БНХАУ-д айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганзагадаа юутай ирэв гэдэг олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд БНХАУ-д байх хугацаандаа бүхий л өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийв.
БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш” гэснийг нь Хятадын төрийн хэвлэлүүд иш татан мэдээлсэн нь анхаарал татав. Эл үг өмнөд хөршийн хэвлэлийнхэнд таалагдсан бол монголчуудыг талцуулжээ.
Аливаа ард түмний соёл, үзэл санаанд нийцүүлэн, үнэт зүйлсэд нь таацуулан үг хэлэх нь сайн дипломатчдын баримталдаг зарчим гэж үзвэл энэ үг мэдээж эерэг оноо цуглуулах нь гарцаагүй. Харин байнга хардаж, сэрдэх өнцгөөс харвал тал зассан хэрэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлахдаа “Миний нутаг” шүлгийг уншихад ч бидний зарим нь ундууцан хүлээн авч байсан бол учир мэдэх дипломатчид айлчилж буй улс орныхоо соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, ач холбогдол өгч буйн шинж хэмээн тайлбарлаж байлаа.
Хятадууд ч Ерөнхий сайдын хэлсэнчлэн үгсийг их ашигладаг бөгөөд үүнийг “Монгол Хятад улс нь уул усаар холбогдсон, найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн чухал улсууд, хөршүүд юм” гэх Ши Жиньпиний хэлсэн үгээс харж болно. Монгол төдийгүй дэлхийн хүчирхэг улс орнуудыг өөрийн нөлөөнд оруулж буй Хятадын хөгжлийн буухиа галт тэрэгт суухыг хүсч буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нуусангүй.
Айлчлалын үеэр "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүс ба зам" санаачилга, Хятадын "XIV таван жилийн төлөвлөгөө", “Алсын хараа 2050” гэх хөтөлбөрүүдийг Ерөнхий сайдын зүгээс маш олон дурдсан бөгөөд дээрх хөтөлбөрүүдийг уялдуулах сонирхолтой байгаагаа уламжилжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын даргатай уулзахдаа Ерөнхий сайд МАН-ын 100 жилээ ч дурсахаа мартсангүй.
Айлчлалын үеэр гацаанд байсан төмөр замын царигийн асуудлыг шийдэхээр болсон талаар ам уралдан мэдээлж байгаа ч асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Өөр нэгэн таатай мэдээлэл нь боомтуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дундын бүс байгуулах байв.
Монголын тал “Нэг хятад” бодлогыг тууштай баримтлахаа хамтарсан мэдэгдлээрээ мэдэгдсэн нь шинэ зүйл биш байлаа. Бид өмнө ч ийм байр суурь дээр байсан төдийгүй “Талууд Монгол, Хятад нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд гэдэгт санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улс урт хугацааны стратегийн хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцон эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршино. Монголын тал “Нэг хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонгконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов” гэсэн нь нөгөө талаасаа Монголын бие даасан байдлыг батлах баримт бичиг болов.
Гэхдээ “Бүс ба зам” санаачилгыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулахаар болсноор дэд бүтцийн асуудлаа Хятадаар шийдүүлэхээр болж байна. Энэ нь бусдын хөрөнгөөр өөрсдийн асуудлаа шийдвэрлүүлж байгаа мэт боловч нөгөө талдаа эдийн засгийн хувьд хараат байгаа монголчууд улам ч хараат болно гэсэн үг.
Хуулаад хэдэн жил болж буй Дарханы замаар жишээлэхэд хангалттай. Хятадын компаниуд хөрөнгө оруулж, зам барьж, ажилчдаа ажиллуулах нь. Товчхондоо хөрөнгө оруулалтын мөнгөө буцаагаад аваад гарна гэсэн үг.
Монголоос Хятад руу гаргах экспортын барааг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон ч бидэнд тэдэнд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, дэд бүтцийн асуудал бас л бүрхэг байна. Айлчлалаар олон асуудлыг шийдсэн ч ажил хэрэг болгох эсэхээс их юм хамаарна. Харилцаагаа сэргээснээс хойш Хятадын талаас Монголын төрийн удирдлагуудын амыг нэг л зүйлээр тагладаг болсон нь “Та нар хэлсэн шигээ хий”.
Тиймээс хэлэлцээ хийх нэг хэрэг. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь өөр хэрэг. Хэрэгжүүлэхдээ Монголд, Монголын аж ахуйн нэгж, ард иргэдэд ашигтайгаар хэрэгжүүлэх бүр ч өөр асуудал билээ.
Холбоотой мэдээ