Энэтхэг АНУ-гийн талаар ДХБ-д мэдүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Энэтхэг АНУ-гийн талаар ДХБ-д мэдүүлэх нь

АНУ “протекционист” бодлого баримтлан ажил эрхлэх боломж олгодог визнийхээ төлбөрийг нэмэгдүүлсэн асуудлаар Энэтхэг улс Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол мэдүүлэх гэж байгаа талаараа Мягмар гаригт мэдээллээ. Мексикийн хил дагуу хууль бусаар хил нэвтрэн орч ирж байгаа цагаачдын урсгалыг зогсоож, аюулгүй байдлаа сайжруулахын тулд гарах зардалдаа зориулж АНУ-ын Засгийн газар визнийхээ төлбөрийг нэмэх хууль баталсан юм.

“Арилжааны ашиг сонирхлыг нь хөндөж, хохироож байгаа тул” Энэтхэг энэ асуудлыг зүгээр орхихгүй. “Визний үнээ өсгөсөн нь Дэлхийн Худалдааны Байгууллагын зарчимтай нийцэхгүй. Тиймээс АНУ-ын хууль тогтоогчдын баталсан хуулийн талаар дараагийн арга хэмжээг авах болно” гэж Энэтхэгийн худалдааны асуудал хариуцсан сайд Рахул Хуллар мэдэгдсэн байна.

Өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэг зуран хүчин төгөлдөр болгосон хуулиар Энэтхэгээс АНУ-д ажиллахаар ирж байгаа мэдээллийн технологийн ажилтнуудын визний үнийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн юм. Энэтхэгийн топ программ хангамжийн мэргэжилтнүүдийн Үндэсний Программ Хангамжийн Үйлчилгээний Компаниудын Холбооны ярьж байгаагаар энэ хууль хэрэгжсэнээр Энэтхэгийн иргэд, компаниуд жилд 200-250 сая ам.долларыг АНУ-ын визний төлбөрт төлөх ёстой болно.

Дэлхийн шилдэг 500 компанийн талаас илүү хувь нь мэдээллийн технологийн шийдлээ Энэтхэгрүү аутсорсингоор өгч хийлгүүлдэг бөгөөд барууны олон компаниуд Энэтхэгт мэдээллийн технологийн салбаруудаа нээн ажиллуулж байгаа юм. АНУ-ын цагаачлалын бус “H1B1” болон “L” ангилалын визний үнэ одоо 2,500 орчим ам.доллар байгаа бөгөөд шинэ хуулийн дагуу энэ үнэ 2,000 орчим ам.доллараар нэмэгдэх болно. АНУ-д ажилгүйдэл их байгаа нь аутсорсингийн салбарыг олны шүүмжлэлд өртөхөд нөлөөлж байна гэж “AFP” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж