь банкны системдээ болоод нийт эдийн засагт төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй болов уу. Тиймээс зөвхөн энэ арга хэмжээ үнийг хөөрөгдөнө гэж хүлээхгүй байна. Өмнө хэлсэнчлэн, тэлэлтийн бодлогууд болоод нийлүүлэлтийн хүчин зүйлүүд хамтдаа үнийг өсгөсөн.

НҮҮРС, ЗЭС, АЛТНЫ ҮНЭ  ӨНДӨР БАЙГАА ҮЕИЙГ АШИГЛАЖ ЧАДВАЛ 2022 ОНЫ ЭДИЙН ЗАСАГ НЭЛЭЭН ӨӨДРӨГ ХАРАГДАХ БОЛОМЖТОЙ

-Энэ оны эдийн засгийн ерөнхий төлөвийг та юу гэж харж байна вэ? Төсөв 18 их наядаар батлагдсан. Гэхдээ хил, гааль хаалттайн улмаас экспортын орлого буурах вий?

-Нийт эдийн засаг хил, гаальтай холбоотой зогсонги байдал хэр хурдан тайлагдах вэ гэдгээс ихээхэн хамаарна гэж харж байна. Хэрэв энэ нөхцөл байдал 2021 онтой харьцуулахад илүү нааштайгаар шийдэгдэж, 2019 оны түвшинд буцаж ирвэл олон улсын байгууллагуудын 5-5.5 хувьтай төсөөлөөд байгаа өсөлтөөс ч давах боломжтой.

Яагаад гэхээр нүүрс, зэс, алт буюу манай гол түүхий эд, эрдсийн үнэ бүгд өндөр байна. Тиймээс энэ давуу талыг ашиглаж чадвал 2022 оны эдийн засаг нэлээн өөдрөг харагдах боломжтой. Харамсалтай нь, биднээс хамаарах зүйл бага. Хамгийн гол худалдааны харилцагч, түнш орон маань энэ бодлогоо хэр нааштай шийдэх вэ гэдгээс ихээхэн хамаарна.

-Тэтгэврийн доод хэмжээг нэмсэнтэй уялдуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай эрх баригчид ярьж байсан. Цалингийн доод хэмжээг нэмэх нь эргээд ажил олгогч нарт дарамт болох вий гэсэн хардлага байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг төвлөрсөн эдийн засагтай биш. Зах зээлд суурилсан эдийн засагтай. Цалингийн доод хэмжээг байнга өсгөх нь зах зээлийн механизмтайгаа нийцэхгүй. Бид үнэ, цалин зах зээлийнхээ зарчмаар зохицуулагддаг тогтолцоо руу шилжиж байна. Тиймээс цалингийн доод хэмжээг байнга хөдөлгөх нь зах зээлийнхээ жамын эсрэг хийгдэж буй ажил. Цалин, үнийн зохицуулалт үр ашиггүй байдлыг дагуулдаг. Жишээ нь, ТҮЦ ажиллуулахаар бага цалинтайгаар ч хамаагүй хүн авч ажиллуулъя гэхээр цалингийн доод хэмжээнээс болоод ажиллуулж чадахгүй байдалд хүргэнэ гэдэг нь тэр бизнес хийх гэж буй хүний боломжийг хааж байна гэсэн үг. Тийм ч учраас цалингийн доод хэмжээг байнга өсгөх, инфляцитай байнга уялдуулж явах нь зах зээлд гажуудал үүсгэдэг. Үнэ, цалин зах зээлийн жамаараа тогтоогдох ёстой.

Үнэ, цалин хоёрт төрийн зохицуулалт аль болох бага байх нөхцөлд л зах зээлийн механизм болох “үл үзэгдэгч гарын зохицуулалт” буюу ашиг, хонжоо эрэлхийлдэг бүтээлч сэтгэлгээ өдөөгддөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж