Эрүүл мэндийн 14 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн талаар салбарын яамнаас өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цаг захиалах, вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт, жирэмсний лист зэргийг цахимаар авах боломжтой болсон. Мөн эрүүл мэндийн карт болох өвчтөний түүхийг цахимд шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр хүн бүр цахим карттай болж, эрүүл мэндийн мэдээлэл нь цахимаар хадгалагдах юм. Эрүүл мэндийн салбарт хийж буй цахим шилжилт болон өвчлөлийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
-Иргэд эрүүл мэндий цахим картыг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Дэлхийн банкны цахим төслийн хүрээнд иргэний эрүүл мэндийн картыг цахимд шилжүүлж байна. Цахимд шилжүүлэх бэлтгэл ажлыг 2021 оноос хангаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар программ хангамжийн ажил дуусах шатандаа байна. Бэлтгэл ажил энэ оны зургадугаар сард бүрэн дуусна. Тиймээс долдугаар сараас эхлэн хүн бүрийг цахим карттай болгохоор төлөвлөж байна.
Хэрэв тухайн хүний эрүүл мэндийн мэдээлэл үйлчлүүлсэн эмнэлэгт хадгалагдаж байвал цахим картад шилжинэ. Харин цаасан картад байгаа тухайн хүний эрүүл мэндийн мэдээлэл эмнэлэгт хадгалагдаагүй бол хувь хүний хүсэлтээр нэмэлтээр оруулж болно. Гэхдээ ийм шаардлага гарахгүй болов уу гэж харж байна. Ерөнхийдөө цахим картыг ашиглаж эхэлснээс хойш эрүүл мэндийн мэдээлэл нь хадгалагдана.
–Цахимд хадгалсан хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах талаас хэрхэн анхаарч байна вэ. Хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас хакердуулах, мэдээлэл гадагшаа задрах эрсдэлээ хэрхэн тооцож байна вэ?
-Хууль, эрх зүйн хүрээнд иргэн бүрт 10 оронтой код өгнө. Тэгэхээр төрийн сервирт хувь хүний мэдээлэл овог нэрээр харагдахгүй, тусгай 10 оронтой кодоор харагдана. Иймд хакердах боломж байхгүй. Хэрэв хакердлаа гэхэд тухайн хувь хүний мэдээлэл танигдахгүй. Мөн "И-монголиа" болон “хур” мэдээллийн систем аюулгүй байдлыг хамгаалсан.
–Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд эрүүл мэндийн цахим картаа нээлгэх боломжтой юу?
-Хүн бүрийг цахим картын системд шилжүүлэх үед илүү тодорхой мэдээлэл гаргана. Иргэний үнэмлэх дээрх чипийг ч ашиглаж магадгүй. Энэ нь эцсийн хувилбараар шийдэгдээгүй. Бидний хувьд иргэний эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг цахимд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид цахим картыг тусад нь нээх үү аль эсвэл иргэний үнэмлэхт байршуулах уу гэдгийг хэрэгжих шатанд эцсийн шийдвэрийг гаргана.
–Эрүүл мэндийн яам 14 төрлийн тусламж үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Цаашид ямар тусламж үйлчилгээг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна?
-Бидний зүгээс аль болох эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээг цахимд шилжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр бүх шинжилгээний хариуг цахимаар авах боломжтой. Цаг захиалах, жирэмсний лист, хөдөлмөрийн чадвар алдсаны лист, вакцины гэрчилгээ зэргийг цахимаар авах боломжтой. Хамгийн гол нь, эмнэлгүүдийн хоорондын мэдээллийг уялдаа холбоотой болгохоор зорьж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагууд 37 нэр төрлийн программ хангамжийг Дэлхийн банкны цахим төслийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформд холбож байна. Ингэснээр иргэний нэг эмнэлэгт очиж үзүүлсэн мэдээлэл нөгөө эмнэлэгт бүрэн харагдах, эмнэлэг хооронд иргэний мэдээллийг солилцох боломжтой болох юм. Мөн иргэний хувьд зарим тохиолдолд үүсдэг шаардлагагүй шинжилгээний давхардал арилж, иргэнд ээлтэй эмнэлгийн тусламж үзүүлэх давуу талтай. Цаашид эмнэлгийн шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээг цахимд шилжүүлхээр төлөвлөсөн.
–Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан цахим шилжилтээр ямар ажил хийж байна. Тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдсэн гэсэн?
-Аж ахуйн нэгж байгууллагуудад олгох тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлэх ажил дууссан. Энэ дагуу тусгай зөвшөөрлийг цахимаар авч байна. Мөн магадлан итгэмжлэлийг цахимаар авч эхэлсэн. Эдгээр нь албан хаагчийн нөлөөлөл орохгүй, цаг хугацаанд нь хариу шийдвэр гаргаж өгдөг байх л зорилготой. Эрүүл мэндийн салбарын эмнэлгүүдийн программыг нэгтгэнэ.
–Дэлхийн банкны цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа дээрх ажилд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?
-Дэлхийн банкны цахим төсөл 19 сая ам.доллараар хэрэгжиж байгаа.
–Таны хувьд өмнө нь Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байна. Одоо Бодлого төлөвлөлт хариуцаж байна. Тиймээс цар тахлын эсрэг ямар бодлого шийдвэр гаргахаар төлөвлөж ажиллаж байна вэ. Эмнэлгийн бусад тусламж үйлчилгээнд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Бид 2021 онд томоохон ажлууд хийсэн. Үүний нэг нь цахим шилжилт. Энэ бол эхлэл. Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж эрт илрүүлгийг эхлүүлэх, эмнэлгийн бусад тусламж үйлчилгээнд хэрэгжүүлсэн ажлуудад ч бас анхаарна. Ерөнхийдөө дэлхий дахин new normal хэв шинж буюу цар тахалтай дасан зохицож амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.
Саяхны судалгаагаар, цар тахлын омикрон хувилбарын тархах чадвар өндөр ч хөнөөл багатай. Нас баралт нь томуугийн түвшинд хүрсэн. Монгол Улсын хувьд мөн адил жилд томуугийн хүндрэлээр хатгаа болж 500 орчим хүн нас бардаг. Гэтэл дэлхий дахинд омикроны халдварлалт, нас баралт томуутай төстэй боллоо. Тиймээс бид омикроны тархалтыг томуугаас тусад нь үзэж өмнөх шиг хөл хорих зэрэг том арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй. Жил бүр сайн дурын вакцинд иргэдийг хамруулж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч, хүн бүр амны хаалтаа зүүх л хэрэгтэй болж байна.
–Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчнөөр жил бүр 500 хүн нас барж байгаа бол омикроноос шалтгаалсан нас баралтыг хэрхэн ялгаж байна?
-Бид Эрүүл мэндийн яамны статистик мэдээлэлдээ нас баралтын шалтгааныг тодорхой гаргаж байгаа. Ер нь амьсгалын замын халдварт өвчний хүндрэлээр архаг хууч өвчтэй, бага насны хүүхэд зэрэг 500 гаруй хүн жилд нас бардаг. Тиймээс омикроны тархалт, нас баралт томуугийн үетэй ойролцоо болж байна л гэсэн үг.