Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Москвад айлчлан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины асуудлыг хэлэлцлээ. Путин Макронтой хийсэн уулзалт ажил хэрэгч яриа болсныг онцолж, АНУ, NATO нь Москвагийн аюулгүй байдлын шаардлагуудад баталгаа өгөх ёстой гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр NATO-гийн зүүн тийш өргөжин тэлж, Оросын хилд тулж ирсэн нь олон улсын аюулгүй байдлын гэрээ хэлцлийг зөрчсөн үйлдэл бөгөөд барууныхны түрэмгийллийн эсрэг ОХУ-аас өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсныг тайлбарлажээ.
Путин хэлэхдээ, “Ирак, Ливи, Афганистаны ард иргэд өөрсдийн туршлагаас суралцах ёстой” гэж улсын дотоодын зөрчилд АНУ хөндлөнгөөс оролцсон үр дүнгийн талаар хошигносон өнгөөр ярьсан байна. Мөн 1999 онд хуучин Югославыг бөмбөгдсөн NATO-гийн цэргийн ажиллагааг ч сануулжээ.
Путин Украины хилд цэргийн хүчээ зузаатгасан нь Киевийг булаан эзлэхийг хүссэн биш NATO-г Москвагийн хилд улам ойртохоос сэргийлж, айлгах арга хэмжээ гэдгийг удаа дараа онцолж буй. ОХУ нь Украиныг NATO-д элсүүлэхгүй гэх баталгааг шаардаж байгаа ч АНУ болон цэргийн эвслийн зүгээс шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм. Улмаар Украинд дайн үүсэхээс сэргийлж, АНУ болон барууны орнууд Киевээс дипломатуудаа эргүүлэн татаж эхэлсэн. Украин нь 2014 онд Оросын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагааж, төрийн эргэлт хийснээс хойш NATO-д элсэх оролдлогыг хийж, лоббидсоор байгаа аж.
Харин Францын ерөнхийлөгчийн зүгээс Путинтэй хийсэн уулзалтын дараа “Европт аюулгүй байдал, энх тайвныг хамгаалах шинэ баталгааг гаргахад ирэх өдрүүд шийдвэрлэх үе байна. Бидэнд хамтарсан гүн хэлэлцээ хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Макрон, Путин нарын уулзалт хэдэн цагийн турш үргэлжилж, энэ хооронд шөл /цаа буга эсвэл хилэм загасны мах сонголтоор/, амтат төмс, тоорын бялуу, ваниллатай зайрмагны цэсээр хоолложээ. Макрон Киевийн талтай уулзахаар Москвагаас өнөөдөр шууд Украин руу явжээ. Тэрбээр ОХУ-д айлчлахынхаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярилцжээ.
Нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Даваа гаригт Цагаан ордонд Германы шинэ канцлер Олаф Шольцтой уулзаж, ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд авах арга хэмжээг ярилцсан байна. Уулзалтын дараа Жо Байден мэдэгдэл хийж, ОХУ-аас Украин руу цэрэг хөдөлгөсөн нөхцөлд “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг зогсоохыг анхааруулжээ.
Харин Путины зүгээс АНУ болон түүний холбоотнууд зөвхөн эзлэн түрэмгийллийн талаар л ярьж байгааг шүүмжилсэн байна. Гэсэн ч ОХУ-аас Украины хилийн ойролцоо их хэмжээний цэрэг, техникээ байршуулж, өдөр бүр хүчээ нэмэгдүүлсээр байгааг АНУ-ын тагнуулууд хэлж буй. Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй тооны орос цэрэг цугларсан нь барууныхны санааг зовоож байгаа бөгөөд энэ хоёрдугаар сард Москвагаас дайралт хийхээр төлөвлөсөн гэж хардаж байна.
Цагаан ордны зүгээс дайны үр уршгийн талаар байнга сануулж, Европын холбоотнуудтайгаа нэгдмэл байр суурийг илэрхийлэхээр хичээж буй. ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд Москваг эдийн засгийн хатуу хоригт оруулахаар тэд ярилцаж байна. Энэ талаар Жо Байден хэлэхдээ, “Бид бүгд бэлэн болсон. NATO ч бэлэн байна” гэж барууны холбоотнуудын байр суурийг илэрхийлжээ. Украин нь NATO буюу Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн биш боловч Киевийг хамгаалахаар тодорхой алхамуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, АНУ-аас 3000 орчим цэргээ NATO-гийн гишүүн орнууд руу илгээж, хүч нэмэгдүүлсэн юм.
Өмнө нь Киевийн төрийн эргэлтийн дараа Украины зүүн хэсэгт тусгаар тогтох бослого өрнөж, олон хүний амь эрсэдсэн зөрчлийг зогсооход 2015 онд Франц, Германы талаас энхийн хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн жил Крым хойг Украинаас салж, ОХУ-д эргэн нэгдсэн билээ.
Холбоотой мэдээ