Далай Ламд тавьсан 10 асуулт

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Далай Ламд тавьсан 10 асуулт

”Time” сэтгүүл уншигчдынхаа ирүүлсэн асуултуудаас 10 асуултыг нь Далай Ламд тавин хариулт авсан байна.

Та ер нь уурладаг уу? —Кантеш Гунтай, Пюн, Энэтхэг

Мэдээж тэгэлгүй яах вэ. Би чинь хүн шүү дээ. Ерөнхийдөө хэрвээ хүн хэзээ ч уурлахгүй байвал ямар нэг зүйл нь буруу байна гэсэн үг. Тархи нь зүгээр биш байна гэсэн үг. [Инээв]

Дэлхий дээр ийм их үзэн ядалт байхад та яаж өөдрөг, итгэлтэй байдаг вэ? —Жоана Котар, Франкфурт

Би ямар ч зүйлд өргөн өнцгөөс хардаг. Аллага, террорист халдлага, шившигтэй явдал, хаа сайгүй, өдөр тутам байдаг. Гэхдээ дэлхий ертөнц бүхэлдээ тийм гэж бодож болохгүй. Асуудал үүсгэдэг нь зургаан тэрбум хүнээс ердөө цөөн хэсэг нь.

Та анх Далай Лам болж байснаасаа хойш өөрчлөгдсөн үү? —Энди Томас, Кармартен, Их Британи

Би сайн дураараа Далай Лам болоогүй. Миний дуртай дургүйгээс шалтгаалаагүй. Эцэст нь би хариуцлага хүлээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Заримдаа энэ нь хэцүү, гэвч сорилт байх нь түүнийг давах боломжийг бий болгодог.

Та амьд сэрүүн байхдаа Хятадын засгийн газартай эвлэрэх боломж байгаа гэж хардаг уу? —Жозеф Ченг, Мельбурн, Австрали.

Тийм боломж бий. Гэвч өнгөрсөн туршлагаас үзвэл энэ нь амар асуудал биш. Хатуу байр суурь баримталсан хүмүүсийн олонхи нь асуудлыг өргөн хүрээнд нь харч чадалгүй, ойрын хараатай байдаг. БНХАУ-ын дотор ямар ч байлаа гэсэн дэлхий ертөнц түүнээс уудам. Улам олон хүмүүс, сэхээтнүүд байгаа нөхцөл байдалд таатай хандахгүй байгаагаа илэрхийлж байна. Өөрчлөлт гарах болно- энэ зайлшгүй.

Бид хүүхдүүддээ яаж уургүй байхыг заах вэ? —Робин Райс, Гранд Жанкшн, Колорадо, АНУ.

Хүүхдүүд ямагт эцэг эхээ хардаг. Эцэг эхчүүд илүү тайван байх хэрэгтэй. Маш их асуудалтай нүүр тулгарч байсан ч ухаан санаандаа тайван амгалан байх хэрэгтэй. Орчин цагийн боловсролын систем тархины хөгжилд их анхаарч байгаа ч зүрх сэтгэлдээ халуун энэрэнгүй байхыг заах тал дээр дутагдатай байна.

Далай Лам байхын оронд ердийн энгийн хүн байсан болоосой гэж та ер нь бодож байсан уу? —Грего Франко, Манила, Филиппин

Тийм ээ, залуу байхдаа. Энэ ёстой хэцүү юм. Би хэний ч мэдэхгүй нэг Төвд хүн байсан ч болоосой гэж бодох үе байсан. Харин дараа нь миний байр суурь бусдад хэрэгтэйг би ойлгосон. Өнөө үед би Далай Лам байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Би хэзээ ч өөрийгөө бусдаас онцгой гэж бодож байгаагүй. Бид бүгд адилхан.

Та Төвдийг санадаг уу? —Памела Делгадо Кордоба, Агуасалиентэс, Мексико

Тийм. Төвдийн соёл эртнийх ч өнөөгийн дэлхийн ертөнцөд хамааралтай. Хүчирхийллийн асуудлуудыг харсныхаа дараа би Төвдийн соёл энэрэнгүй байдал, хүчирхийлэлгүй байдал дээр тулгуурладгийг ойлгосон. Мөн цаг уурыг санадаг. Энэтхэгийн борооны улирлын үеэр их чийглэг байдаг. Тэр үед би Төвдийг их санадаг.

Хүмүүс шашныг хүчирхийллийн шалтаг болгоход та юу хэлдэг вэ? —Арний Доминго, Куэзон хот, Филлиппин

Өөр ашиг сонирхолтой хүмүүс энгийн, гэм буруугүй, итгэгч хүмүүсийг янз бүрийн байдлаар ятгаж, ашиглах явдал байдаг. Тийм хүмүүсийн сонирхол шашин биш харин эрх мэдэл, мөнгөний хойноос хөөцөлдсөн байдаг. Тэд шашны итгэл үнэмшлийг өөрсөндөө ашигтайгаар мушгидаг. Тийм тохиолдлуудад бид сонголт хийх хэрэгтэй.

Та ер нь өмд өмсөж үзсэн уу? —Жу Хуанг, Стамфорд, Коннектикут, АНУ.

Маш, маш хүйтэн үед. Мөн 1959 онд оргож байх үедээ би энгийн хүмүүсийн өмсдөг өмд өмсөж байсан. Тэгэхээр надад тийм туршлага бий.

Таны дэлхий дээрх амьдрал, хугацаа амжилттай байсан гэдэгт та итгэдэг үү?  —Лес Лукас, Келовна, Канад.

Мммм. Харьцангуй юм. Хариулахад маш хэцүү юм. Хүний амьдралын зарим хэсэгт нь бүтэлгүйтэл байдаг бол зарим нь амжилттай байдаг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж