Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл энэ жилээс хэвийн үргэлжлэхээр болжээ. Засгийн газрын 2017 оны оны 32 дугаар тогтоолд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах, ямар хүмүүсийг хамруулах, хамрагдах хүмүүс ямар шалгуур хангасан байх талаар тодорхой заасан байдаг. Оюутан цэрэгт их, дээд сургууль болон МСҮТ-д суралцаж буй оюутнууд хамрагдана. Өнгөрсөн хоёр жил цар тахлаас шалтгаалж бүртгээгүй ч 2022 онд хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Бүртгэл гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ. Бүртгүүлэх оюутнууд:
- 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
- Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
- Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.
Энэ жилээс өөрчлөгдсөн нэг зүйл бол бүртгэлийн ажлыг цахимжуулсан явц аж. Тухайлбал, оюутнууд өмнө нь сурч буй их, дээд сургуулийнхаа сургалтын албанаас энэ талаарх бичиг аваад дүүргүүдийн цэргийн штаб дээр очиж бүртгүүлдэг байсан. Харин ирэх сард биечлэн бүртгэл хийлгэх шаардлагагүй байна.
Засгийн газрын тогтоолын дагуу “Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх журамтай ч халдварын тархалтаас шалтгаалж бүртгэлийн хугацаанд өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ одоогоор товлолт хугацаанд зайлшгүй нөхцөл байдал үүсэхгүй бол цахим учраас өөрчлөлт оруулахгүй гэлээ. Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж боломжтой гэж Цэргийн албаны тухай хуулийн 7.7-т заасан байдаг. Энэ хөтөлбөр нь суралцах хугацаандаа цэргийн алба хаших боломж олгодгоороо давуу талтай. Тухайлбал, оюутан байх хугацааны зуны хоёр сард багтаж цэргийн боловсрол олж авдаг билээ. Энэ боломжийг 2014 оноос эхлэн олгоод байгаа. 18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх нь гол шаардлага юм.
Төлбөрийн хоёр багц цагийн төлбөр төлсөн байх ёстой бөгөөд карантенд байх хоёр сараас гадна дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын тэнхимийн хичээлд Бямба, Ням гаригт хамрагдсан байх шаардлага нь хэвээрээ үргэлжлэх байна.
Холбоотой мэдээ