Арианна Фонтана олимпоос 10 дахь медалиа хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Арианна Фонтана олимпоос 10 дахь медалиа хүртэв

Арианна Фонтана олимпоос 10 дахь медалиа хүртэв

Италийн тамирчин Арианна Фонтана эмэгтэйчүүдийн шорт трекийн 500 метрийн төрөлд түрүүлж, олимпоос 10 дахь медалиа хүртлээ. Тэрбээр 42.488 секундэд зайгаа дуусгаж, аваргаа хамгаалсан бол түүний араас Нидерландын Сюзанн Шултин, Канадын Ким Боутин нар удаалжээ.

Өдгөө 31 настай Итали бүсгүй олимпоос хамгийн их медаль хүртсэн шорт трекийн тамирчин болов.

Арианна Фонтана түрүүлснийхээ дараа “Уралдааны сүүлийн мөчид дотроо “Одоо эсвэл хэзээ ч үгүй” гэж бодсон. Хэдийгээр эхэлж тэргүүлээгүй ч төвлөрч, хяналтаа алдаж болохгүйгээ мэдэж байлаа. Алдаагаа засах, хоцорсоноо нөхөх цаг байсан. Би зөв цагтаа хангалттай хурд гаргаж, дайрч чадлаа” гэжээ.

Дөрвөн жилийн өмнө мөн л Итали, Нидерланд, Канадын бүсгүйчүүд энэ зай, төрлийн алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж байв. Тодруулбал, 2018 оны олимпийн аваргаар Арианна Фонтана тодорч, мөнгөн медалийг Нидерландын Йара ван Керхоф, хүрэл медалийг Канадын Ким Боутин хүртэж байсан аж.

15 настай Арианна Фонтана 2006 оны Ториногийн олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн буухиа төрөлд хүрэл медаль хүртэж, Италийн өвлийн олимпийн хамгийн залуу медальтан болж байлаа. Тэрбээр 2020 онд Италийн тэшүүрийн холбоотой үл ойлголцож, Будапештийг зорьж, Унгарын шигшээ багтай бэлтгэл хийж байсан билээ. Энэ талаараа Фонтана тайлбарлахдаа “Би болон манай гэр бүл хүнд цаг үеийг давж туулах хэрэгтэй болсон. Хүмүүс намайг хүсээгүй. Холбоо маань ч дэмжээгүй. Нөхрийг маань миний дасгалжуулагчаар ажиллуулахыг тэд хүсээгүй. Харин өнөөдөр бид тэр хамгийн шилдэг дасгалжуулагч гэдгийг батлан харууллаа. Тэд надад туслаагүй. Тэд намайг энд байлгахгүйн тулд бүхнийг оролдсон. Хүнд байсан шүү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж