Сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор боловсролын байгууллагууд сурагчдыг хүлээж авах бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар сурвалжиллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж танхимын хичээлдээ хоёр жил сууж чадаагүй сурагчид хичээлийн шинэ улирлаа догдлон хүлээсээр. Өнгөрсөн хичээлийн жилд танхим болон цахим сургалтыг хослуулах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Харин энэ улирлаас танхимаар хичээл, сургалт явуулах нь хоцрогдол болоод бусад эрсдэлээс сэргийлэх гол зүйл болж байгааг онцолж буй билээ. Тиймдээ ч багш, сурагчидгүй танхимын хичээлийг санагалзаж байгаа аж.
Бид Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль дээр очлоо. Сургуулийн багш нар “Хичээл эхлэхтэй холбоотойгоор сургуулийн засварын ажлыг яаравчлан дуусгаж, ариутгал хийж, энэ долоо хоногт бэлтгэл ажил бүрэн дуусна” гэв.
ТАНХИМААР ОРОХ НЬ БАГШ НАРЫН АЧААЛЛЫГ БАГАСГАЖ, СУРАГЧДЫН ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Нийслэлийн 50 дугаар сургуулийн сургалтын менежер:
-Боловсролын сайдын А/25 дугаар тушаалд хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай тусгасан. Үүнд зааснаар хоёрдугаар сарын 14-нөөс 5/9-ийн зарчмаар ажиллана. Харин энэ сарын 28-наас хичээлийг танхимаар эхлүүлэх шийдвэр гарсан. Манай сургуулийн хувьд хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, анги танхимын зохицуулалтаа хийгээд явж байна. Одоогоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж амжаагүй. Энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй байна.
Хүүхдүүд маш их хоцрогдолтой байгаа учраас цаашид танхимаар орохыг эцэг эхчүүд, сурагч, багшгүй л хүсч байна. Хоцрогдол арилгах гол арга бол танхимаар хичээл оруулах шүү дээ. Учир нь сурагчид нэг долоо хоногт танхимд үзсэн мэдлэгээ хоёр дахь долоо хоногт зайн сургалтаар хангалттай давтахгүйгээс болоод хичээлийн хоцрогдолтой болж байна. Иймд халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмаа сайтар сахиж, хичээлийг эхлүүлэх нь зүйтэй.
Танхимаар хичээллэх нь багш нарын ачааллыг хоёр дахин бууруулна. Одоо хосолсон хэлбэрээр орсноор багш нар нэг хичээлийг хоёр өөр төрлөөр бэлтгэж, агуулгыг нь гаргаж байна. Танхимаар хичээл орвол нэг агуулгаа сайн боловсруулж, сурагчдад хүртээмжтэйгээр заана гэж ойлгож болно. Халдвараас сэргийлэх тухайд гэрээт компаниар ариутгал хийлгэж, хүн хоорондын зай барих болон бусад шаардлагатай зөвлөмж, мэдээллийг боловсруулж бэлэн болгоод байна. Удахгүй сурагчдаа хүлээж авна гэхээр сэтгэл өндөр байна. Сургууль дээр тандалтын баг ажиллаж байгаа учир өвдсөн тохиолдолд тусгаарлалтад шилжүүлж, хичээл сургалтыг хүргэх тал дээр ч мөн анхаарч байна.
БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ, ХИЧЭЭЛИЙН АГУУЛГАА БОЛОВСРУУЛСАН
Биднийг хэд хэдэн сургууль, цэцэрлэгээр ороход багш, ажилчид "Бэлтгэл ажил хараахан дуусаагүй ч энэ долоо хоногт бүрэн дуусгана" гэсэн тайлбар өглөө. Тухайлбал, 22, 108 дугаар цэцэрлэг, 33, 44, 69 дүгээр сургуулиар ороход багш нар өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлжээ. Мөн тэд сургалтын хөтөлбөрөө хэлэлцэж, боловсруулсан байна. Хоёр долоо хоногийн хугацаанд өмнөх хэлбэрээр явах учир асуудалгүй гэлээ.
Цэцэрлэгийн хувьд гурван настай хүүхдүүдийг бүртгэх ажилтнууд сууж, "Бүртгэлийг харъяа хороо, дүүргийн дагуу хийх бөгөөд эцэг, эхчүүд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж ирж байна" гэсэн юм.
Улсын хэмжээнд нийт 280 сургууль, 1453 цэцэрлэг байгаагаас нийслэлд 677 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насны буюу 0-5 настай нийт 463 мянга орчим хүүхэд байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 148 ерөнхий боловсролын сургууль, 275 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Удирдлагууд өөрсдийн сургууль, цэцэрлэгийн гэрээт байгууллагуудтай харилцан тохиролцож, өдрөө товлож анги, танхимыг бүрэн халдваргүйжүүлж эхэлжээ. Мөн боловсролын байгууллагууд бүгд танхимын хичээлийг дэмжиж байгаагаа хэлсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтнаас энэ талаар тодруулахад "Хичээл эхлүүлэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл нь вакцинжуулалт байсан. Хоёрдугаарт, хүүхдийн дунд өвчлөл бага байлаа. Тиймээс 5/9 зарчмаар танхимын сургалтыг эхлүүлсэн. Энэ нь оносон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар илэрсэн. Сургууль, цэцэрлэгт халдвар голомтлож тархаагүй. Цаашдаа сургууль, цэцэрлэгийг хааж болохгүй зөвлөмжийг олон улсын байгууллагууд Засгийн газарт хүргүүлээд байна.
Хоёр жилийн хугацаанд эцэг, эхчүүд, багш, хүүхдүүдийн дунд маш их зөрчил үүссэн. Одоо энэ асуудлыг арилгах тал дээр яамнаас анхаарч байна. Бага насны хүүхдүүдийг халдвараас хамгаалах тал дээр эцэг, эхчүүд ч сайн анхаарах нь зөв. Сургуулийн орчинд халдвар авах тохиолдол харьцангуй бага. Харин гэр бүлээс хамааралтай өвчлөл их бүртгэгддэг учир халдварын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй талаар яамнаас болон ЭМЯ-наас зөвлөмж мэдээллийг сургуулиудад хүргүүлсэн" гэлээ.
ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЦААШИД Ч ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Цар тахлын шинэ хувилбар буюу омикроны халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоохоор болсон. Харин өчигдөр Л.Энх-Амгалан сайд цаашид хичээлийг танхимаар оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд бэлтгэлээ хангаж, багш нар ч хөтөлбөрөө боловсруулсан байна.
Харин халдварын дараагийн давлагаа гарч ирэх тохиолдолд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, дахин өөр төлөвлөгөө боловсруулж магадгүйг албаныхан сануулсан. Гэхдээ дэлхий нийтийн барьж буй бодлогоос харвал цаашид хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Ямартай ч ЭМЯ-наас боловсролын байгууллагуудад зөвлөмж мэдээлэл хүргэжээ.
Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд нэгдэж, тусгай ажлын хэсэг гаргасны дагуу ямар зарчмаар хичээл орох нь зүйтэй болохыг судалжээ. Энэ судалгааны дүнд халдвараас сэргийлэх дэглэмээ баримталж, хичээлийг танхимын хэлбэрээр оруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.
Өмнө нь Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдахад тухайн бүлгийн хичээл зогсч байсан. Мөн Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн хичээлийг зайн сургалтад шилжүүлж байсан билээ. Одоогоор сургалтын байгууллагуудад тус зарчмыг баримтлах эсэх талаарх албан мэдэгдэл ирээгүй байна.
Холбоотой мэдээ