"Цанын бааз байхгүй бол энэ спорт хөгжлөө тодорхойлж чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

"Цанын бааз байхгүй бол энэ спорт хөгжлөө тодорхойлж чадахгүй"

"Цанын бааз байхгүй бол энэ спорт хөгжлөө тодорхойлж чадахгүй"

Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатантай ярилцлаа. Үе дамжин цанын спорттой амьдралаа холбосон тэрбээр 2018 онд холбооны тэргүүнээр сонгогдож, энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж явна. Өнөөдөр/2022.02.08/ манай гүйлтийн цанын тамирчид болох Б.Ачбадрах, А.Энхтуул нар Бээжингийн олимпийн цагаан дэвжээнээ өрсөлдөнө.


-Өвлийн олимп ид үргэлжилж, манай гүйлтийн цанын хоёр тамирчин өрсөлдөхөд бэлэн болоод байна. Албаны төлөөллүүд ч баг тамирчдаа дэмжихээр очсон байгаа харагдсан. Гэтэл та яагаад Бээжинг зорьсонгүй вэ? 

-Цанын спортын тамирчид өмнө нь хэзээ ч эмчтэй олимпод оролцож байсангүй. 2018 оны олимпийн үеэр манай Б.Ачбадрахын шөрмөс нь татчихсан. Яг тэмцээнд орохын өмнөх өдөр. Яг тэр үед би “Ерөөсөө ямар ч тохиолдолд тамирчидтай хамт эмч байх хэрэгтэй юм байна” гэж бодсон. Манай спорт их хүч, тэсвэр шаарддаг. Сая л гэхэд эмчийн орон тоо батлагдаагүй байсан. Нэг тамирчин хоёр зайд уралдах тул хоёр тэмцээний хооронд тамирчин маань сэргэлт авах ёстой. Тиймээс эмч зайлшгүй байх хэрэгтэй гэж олимпийн хороонд хүсэлтээ өгсөн.

Манайд яг л дөрвөн квот олгогдсон. Үүнд нь хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, нэг албаны хүн багтана. Нэг албаны хүний тухайд, манай холбооны нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од явсан. Чадалтай, мэргэжлийн залуу хүнээ явуулсан нь зөв шийдвэр болсон.

Би яваад юу гийгүүлэх вэ дээ. Гол нь л бодлого, чиглэлээ зөв барьж, дараагийн үедээ зөвлөж, чиглүүлье гэж бодсон. Эмчийн квот ч зөвшөөрөгдсөн. Үүн дээр олимпийн хорооны гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа, Ч.Наранбаатар дарга их тус болсон.

-Швейцарь болон Монголын цанын холбоод хоорондоо сайн харилцаатай, их тус дэм болж байгаа харагддаг. Энэ найрсаг харилцаа хэзээнээс эхлэлтэй вэ? Сүүлд л гэхэд Швейцарь дасгалжуулагч 2026 он хүртэл манай цанын шигшээ багтай хамтарч ажиллахаар болсон байна лээ.

-2021 онд бид Германы дэлхийн аварга оролцох үеэр бидэнд нэг хүндрэлтэй асуудал гарсан. Тамирчдад маань албан ёсны бэлтгэл сургуулилалт хийх газар, чансаагаа ахиулах, тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага гарсан л даа. Үүний тулд гадаад харилцаагаа хөгжүүлэх нь хамгийн том алхам байсан. Ингээд 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн Швейцарийн цанын холбоотой хамтран ажиллах яриа гарч эхэлсэн. Бид олон газар руу хүсэлтээ илгээсэн.

Швейцариас гадна Норвеги, Германы талууд хариу мэдэгдсэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард манай таван тамирчин 45 хоногийн бэлтгэл хийхээр Швейцарийг зорьсон.

Тус улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч бидэнтэй хамтран ажиллаж, бэлтгэлийг удирдсан. Намрын бэлтгэл эрчимтэй, сайн байсан. Сая Бээжинг зорьсон спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн Ш.Болормаа эмч манай тамирчид дээр судалгаа хийж, бэлтгэл үр дүнтэй болсныг хэлсэн. Уг нь есдүгээр сард дахин Швейцарийг зорих байсан ч эдийн засаг, цар тахал гээд хойшлоод арваннэгдүгээр сард тамирчдаа илгээсэн.

Швейцарийн талаас дасгалжуулагчаар хангаж өгсөн нь маш том дэмжлэг.

Швейцарийн талтай хамтарсанаар олон боломж нээгдсэн. Урьд нь “Fischer” тэргүүтэй томоохон цанын брендүүд бид нарыг үл тоосон байдалтай байдаг байлаа. Гэтэл сая “Fischer”-ийн зүгээс дөрвөн цана, иж бүрэн хэрэглэл бэлэглэлээ. Олон газруудаас бэлэг авч байна. Энэ бүхэн тамирчдын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байгаа.

-Яагаад заавал Швейцарьт бэлтгэл хийх ёстой юм бэ, дотооддоо бэлтгэл хийх боломжгүй байхгүй юм уу гэж олон хүн гайхаж магадгүй. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-2018 онд би мөрийн хөтөлбөртөө хамгийн түрүүнд Монголд цанын бааз байгуулна гэсэн. Монголд цанын бааз байхгүй бол цанын спорт хөгжлөө тодорхойлж чадахгүй. Бидэнд стандартын зам, талбай байхгүй.

Мөн хотын орчин тамирчдын зүрх, уушги, амьсгалын замын тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Агаар нь тоосонцортой, утаа ихтэй учир тамирчдаа хотоос зайдуу бэлдэх нь зөв. Газар хайж их ч явсан.

Байгалийн тогтолцоо, хур тунадас, дэд бүтэц гээд олон хүчин зүйлийг бодолцож, Төв аймгийн Борнуур сумын “Шарын ам” гэх газрыг сонгосон. Манай тэргүүлэгч гишүүн, дэд хурандаа н.Цолмонбаяр энэ газрыг олоход их тус хүргэсэн. Бид жил гаруй хугацаанд дөрвөн улирлын турш хөрс, хур тунадасны ажиглалтыг тус газар хийсэн. Цас их тогтдог, нөмөртэй сайхан газар. Газрын зөвшөөрөл дээр Төв аймгийн удирдлагууд, Борнуур сумын дарга нааштай хүлээн авсан. Сая зам тавьж, тэмцээн хийхэд багш, дасгалжуулагч нар ам сайтай байна лээ.

Олон улсын олимпийн хорооны төлөөлөлтэй уулзахад “Танайх цанын баазтай болвол бүх зүйл нээлттэй” гэдгийг илэрхийлсэн. Швейцарийн биеийн тамирын дээд сургууль мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгөх боломжтойгоо мөн хэлсэн.

-Газрын асуудал шийдэгдсэн гэж ойлголоо. Тэгэхээр бүтээн байгуулалт эхлүүлэхэд мөнгө, санхүү хэрэгтэй. Үүнийг хэрхэн шийдэх юм бэ?

-Үнэндээ санхүүгийн асуудал бидэнд хүнд тусч байгаа. Дан ганц холбоо бие даан шийдчих асуудал биш. Бид энэ асуудлыг Засгийн газарт өргөн барихаар бэлэн болоод байна. Газрын асуудал шийдэгдчихсэн учир Ерөнхий сайдад саналаа оруулахаар ярилцаж байгаа. Ядаж л ТЭЗҮ (Техник, эдийн засгийн үндэслэл) боловсруулах хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ нь байгальд ээлтэй байх гол анхаарах асуудал. Үүн дээр цахилгаан, барилга байгууламж гээд нэмэгдэнэ. Саяхан Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотноо суух өргөмжит консул, соёлын элч Е.А.Кузьмин ирж, бидэнтэй хамтран ажиллахаар болсон. Мөн Якутын биеийн тамирын сургуулийн хичээлийн эрхлэгч уулзсан. Мэдээж Швейцарь дэмжнэ гэдгээ илэрхийлсэн.

Зөвхөн уулын цанын лифт л барихад 33 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхээр төр засгаасаа л тусламж хүсэхээс өөр сонголтгүй.

Жил бүр л цана, тэшүүр, биатлон, шорт трейкийн тамирчид гадныг зорьж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Энэ их зардлыг гадагшаа урсгаснаас дотооддоо эргэлдүүлэх нь чухал шүү дээ. Тиймээс барилга байгууламжийн асуудлыг нь шийдвэл хөгжил хурдасна. Гадны улсууд ч манайд ирж, бэлтгэл хийх сонирхолтой байдаг.

-Монголд өвлийн спортын төрлүүд жаахан мартагдаад, “тоогдох” нь бага юм шиг санагдсан. Та тогоонд нь байдаг хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Тийм ч юм уу даа гэж бодогдох үе хааяа бий. 2020 онд олимпийн эрх авах тэмцээндээ, бэлтгэлдээ явъя гэхэд мөнгө байхгүй гэсэн. Дараа нь 2020 оны сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу гээд л тал тал руу л саналаа явуулсан.

Монголын цанын спорт 60 жилийн түүхтэй. Гадны шалтгаан байхгүй бол манай спорт олимп бүрт эрхээ авч ордог уламжлалтай. Монголын топ төрөл гэж хэлж болно.

Энэ буухиаг таслахгүй байх том үүрэг хариуцлага ирсэн. Бид хөөцөлдсөөр байгаад санхүү, онгоцны тийз, визний асуудлаа шийдүүлж чадсан. Долоон тамирчнаа явуулсан. Холбооны Б.Гэрэлт-Од, Э.Дагиймаа хоёр маань их зүтгэсэн. Мэдээж шүүмжлэл дагуулсан. Гэхдээ л долоон тамирчин явуулснаараа эрхээ авах, чансаагаа ахиулах боломжоо нээсэн. Халдвар л авч болохгүй гэж хүүхдүүддээ захисан. Халдвар авбал байдал хүндрэх аюултай байсан. Б.Энх-Амгалан дасгалжуулагч ч сайн удирдсан.

-Одоо өвлийн олимп эхэлчихсэн хүн бүр л сонирхож, ярьж байна. Баг тамирчдаа шүүмжлэх хүмүүс ч байна. Ингэхэд манай цанын спортын хөгжил ямар вэ? Дэлхийд биш юм аа гэхэд тивдээ тэргүүлэх боломж бий юу?

-Сүүлийн бэлтгэлийн явцаас харахад манай тамирчид чадварлаг юм. Элдэв янзын асуудал гаргахгүй үнэнч шударгаар тамирчдаа сонгож, зөв бэлтгэл сургуулилалтаар хангаж чадвал болохгүй юм алга. Сая үндэсний дээд амжилтаа шинэчлэн тогтоож, хүнд үед том амжилт гаргалаа. Хүмүүс шүүмжлэх нь их. Тамирчин хүнд сэтгэлзүйн дарамт байх ёсгүй. Эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг өндөрт мандуулах ганц л зорилго байхаас биш сошиалын янз бүрийн зүйлд санаа зовох ёсгүй. Тамирчиддаа ч илүү дутуу зүйлд анхаарал битгий тавиарай гэж хэлдэг.

Цагаан хуудсаар олимпод орлоо л гэж байсан. Цагаан хуудас 2010 оноос хойш байхгүй болчихсон шүү дээ. Цагаан хуудсаар орох нэг өөр, бараг л гуйлгаж ордог. Харин манай тамирчид бүхнээ дайчилж, эрхээ авсан. Азидаа манай улс хангалттай гарч ирнэ л гэж би харж байна. О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхгэрэл гээд ирээдүйтэй тамирчид бий. Швейцарийн тал ч үүнийг үнэлж хэлсэн.

-Монголын цанын холбоо цаашдаа ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ?

-Нэгдүгээрт, цанын бааз. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн боловсон хүчнийг гадаадад бэлдэх төлөвлөгөөтэй байна. 2019 онд 15 багш, дасгалжуулагч Швейцарь улсын Биеийн тамир спортын газрын цанын спортын ур чадвар дээшлүүлэх сургалт хөтөлбөрт хамрагдсан. Дараа жил нь бид эх орондоо сургалт хэрэгжүүлэх байсан ч цар тахлын улмаас чадаагүй.

Боловсролын яам цанын спортыг биеийн тамирын секцээс хассан гэсэн. Энэ бол буруу бодлого.

Цанын спортын бэлтгэл намар эхэлж, өвөл хүртэл үргэлжилдэг тул хичээллэж буй хүүхдүүд хичээлээсээ хоцрох тохиолдол гардаг. Үүний шийдэхийн тулд цанын баазынхаа хажууд ерөнхий болосврол сургууль нээе гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, цанын төрөлжсөн сургалттай сургууль. Ингэж анхан шатнаас нь тамирчдаа бэлдье гэж бодсон юм. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудал бий. Клубын системд орох ажил байгаа. Одоогоор 20 гаруй клуб байна. Швейцарийн цанын холбоо бидэнд хэрэглэл, материал бэлэглэхээр болсон. Хэрэглэл, материалгүй нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх боломжгүй. Миний бодсоноор нэг дасгалжуулагч, 50 цанатай байхад асуудалгүй. Урьд нь айл бүрт л цана, чарга байдаг байлаа. Төрөөс бодлогоор дэмждэг байв. Одоо л энэ бодлого алдагдсан. Бүр секцийг нь ч хөтөлбөрөөс хасч байна.

Сноубордын төрлөө хөгжүүлж, 2026 оны олимпод оролцохоор зүтгэнэ.

Сноуборд, уулын цаныг хөгжүүлэх төлөвлөгөө байгаа. Дан ганц гүйлтийн цана гээд байж болохгүй. Бусад төрлүүдээ ч анхаарах цаг нь болсон. Хамгийн боломжтой нь сноуборд. Хүүхэд, залуучууд экстрим спортыг их сонирхож, хичээллэж байна. Тиймээс тэдний сонирхлыг татах зүйл хийх нь зүйтэй. Цанын холбооны дэд ерөнхийлөгч н.Баттулга сноубордоо хариуцаж байна. Бүгд л цанын холбооны гэр бүлд багтдаг. Уг нь сноубордын тамирчдын универсиадад оролцохоор Туркт бэлтгэлээ базааж байсан ч тэмцээн нь цуцлагдчихлаа.

-Хөдөө орон нутагт цанын спорт хэр хөгжсөн бэ? Дасгалжуулагчдын нөөц бололцоо бий юу?

-21 аймагт дасгалжуулагч байгаа гэж би худлаа хэлэхгүй. Учир нь цас их ордог, байгалийн тогтоцоос хамааран хангай бүст цанын спорт хөгжих боломжтой. Монгол орны зүүн талаас л гэхэд Хэнтий аймаг, төвд Архангай, Өвөрхангай, Булган, Дархан, Эрдэнэт, Төв гээд цаашилвал Увс, Хөвсгөл, Завхан гээд арав гаруй аймагт баг тамирчид байна. Улаанбаатар хотод үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Г.Ганбаатар багшийн “Цаначин” клуб идэвхитэй ажиллаж байгаа.

нөөдөр манай тамирчид уралдах гэж байна. Та хэр догдолж байна?

-Догдлол бүр дээд зэрэгтээ хүрчихсэн явна. Байнга л цаг, телевизор хоёроо хараад орон гаран юм шиг л байна ш дээ. Өдөр тутам л Гэрэлт-Одтойгоо холбогдож, цаг үеийн мэдээлэл, үйл явдлаа хуваалцаж байна. Би ч гэлтгүй энэ спортод дуртай, сонирхолтой, амьдралаа холбосон хүн бүр л маргаашийг тэсэн ядан хүлээж байгаа байх. 60 жил догдолсон, олимп, дэлхийн аваргад оролцсон хүмүүс байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж