2026 оны өвлийн олимпдоо одооноос бэлдье!

Хуучирсан мэдээ: 2022.02.09-нд нийтлэгдсэн

2026 оны өвлийн олимпдоо одооноос бэлдье!

2026 оны өвлийн олимпдоо одооноос бэлдье!

Монгол Улсаа төлөөлөн Бээжин-2022 өвлийн олимпод хоёр тамирчин, паралимпод нэг тамирчин эрхээ аван өрсөлдөж буй. Олимпийн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн спринт төрөлд өчигдөр /2022.02.08/ Б.Ачбадрах 77 дугаар байр, эмэгтэйчүүдийн төрөлд А.Энхтуул 79 дүгээр байрт тус тус орж, эхний тэмцээнээ өндөрлүүлэв.

Манай баг тамирчид анх 1964 оны өвлийн олимпод оролцож байв. Үүнээс хойш цагаан олимпод 15 удаа торгон жолоо өргөжээ. Анхны олимпдоо монголчууд биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана гэсэн гурван төрлөөр 13 тамирчнаа оролцуулж байсан. Харин сүүлийн хэдэн өвлийн олимпод Монгол Улс зөвхөн гүйлтийн цанын спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа илгээж байна. Өөрөөр хэлбэл, гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарч, оролцогчдын тоо буурчээ.

Энэ удаагийн Бээжин-2022 олимпод олон тамирчин явах боломж байсан. Цаг уур, цагийн бүс, байгалийн тогтоц гээд ижил төсөөтэй талууд Хятад, Монголын хооронд бий. Харамсалтай нь үүнд анхаарах, бодлогоор дэмжих төр засаг, тамирчдаа бэлтгэх орчин, бааз байсангүй. Гүйлтийн цанын тамирчдаа бэлтгэх зам, талбай орчин нэг ч байгаагүй гэхээр бухимдмаар. Манай өвлийн спортын шигшээ багийн тамирчид ч бэлтгэл сургуулилалтаа Швейцарь, Америк тэргүүтэй улсуудад багагүй зардлаар хийдэг нь нууц биш.

Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын “Шарын ам” гэх 156.295 га газар олон улсын жишигт нийцсэн анхны цанын бааз барихаар төлөвлөж буй. Мэдээж гол асуудал нь мөнгө санхүү. Энэ талаараа удахгүй Засгийн газар, Ерөнхий сайдад хандах аж.

Үнэндээ өвлийн цагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хоккей, мөсөн гулгуурын талбай, цанын бааз Монголд “бараг” алга. Хуучин нийгмийн үед бараг хороолол бүхний дунд катоктой, цанын бааз ганц нэгээр тогтдоггүй байв. Угтаа Монгол шиг өвлийн улирал удаан үргэлжилдэг, цас их ордог улсад цас, мөсний спорт хөгжих боломж бүрэн бий.

Бээжин-2022 олимпод хиймэл цас ашиглаж байна.

Италид 2026 онд болох өвлийн олимпод онцгой анхаарч, одооноос эхлэн бэлтгэлээ хангая. Өвлийн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг хэмжээндээ хийе. Төр засаг бие даан ганцаараа зүтгэхээс илүүтэйгээр хувийн хэвшлүүдэд боломж олгож, ачааны хүндийг хамтдаа үүрэлцэх хэрэгтэй. Тодруулбал, өвлийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт өрнүүлж буй аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөх, ЖДҮ болон бусад хөнгөлөлттэй зээлүүдэд хамруулах зэргээр дэмжиж болох. Монголдоо л ганц гэж хэлж болох мөс, цасны хоёр том бүтээн байгуулалт болох "Скай ресорт", "Мөсөн өргөө" бол бүхэлдээ хувийн хэвшлийн өмч. Харин улсын гэх шаардлагад нийцсэн, аюулгүй байдал хангасан цанын бааз, мөсөн гулгуурын талбай хараахан алга. Тэгэхээр төр гэхээсээ илүүтэйгээр хувийн хэвшлүүд өвлийн спортыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэж дүгнэж болохоор байна.

Мөсөн өргөө байгуулагдсанаар хоккейн лигийг үзэж, сонирхох хүүхэд, залуучууд, хичээллэгчдийн тоо нэмэгдэж, монголчууд нутагтаа олон улсын тэмцээн уралдаан хүлээн авах боломж бүрдэв.

Мөн мөнгө санхүүгээс гадна төрийн зүгээс бодлого, төсөл хөтөлбөрөөр өвлийн спортыг дэмжих цаг нь иржээ. Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Боловсролын яам цанын спортыг биеийн тамирын секцээс хассан гэсэн. Энэ бол буруу бодлого” хэмээн ярьсан. Төр бодлогоор нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийг дэмжих ёстой болохоос биш хориг тавьж, хассан нь харамсалтай. 2014 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгаж байв.

Зарлигт:

  • Өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;
  • Ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутны өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;
  • Үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих талаар тусгажээ.

Цанын холбоо гүйлтийн цанаас гадна сноуборд, уулын цанын төрлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж буй өу.

Төрийн ажлын залгамж халаа гэж зүйл алга болоод удсан. Одоо Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо тэргүүтэй бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч байгууллагууд өвлийн спортын төрлүүдийг дэмжих тал дээр нэгдсэн нэг чиглэл, бодлоготой болж, ажлаа эхлүүлье. Холбоодыг хэрхэн яаж дэмжвэл нийтийн биеийн тамирын хөгжүүлж, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлж, дотоодын өрсөлдөөнийг эрчимжүүлж, хүчирхэг шигшээ баг гаргаж ирэх вэ гэдэг дээрээ анхааръя. Үүнээс гадна мэргэжлийн боловсон хүчнийг өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудад бэлтгэх зэргээр саальнаасаа өмнө саваа бэлдье. 2026 оны олимп хүртэл дөрвөн жилийн хугацаа байна. Ниргэсэн хойно нь хашгирах бус одооноос алсын хараатай, том зорилготой байх хэрэгтэй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж