Америкийг Хятадаар сольсон "Цасны гүнж" Эйлин Гу

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Америкийг Хятадаар сольсон "Цасны гүнж" Эйлин Гу

Америкийг Хятадаар сольсон "Цасны гүнж" Эйлин Гу

Бээжин-2022 өвлийн олимпийн цанын чөлөөт гулгалтын эмэгтэйчүүдийн “Big Air” төрлийн медальтнууд өнөөдөр/2022.02.08/ тодорлоо. Мэргэжилтнүүдийн таамаг ёсоор “Цасны гүнж” хэмээн олонд танигдсан Эйлин Гу түрүүлж, Францын Тесс Ледо мөнгөн медаль, Швейцарийн Матилде Гремауд хүрэл медаль тус тус хүртэв.

Энэ төрөлд түрүүлсэн Эйлин Гу нь Америкт төрч, өссөн хэдий ч олимпод Хятадыг төлөөлөн оролцсон. Өдгөө 22 настай тэрбээр багаасаа л тодорсон бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүдэд түрүүлснээс гадна 2020 оны залуучуудын өвлийн олимпоос алтан медаль, өнгөрсөн жилийн “Winter X Games”-ээс гурван медаль хүртжээ.

Сан Францискогийн уугуул, Калифорнигийн Лэйк Таход гулгахыг сурсан түүнийг Америкийг бус Хятадыг төлөөлөх болсонд олон хүн дургүйцсэн. Ялангуяа Америк, Хятадын харилцаа эмзэг үед ийм шийдвэр гаргасныг хүмүүс таагүй хүлээн авсан.

Эйлин Гу 2018 он хүртэл Америкийн далбаан дор тэмцээн уралдаанд оролцдог байсан ч яг дараа жил нь олон улсын цанын холбоонд бүртгэлтэй харьяаллаа Хятад болгов. Америк аав, Хятад ээжтэй Гу энэ талаараа тайлбарлахдаа “Миний ээжийн төрсөн газар Бээжинд болох өвлийн олимпийн үеэр би сая сая залуучуудад урам зориг өгөх боломжийг хүссэн” гэжээ.

Түүний аавын талаарх мэдээлэл ховор бөгөөд тэр ээжээрээ овоглодог.

Хамгийн гол нь Эйлин Гу аль улсын иргэншилтэй вэ гэдэг нь асуулт хэвээрээ байгаа. Тамирчин бүсгүй ч өөрийнхөө иргэншлийн статусыг ил болгоогүй. Олимпод ороход ч энэ нь нэг их асуудал үүсгээгүй. Хятад улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй ч олимпод оролцохын тулд Хятадын иргэншилтэй эсвэл байнгын оршин суух статустай байх ёстой аж.

2020 онд Хятадын хууль зүйн яам гадаадын иргэдэд байнгын оршин суух зөвшөөрөл олгох журмаа өргөжүүлж, спорт, шинжлэх ухаан, соёл болон бусад салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст боломж олгосон гэнэ. Энэ журам Эйлин Гуд үйлчилсэн гэж Нью-Йорк дахь Хятадын консулын газраас "ВВС"-д мэдэгджээ. Ингэснээр Эйлин Гу Америк иргэншилтэй ч Хятадад байнгын оршин суух зөвшөөрөлтэй учир олимпод зохион байгуулагч орныг төлөөлсөн аж.

Өнгөрсөн жил Эйлин Гу  “South China Morning Post” өгсөн ярилцлагадаа “Би харагдаж, ярьж байгаагаараа бол бүрэн Америк хүн. Хэн ч Америк гэдгийг минь үгүйсгэж чадахгүй. Харин Хятадад очиход хэн ч миний Хятад гэдгийг үгүйсгэж чадахгүй. Учир нь би хэл, соёлоо бүрэн мэддэг” гэжээ.

Эйлин Гу “Хар амь ч хамаатай” хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-д Азиудын эсрэг хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлж байсан ч Шинжаан дахь Уйгар үндэстнийг олноор нь баривчлах, Хонг Конгт ардчиллыг дэмжигчдийг баривчилсан зэрэг асуудлаар чимээгүй байсан нь шүүмжлэл дагуулсан. Стэнфордод сурдаг түүнийг Хятадын төр засгаас ч хэд хэдэн баримтат кинонд тоглуулж, Хятадын төрийн дэмжлэгтэй хэвлэлийн байгууллагууд "Суут цаначин охин", "Цасны гүнж" зэргээр тодорхойлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж