"Монгол гэлтгүй Азийн бүх улс оронд Хятад нөлөөгөө тогтоож байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

"Монгол гэлтгүй Азийн бүх улс оронд Хятад нөлөөгөө тогтоож байна"

"Монгол гэлтгүй Азийн бүх улс оронд Хятад нөлөөгөө тогтоож байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалын онцлог, ач холбогдлын талаар олон улс судлаач С. Баясгалан болон эдийн засагч Ч.Отгочулуу нарын байр суурийг хүргэе.


  МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалан:

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол Улсын  хөгжил гэхээсээ илүүтэй өнөөгийн Засгийн газар үлдсэн хугацаандаа амжиж “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх,  цаашлаад 2024 оны  сонгуульд бэлдээд байна уу даа гэж харагдсан.  Ерөнхийдөө Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэчих шиг боллоо.  

Цар тахлын дараах эдийн засгийг тэлэхэд зориулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлаар тохироо хийсэн байх.

Ерөнхий сайд өнгөрсөн оны нэгдүгээр сард "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай” гэж мэдэгдэж байсан удаатай. Тиймдээ ч Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын “Даян дэлхийн хөжлийн санаачилга” , “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах тухай яригдсан. Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтаар хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүдийн талаар ярьсан нь онцлох сэдвийн нэг байлаа.

Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гацаанаас гарна. 14 жил гацсан төмөр замаа ашиглалтад оруулахаар болж байна.  Энэ нь мэдээж сайшаалтай. Мөн экспортын 50 гаруй хувийг дангаараа гаргадаг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон нь ач холбогдолтой. Алтанбулаг-Замын-Үүд чигдэдийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд анхаарал хандуулахаар болсон.

Ийнхүү Хятадын талаас “Даян дэлхийн хөжлийн санаачилга” бодлогын хүрээнд Монголын дэд бүтцийн салбарт тусламж үзүүлэхээр болж байна.  Энэ нь  товчхондоо Хятадын хөрөнгө оруулалт, компани, ажилчдаар бүтээн байгуулалтын ажлыг хийлгэнэ гэсэн үг.  

Монголд бонд нь улс орны хөгжил рүү ордоггүй хэн нэгний халаас руу ордог. Үүний эцэст Хятадын хөрөнгө оруулалт, компани, ажилчдаар бүтээн байгуулалтын ажлыг хийлгэдэг арчаагүй байдал руу орчхоод байна.

Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдал гадаад бодлогод нөлөөлнө. Бид хоёр хөрш болон гуравдагч хөршийн тэнцвэрийн асуудлыг ярьдагч  эцсийн дүндээ зөөлөн хүчний бодлогоор харахад мөнгө  асуудлыг шийддэг болчихжээ. Тиймээс энэ цаг үед Хятад улс "Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд  дан  ганц Монгол гэлтгүй дундад Азийн бүх улс оронд  нөлөөгөө тогтоож байна.  Монгол эрт орой хэзээ нэгэн цагт Хятадын нөлөөний бүс рүү орох нь тодорхой. Монгол дахь Хятадын нөлөө Оросоос илүү. Үүн дээр нь нэмээд Монгол,  Хятадтай харилцаа  эрчимжээд эхлэхээр Орос хяналтаа алдах вий гэх асуудал бас яригдаж байна. Хэрэв Хятадтай ямар нэг асуудал гарлаа гэхэд Оросын талаас Монголыг дэмжинэ. Учир нь муугаар хэлэхэд Монголыг хяналтдаа байлгах, сайнаар хэлбэл манайхыг дэмжих бодлого л доо. “Бүс ба зам” бодлого нь БНХАУ-ын эдийн засгийн орон зай буюу нэг улсын интеграци юм. Үүний эсрэг ОХУ өөрийн хувилбараа дэвшүүлж байгаа нь Евроазийн эдийн засгийн холбоо. Манай улсын хувьд “жийргэвч улс” хэвээрээ байгаа. Аль хаант засгийн үеэс барьж ирсэн бодлого нь одоо ч хэвээрээ байна. Тиймээс  Оросын талаас манайхыг Хятдад алдахаасаа илүү өөрийн талд барьж байх бодлого барьсан нь дээр шүү дээ. 

НАРИЙН ЦАРИГ БОЛ ДЭЛХИЙ ДАЯАР ТҮГСЭН ГЕРМАН СТАНДАРТ

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар Гашуунсухайтын төмөр замын нарийн өргөн царигийн маргааныг эцэслэсэн гэж мэдэгдсэн. Төмөр зам нь экспортын зардлыг бууруулах, ялангуяа Монголын  нүүрсний салбарын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг эрс сайжруулахад чухал ач холбогдолтой. Төмөр замаар зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолно гэж үзэж байгаа бол мэдээж нарийн цариг нь ашигтай. ОХУ-д хүртэл экспортыг дэмжих зорилготой нарийн царигтай төмөр зам бий.

Нарийн цариг бол дэлхий даяар түгсэн Герман стандарт. Ийм стандартыг ашиглан дэлхийн хамгийн том худалдан авагч зах зээлтэй холбогдох нь үе үеийн Засгийн газруудын анхаарлын төвд байж ирсэн. Энгийн бараа бүтээдэхүүн экспорт, импорт хийнэ гэвэл өргөн цариг ч болно.

Ер нь төмөр замтай холбоотойгоор Хятадын талтай нарийн тохирох шаардлагатай. Зам нь хаагуураа явах, ямар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх гэх мэт олон асуудлууд байна. Төмөр зам барих асуудал нь богино хугацаанд хийчих асуудал биш. Гашуунсухайтын төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн ч бүх бараа бүтээгдэхүүний экспорт импорт чөлөөтэй явчихна гэсэн үг бас биш шүү дээ. Боомтын нэвтрүүлэх хүчин чадал,  цариг шилжүүлэх гээд өөр чухал асуудлууд ч  бий. Ирээдүйд агаарын тээврийг либералчлах замаар Турк, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай хийж буй агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх шаардлагатай.

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу тавих хийн хоолойн төслийг эрчимжүүлэхээр хоёр улсын Ерөнхий сайд тохиролцсон. Эдийн засгийн талаасаа манайд давуу талууд бий болох боломжтой. Гэхдээ  тухайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд олноор оролцох тохиолдолд шүү.  Мөн байгальд ээлтэй эрчим хүчний нэг эх үүсвэрийн хангамж нэмэгдэх боломжтой. Геополитикийн хувьд анхаарах асуудал бий. Учир нь манай хоёр хөрш эдийн засгийн гадаад харилцаандаа улс төр, дипломат бодлогын шаардлагуудаа хүчтэй шингээдэг онцлогтой улсууд юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж