Алтны эрэлт өсч, үнийн сэргэлт удаан үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Алтны эрэлт өсч, үнийн сэргэлт удаан үргэлжлэх үү?

Алтны эрэлт өсч, үнийн сэргэлт удаан үргэлжлэх үү?

Дэлхий даяар цар тахлын илүү хүчтэй давлагаа дэгдэх болсноор нислэгүүд цуцлагдан, оффисууд хаагдаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэх эрсдэл түгээмэл тохиолдож буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, цаашлаад 2022 оны өсөлтийн төсөөллийг сааруулах эрсдэл болж байна.

Тоон мэдээллээс харахад, омикрон хувилбар өмнөх хувилбаруудаас аюул багатай гэсэн урьдчилсан таамаглал бий ч цаашид цар тахлын тохиолдлын болон нас баралтын тоо хэрхэн өөрчлөгдөхөөс 2022 оны өсөлтийн төлөв ихээхэн хамаарах юм.

Дэлхийн зах зээл дээр экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн өөрчлөлт анхаарлын төвд байна. Тухайлбал, алтны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1829 ам.долларт хүрч өсөв. АНУ-ын инфляци 6.8 хувьд хүрч, инфляцийн дарамт өндөр, омикроны тархалт эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалж алтны үнэ нэмэгджээ.

Холбооны нөөцийн банк гуравдугаар сараас бодлогын хүүгээ өсгөх дохио өгсөн нь уруудаж байсан алтны үнийг эргэн сэргэхэд нөлөөлөв. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа алтны ирээдүйн төлөвийн талаарх мэдээллийг онцоллоо.

Хоёрдугаар сарын эхний долоо хоногийн арилжааны анхны өдөр алтны үнэ 0.3 хувиар өсч, унц нь 1797 ам.долларт тогтворжив. Гэвч “Oanda” байгууллагын шинжээчид үнийн энэ сэргэлт удаан үргэлжлэхгүй гэж таамаглаж буйгаа танилцуулсан юм.

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг ч өмнө нь алтны үнэ дунд хугацаандаа буурна гэж таамагласнаа танилцуулсан. Тус агентлагийн шинжээчид "Бид нэг унц алтны үнэ 2023 он гэхэд 1200 ам.доллар болж буурна гэж таамаглаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгасан, мөн Covid-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө алтны үнийн өсөлтийг хязгаарлаж, 1800 ам.доллараас дээш гарах боломж олгоогүй гэж үзжээ.

Дэлхийн алтны зөвлөл (WGC) "Алтны эрэлтийн хандлага" тайландаа алтны үнэ 2022 онд өснө гэсэн таамаглал дэвшүүлснээ танилцуулав. Тус тайланд өгүүлснээр, өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. Тус байгууллага 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр алтны эрэлт 14 хувиар буурч, 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод үзүүлэлт. 2021 онд нийт эрэлт 4000 тонноос давж, цар тахлаас үүдэн гарсан бууралтыг нөхөж чадсан” гэж онцлов. Эрэлтийн энэхүү өсөлтөд дөрөвдүгээр улирлын сэргэлт голлон нөлөөлжээ.

"Business standard"-д мэдээлснээр, хэдийгээр тус зөвлөл 2022 онд дэлхийн алтны эрэлт өсөх хандлагатай гэж төсөөлсөн ч Covid-19 цар тахалтай холбоотойгоор Энэтхэгт энэ онд алтны эрэлт буурах төлөвтэй байгааг тайландаа дурджээ.

Өнгөрсөн онд гулдмай, зоосны эрэлт 1180 тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 31 хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн найман жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт юм. Тоон мэдээллээс харахад, 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байв.

Өнгөрсөн онд төв банкууд нийтдээ 463 тонн алт худалдан авсан нь 2020 оны дүнгээс 82 хувиар дээшилж, 30 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Технологийн салбарын алтны эрэлт 2021 онд 330 тоннд хүрсэн нь мөн л сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт болов.

Дэлхийн алтны зөвлөл 2022 онд өнгөрсөн онтой адил алтны ханш хэлбэлзэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ нь төв банкууд инфляцийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого явуулах төлөвтэй байгаатай холбоотой аж. Тус зөвлөл инфляцийн түвшин өндөр хадгалагдах нөхцөлд алтны ханш өсөх боломжтойг тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд алтны нийт нийлүүлэлт 1 хувиар буурч, 4666 тоннд хүрсэн нь 2017 оноос хойших доод үзүүлэлт болов. Хэдийгээр дэлхийн алтны уурхайнуудын олборлолт өнгөрсөн онд 3560.7 тонн болж, 2 хувиар өссөн ч дахин боловсруулсан алтны нийлүүлэлт 11 хувиар буурч, 1149.9 тоннтой тэнцсэн нь нийт нийлүүлэлт буурахад хүргэжээ.

Цар тахал эхэлснээс хойш буюу өнгөрсөн 2020 онд Азийн биржүүдэд алтны үнэ нэг трой унц нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу 1923 ам.долларт хүрч өсч байв.

Монгол Улсын хамгийн том зэс, алтны “Оюутолгой” уурхайгаас Канадын “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн 2021 онд 468 мянган унц алт олборлосноо мэдээлсэн. Тус компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, өнгөрсөн онд 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн бөгөөд алтны гарц төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн байна. Тодруулбал, 2021 онд баяжмал дахь алтны агуулга 157 хувиар өсч, 468 мянган унц болжээ.

Оюутолгойн ил ба далд уурхайнуудын алтны олборлолтын хэмжээ

Эх сурвалж: “Алт 2025” хөтөлбөрийн суурь судалгааны тайлан

Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн 2021 онд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны 15.4 хувийг БНСУ-д, 84.6 хувийг Швейцарт тус тус экспортолсон талаар мэдээлсэн билээ.

Төв банкны алт худалдан авах үнэ өнөөдөр (2022.02.08)-ийн байдлаар 166,087.75 төгрөг байна. Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авчээ. Өнгөрсөн оны аравдугаар сард 3.2 тонн алт худалдан авсан нь сарын дүнгээр хамгийн өндөр дүн болжээ. 2021 онд нийт 20.8 тонн үнэт металл худалдан авсан байна. Төв банкны 2020 онд худалдан авсан үнэт металлын хэмжээ 23.6 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрч байв.

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд Монголбанкны алт худалдан авалт 100 орчим тонн хүрч, нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Үнэт металлын худалдан авалт нэмэгдэх нь гадаад валютын албан нөөцийн хэмжээ өсөхөд эергээр нөлөөлдөг. Цаашлаад төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК, ОЮУТОЛГОЙ, ГЕГ, BLOOMBERG, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж