Сар шинийн дараа иргэд уул, овоо тахин шүтэж, онгод хийморио даатгах нь олширсон ч тэр хэрээр хүрээлэн буй орчныг бохирдуулж, тахих нэрээр талхилсаар байгаа нь харамсалтай.
Хийморь лундаагаа даатгах нэрийн дор уул овоонд өргөдөг сүү, цай, хэвийн боов, архи дарс, хадаг самбаа нь байгалийг бохирдуулж, хогон овоо босголцдог болов. Уг нь уул овоогоо тахих ёс нь байгалиа хамгаалах зан үйлтэй холбогдож гарсан зан үйл гэж судлаачид үздэг. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог хаяхыг онцгой цээрлэдэг уламжлалтай. "Овооны эхэн тандаа, Олзны эхэн наддаа’’гэж хэлээд чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог ёстой хэмээн судар номд бичжээ.
Харин эдүгээ дээрх ёс жаяг алдагдаж, байгалиа хамгаалах бус "Мөнгөтэй, хөрөнгөтэй болгож, баяжуулж өгөөрэй" гэж сүсэглэн, сүйтгэдэг болоод удаж байна. Ингэж уул овоогоо шүтэх хэрэг байна уу.
Эрдэмтэн судлаач А.Батсуурь "Өнөө цагт хүмүүс ийнхүү ёслолд оролцохдоо сүлд хийморь, хангай дэлхийдээ өргөхийн тухайд бус хөрөнгө харамжид шунасан сэтгэлээр оролцох нь хангай дэлхийн эзэн сахиусыг хилэгнүүлэх нигуурын эхлэл болоод байна” гэдгийг сануулсан байна. Тиймээс тахилга, тайлгын ёслолыг бэлтгэн, зохион байгуулж буй сум, аймгийн удирдлага хүн амьтан цуглуулан, дэмий бужигнуулахаас аль болох зайлсхийх товчхондоо энэ үйл явдлыг "шоу" болгохгүйн тулд анхаарал тавих цаг болжээ.
Нэг хэсэг модонд хадаг уяж, байгаль орчин бохирдуулах явдал хэрээс хэтэрснийг засч залруулахаар кампанит ажил өрнүүлж, хадаг уяснаар модыг хэрхэн гэмтээж, үхүүлдгийг нийтэд "ухуулснаар" энэ байдал нэлээд өөрчлөгдсөн. Түүнчлэн орон сууцныхаа цонхоор сүү өргөж, зогсоолд тавьсан автомашиныг эрээн цоохор болгож, олон хүний хараалыг иддэг байдлыг шүүмжилсээр энэ байдал ч засарч байгаа юм. Тиймээс овоо, хөшөө дурсгалыг тахин шүтэх сүсэг бишрэлийг ч зөв замд нь оруулж, хоосон хийрхэлийг нь засч залруулмаар. Ядахдаа орон нутгийн захиргаанаас нь энэ мэт хөшөө дурсгалаа угааж арчиж, овооны эргэн тойрныг цэвэрлэчихдэг бол хүмүүс ч эргээд тахих нэрээр хог хаяхаа болих биз ээ.
БИДНИЙ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛГҮЙН ҮР ДҮН МУХАР СҮСЭГ
“Отгонтэнгэр" их сургуулийн /ОТИС/ багш, философийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Б.Галиндэв "Хүний амьдралын чухал хэсэг бол шашин. Шашинд үнэ цэнтэй асар том ололт, амжилтууд бий. Тэрхүү ололт амжилтыг таньж мэдэн амьдралдаа хэрэгжүүлж, мухар сүсгийг орхимоор байгаа юм. Буддын шашинд байгаа нэг хэцүү зүйл нь лам нар төвөд хэл дээр номоо уншчихдаг. Сүсэгтэн олон түмэн түүнийг нь ойлгодоггүй учраас буддын шашин сэтгэл заслын маягтай болж хувирч байгаа юм. Ер нь хүн оюун санааны эрсдэл буюу оюуны ядууралд өртөхөөр мухар сүсэгт автдаг. Харин мухар сүсэг, шашинтай холбогдоод ирэхээр хүмүүс бурхан гэх хий хоосон зүйлд итгэдэг. Тэгээд амьдралдаа тулгарах олон саад бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бөө, лам, үзмэрчдэд ханддаг. Нийгэм соён гэгээрч, мэдлэгжих, шинжлэх ухаанжих тусам мухар сүсэг аяндаа хумигдана. Гэхдээ мухар сүсэг үгүй болохгүй л дээ, нийгэмд байсаар л байна. Би хувьдаа зурхай зуруулах , бөө мөргөлийг мухар сүсэг гэж боддог. Зурхай зурууллаа гээд миний амьдрал сайжрахгүй. Би л өөрийнхөө амьдралыг дархална. Бүтээнэ. Гандан гарч ном уншууллаа гээд намайг зүгээр сууж байхад миний амьдрал дардан болно гэвэл бас л үгүй. Би л өөрөө амьдралаа бүтээнэ.Эрсдэлтэй тулгараад ирэхээр хүн янз бүрийн гарц хайдаг. Тэр гарцуудын нэг нь мухар сүсэг. Амьдралынхаа шийдлийг олж байгаа арга нь тэр. Боловсролгүй, шинжлэх ухааны суурь боловсролгүй хүмүүс л тэр замыг сонгож байна. Нэг хэсэг нь мухар сүсэгт төөрөлдөн итгэж үнэмшдэг бол нөгөө хэсэг нь тэднийг даган дуурайдаг. Тэгэхээр нийгмийн оюун санааг шинжлэх ухаанжуулах хэрэгтэй байгаа" гэдгийг онцлов.
МУХАР СҮСЭГТ АВТСАН ХҮМҮҮС СУЛ ДОРОЙ БОЛДОГ
Харин сэтгэл судлаач Б.Энхбаяр “Мухар сүсгийг хүн ямар ч шалтгаангүйгээр даган дуурайдаггүй. Хүн эхлээд ойлгочхоод дуурайдаг ч мухар сүсгийг хийхдээ ухамсрын түвшний тодорхой үйлдлээр хийгддэггүй гэсэн үг. Жишээлбэл, тухайн хүнд өгүүлбэртэй бодлого өгөөд бодуулахад тархи нь идэвхжиж ажиллана. Харин мухар сүсгийг хийхэд хүний тархи тэгж идэвхжиж ажилладаггүй. Яагаад гэхээр тухайн хүнд мухар сүсэгт автах нь тархиа ажиллуулахаас илүү амар. Өөрөөсөө үл хамааралтай зүйлд найдах нь илүү хялбар л гэсэн үг. Мухар сүсэгт автсан хүмүүс сул дорой болдог. Хүний ухамсраараа аливаа асуудлыг шийдэх бололцоог хааж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархины эд, эс хөгжих бололцоог хааж хүн бодитоор юмс үзэгдлийг хүлээж авахаа больдог" гэв.
Философичид мухар сүсэг ба итгэл үнэмшлийн талаар ийн ярьж байна. Монголчуудын хувьд хамгийн их үгүйлэгдэж байгаа мэргэжил бол сэтгэл засал. Сэтгэлээ засахын тулд лам бөөд хандах нэгэн байхад бүр лам бөөгүйгээр амьдралаа төсөөлөх нөгөө ч нь бий.
Хүн бүрийн шашин шүтэх, эс шүтэх, сүсэг бишрэлийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү сүсэг бишрэл, шүтлэг гээд байгаль орчноо бохирдуулж, уул овоогоо хогоор дүүргэх нь буруу гэдгийг онцолж буйг тодотгоё.
Холбоотой мэдээ