Гадаа хараахан дулаараагүй байгаа ч хүйтнийг мартуулам халуухан нүүр будалтын трэндүүд айсуй. 2022 оны хавар, зуны загварын шоунаас сэдэл авсан нүүр будалтын гайхамшигтай санаануудыг загварын мэргэжилтнүүдийн таамаглалтай хослуулан толилуулж байна.
Жаргах нарны гялбаа
Колина Страдагийн шоунаас харахад цонхны цаанаас ээж буй жаргах нарны алтлаг гялбааг нүүр будалтдаа түлхүү ашиглажээ. Тэд арьсыг бүхэлд нь гэрэлтүүлэхийн тулд “M.A.C” брэндтэй хамтарч ажилласан байна. Нүүрний арьснаас гадна чих болон гарын товгор хэсэгт өнгө нэмэн өгч гялалзуулжээ. Үлгэрийн цэцэрлэгт хүрээлэнд өдрийг хөгжилтэй өнгөрөөж буй эмэгтэйн дүр төрхийг төсөөлөн энэхүү нүүр будалтаа хийсэн байна.
Нүдний хурц, тод өнгийн будалт
“Euphoria” брэнд нүд будалтад цоо шинэ хувьсал хийсэн. Цаг агаар дулаарахын хэрээр өөр олон сонирхолтой нүд будалтын санааг бидэнд өгнө гэж найдна. Энэ хавар “Euphoria” загварын буюу хөгжилтэй, хурц тод, контураар тоглолт хийсэн нүд будалтууд трэнд болох нь. Контурын өнгөөр тоглоод зогсохгүй хөгжилтэй хэлбэр, дүрс хүртэл үүсгэж болох юм.
Хоёр өөр нүд
Ирэх хавар нүдний тод будалт зонхилох бөгөөд тэр дундаа хоёр нүдээ өөр өөр будвал илүү шинэлэг байх аж. “Хоёр нүд өөр өөрийнхөөрөө гялалзах цаг иржээ. Би ногоон, үзмэн ягаан хоёр өнгө сонголоо” гэж нүүр будагч Хөркмэн хэлжээ.
Шүүдрийн дусал мэт “Highlight”
Нүүр будалтынхаа төгсгөлд шүүдрийн дусал мэт үл ялиг “Highlight” нэмж өгснөөр та дөнгөж саяхан гоо сайхны газар чийгшүүлэх аппаратад орсон мэт харагдах болно. Хэт их гялалзсан “Highlight”-аас татгалзах цаг болсон байна шүү.
Тод уруул
Гүн өнгөөр хүрээлж, тунгалаг гялалзсан өнгөлөгчөөр будсан уруул энэ хавар хаа сайгүй харагдвал та битгий гайхаарай.
"Зөөлөн" хөмсөг
Хөмсгөө хөнгөхөн будаж, шаардлагатай хэсгүүдэд нь үл ялиг тодруулж өгснийхөө дараа сойзоор самнаарай.
Зоримог бөгөөд гялалзсан
Хүрлийн өнгөөр гялалзсан арьсан дээрх неон “Highlight”. Нэмээд зовхиныхоо гадна доторгүй ногоон, хөх, ягаан өнгөөр будаад болох нь тэр.
Нүүрэн дээрх урлагийн бүтээл
“Thom Browne”-ийн загварын шоунаас олж харсан гурван онцгой дүр төрх бол “театрчилсан”, “уран баримлын өнгө аястай”, “саарал тоосго” гэсэн нүүр будалтууд байв. Ямархуу загварын нүүр будалт вэ гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой байгаа биз ээ.
90-ээд оны уруул
Ерээд онд бүсгүйчүүд тоорын өнгөтэй, үл ялиг гялалзсан, хүрээлсэн уруул будалтаар амьсгалж байв. Тэгвэл ирэх хавар энэ өнгө төрх эргэн ирж байна.
Эх сурвалж: ELLE
Холбоотой мэдээ