"Түгжрэл бууруулахаар 59 сургуулийн хичээлийн хуваарийг өөрчилнө"

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

"Түгжрэл бууруулахаар 59 сургуулийн хичээлийн хуваарийг өөрчилнө"

"Түгжрэл бууруулахаар 59 сургуулийн хичээлийн хуваарийг өөрчилнө"

Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал гаргаад байна. Тодруулбал, төрийн болон төрийн өмчит бус сургуулийн хичээлийг 07:45 болон 08:15 цагт эхлүүлж, 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа юм. Сурагчдын амралт дуусч, хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед дээрх саналын талаар холбогдох байгууллагуудаас тодруулав.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийслэлийн Боловсролын газар хариуцна гэх мэдээлэл өглөө. Тус газрын Ерөнхий боловсролын хэлтсийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Цолмон “Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгох санал нийслэлийн Засаг даргын Тамгын газарт яригдаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй ч уг саналыг судлахыг Засгийн газраас нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газраас өгч буй мэдээллээр, ирэх долоо хоногоос хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гарах аж. Харин үүнийг нийслэлийн ЗДТГ-аас үгүйсгэж, “Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай саналтай холбогдуулан захирамж гараагүй. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Халдварын нөхцөл байдлаас шалтгаална” гэсэн юм. Дээрх санал хэрэгжих эсэх тухай нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.

ХИЧЭЭЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал өмнө нь гаргаж, нийслэлийн ЗДТГ-т хүргүүлж байсан. Энэ санал хэрэгжих үү эсвэл дахин буцаагдах уу. Тодорхой шийдвэр гарсан уу?

-Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхлэх үед хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай саналаа боловсруулж захирамж гаргахаар яригдаж байна. Энэ сарын 13-нд буюу ирэх Даваа гаригаас ерөнхий боловсролын сургууль 5/9 зарчмаар эхэлнэ. Сурагчдын хичээл эхэлснээс хойш буюу долоо хоногийн дараа 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 50 хувиар бууруулах тухай ч мэдээлсэн. Энэ нь хэр бодит судалгаа вэ? Цагийн хуваарийн өөрчлөлт зөвхөн 63 сургуульд хамаарах уу?

-Түгжрэлийг 50 хувь бууруулна гэсэн тооцоо одоогоор гаргаагүй. Өмнө нь нэг бүсэд байрлах сургуулиудын хичээлийн цагийн хуваарийг зөрүүтэй болгосноор ачааллыг тодорхой хувиар бууруулах тухай яригдсан. Тэгэхээр хувийн сургууль руу зорчих ачаалал 50 хувиар буурна гэсэн тооцоог анх гаргаж байсан юм. Бидний зүгээс хөдөлгөөнийг зохицуулах тухай нийслэлийн Замын удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газартай уулзсан. Хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар түгжрэл 12.5 хувиар буурна гэж үзэж байна. Ерөнхийдөө төрийн болон төрийн өмчит бус 78 сургуулиас судалгаа авснаас 59 сургуулийг сонгосон. Үүнд төрийн өмчит 23, төрийн өмчит бус 36 сургууль тус тус хамрагдсан. Учир нь, эдгээр сургуульд нийт 85207 хүүхэд суралцдагаас 23952 нь хувийн унаагаар зорчиж байна гэсэн судалгаа гаргасан. Энэ бол нийт сурагчдын 28.1 хувийг эзэлж байгаа юм. Иймд 23 сургууль 07:45 цагаас, 15 сургууль 08:15 цагаас, нэг ээлжтэй 23 сургуулийг 09:00 цагаас хичээлээ эхлүүлэхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө өглөөний 08:00 цагт хичээл эхэлдэг боловч ерөнхий боловсролын сургуулиудаас сонгосон 59 сургууль 07:45, 08:15, 09:00 цагт хичээлийг эхлүүлэхээр санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулахаар санал авч байна.

Нийслэлийн ЗДТГ-аас одоогоор захирамж гараагүйг мэдээлж, судлагдаж байна гэсэн. Энэ асуудлаар хотын удирдлагуудын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг өмнө нь нийслэлд хэлэлцүүлэх үед зарим нь 08:00 болон 08:30 болгож хойшлуулах санал гаргасан. Иймд эцсийн байдлаар захирамжаар ямар шийдвэр гарахыг одоогоор хэлж мэдэхгүй. Бидний саналаар 07:45 цагаас хичээлийг эхлүүлснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байна. Хэрэв 08:00 болон 08:30 цагаас хичээлийг эхлүүлбэл замын хөдөлгөөний ачаалалд өөрчлөлт гарахгүй. Ерөнхийдөө Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад үүрэг даалгавар өгсөн тул саналтай холбогдуулан тодорхой шийдвэр гарах болов уу. Гэхдээ хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр энэ хичээлийн жилд хэрэгжих богино хугацааны шийдэл юм. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай саналыг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй тул ирэх долоо хоногоос захирамж гарах болов уу.

Хэрэв захирамж гарлаа гэхэд эцэг, эхчүүд ажил эхлэх, тарах цагаа зохицуулах шаардлагатай болно. Төрийн болон аж ахуйн нэгжүүд, эцэг эхчүүдийн саналыг авсан уу?

-59 сургуульд сурдаг сурагчдын эцэг эх, албан хаагчдын цагийг уян хатан зохицуулах үүрэг чиглэлийг төрийн болон аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон. Ажил эхлэх цаг 07:00-10:00, ажил тарах 16:00-19:00 цагийн хооронд уян хатан байх зохицуулалт хийхийг тухайн албан байгууллагын удирдлагуудад мэдээлсэн. Гэхдээ бүх албан хаагч 07:00-10:00 цагт ажилдаа очихгүй, ажил 08:00-09:00 цагт эхэлдгээрээ эхэлнэ. Цагийн хуваарийн өөрчлөлт тодорхой албан хаагчдад уян хатан байх юм. Жишээ нь, тухайн байгууллага 58 ажилтантай байлаа гэхэд дээрх 59 сургуульд хүүхэд нь сурдаг албан хаагч, ажилтнуудад цагийн хуваарийн уян хатан зохицуулалт хийнэ. Тэгэхээр дунджаар 10 гаруй хүн цагийн уян хатан зохицуулалттай ажиллана гэсэн үг. Иймд тухайн албан байгууллагад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Мөн Нийслэлийн Засаг даргад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах бүрэн эрх нь бий.

59 сургуулийн бүсчлэл, байршлын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид төрийн болон төрийн бус өмчийн 59 сургуулийн удирдлагуудтай уулзсан. Мөн саналыг сургуулиудад хүргүүлсэн. Эдгээр сургуулийн зүгээс 07:45, 08:00, 08:15 гурван цагаас өөрсдийн саналаа гаргасан. Бүсчлэлийн хувьд, нэг уулзвар, тойрогт байрлаж буй сургуулийг нэг бүс болгож хуваасан. Тухайлбал, 5 болон 50 дугаар сургууль нэг бүсэд орно. Хэрэв тавдугаар сургууль 07:45 цагт хичээл эхэлбэл 50 дугаар сургууль 08:15 цагаас хичээллэнэ гэсэн үг. Мөн Баянзүрх дүүргийн 84 болон 21 дүгээр сургууль нэг дор байрладаг учраас нэг бүс болж байгаа юм. Тиймээс 84 дүгээр сургууль 07:45 цагаас хичээллэж эхэллээ гэхэд 24 дүгээр сургууль 08:15 цагаас хичээлийг 30 минутын зөрүүтэй эхлүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв хичээлийг 15 минутын зөрүүтэй эхлүүлбэл түгжрэлийг бууруулахад өөрчлөлт байхгүй гэсэн тооцоолол бий.  Эдгээр сургуулийн дийлэнх нь нэг ээлжтэй тул цагийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн. Замын хөдөлгөөний оргил ачаалал 07:00-08:00 цагийн хооронд байдаг тул хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар түгжрэл буурна.

Хэрэв 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулбал түгжрэлийг бууруулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш нар үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих саналыг нийслэлийн Боловсролын газраас гаргаад буй. Нийтийн тээврийн газраас “Одоогоор нийслэлийн Боловсролын газраас бидэнд багш нарыг үнэ төлбөргүй зорчуулах тухай ямар нэгэн санал ирүүлээгүй. Саналаа гаргасан тохиолдолд бид дэмжинэ” гэсэн юм. Мөн Тээврийн цагдаагийн албанаас хичээл эхлэх үед замын ачаалал эрс нэмэгддэг тул цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нь түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг хэлж байв. Гэхдээ хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбогдуулан төлөвлөгөө гараагүйг мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж