"Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өг"

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

"Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өг"

"Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өг"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ц.Батцэнгэл омикрон халдварын үед илэрч буй онцлог шинж болоод өвдөөд эдгэсэн иргэдэд сэрэмжлүүлэг болгож мэдээлэл өглөө.


-Омикрон хувилбараар гол төлөв ямар бүлгийн хүмүүс өвдөж байна. Вакцин хийлгээгүй, нэмэлт тундаа хамрагдаагүй хүмүүс өвчлөх тохиолдол их байгаа юу?

-Омикрон халдварын нууц хугацаа богиносч, халдварлах чадвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Вакцин хийлгээгүй хүмүүс энэ хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна.

Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэй. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэнт хандах нь зөв.

Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх шинж тэмдэг илэрч байна. Мөн үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм.

Халуурахгүй, цээж өвдөхгүй байгаа хэрнээ халдвар авсан тохиолдол нэмэгдсэн. Тэгэхээр 5-7 хоногт цочмог болон огт шинж тэмдэг илрэхгүй байгаа хэрнээ бие нь тавгүйрхэх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх нь зүйтэй.

Удаан хугацаанд зовиурьихтэй байгаа хүмүүсийн тухайд өндөр настай болон илүүдэл жинтэй хүмүүс багтаж байна. Үүнээс гадна чихрийн шижинтэй, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг анхааруулж байгаа. Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байна. Энэ бол түгээмэл шинж тэмдэг. Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх тохиолдол их байна.

-Өвдөөд эмчлүүлж байгаа болон эдгэсэн хүмүүсийн зовиур арилахгүй тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх нь зөв бэ. Уушгинд хатгалгаа болоогүй ч үлдэцтэй байх тохиолдол бий юу?

-Өвдөөд эдгэсэн ч цээжээр өвдөх нь намдахгүй хүн олон бий. Хатгалгаа болоогүй бол иргэд айх хэрэггүй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахад болно. Шалтгааныг заавал мэргэжлийн эмчид хандаж байж л тодорхойлно. Зөвхөн уушгинаас хамаарахгүй мэдрэлийн болоод булчингийн гаралтай ч өвдөж байх эрсдэлтэй. Эдгээрээс гадна зүрхний булчингийн үрэвсэл, үнхэлцэг хальсны өвдөлтүүд нэлээдгүй тохиолдож байна. Мөн омикроноор өвдсөн хүмүүс зүрхний шигдээсээр хүндрэх эрсдэл өндөр байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдгээр нь авч үзвэл ханиалгын хувьд:

  • Цочмог ханиалга гурван долоо хоног
  • Архаг ханиалгах найман долоо хоног
  • Халдварын хүндрэл цэр их байх
  • Харшлын сэдрэл үүсэх эрсдэлтэй байна.

Халдвараар өвдсөнөөс болж тархинд цусны бүлэн үүсч харвах эрсдэлтэй байгаа нь ажиглагдсан. Тиймээс цусны бүлэгнэл дарах эмийг 2-3 сар хэрэглэхийг эмч нар зөвлөж байгаа.

Вирусын халдвар хүний цусанд орсноор өвчлүүлэх, хадгалагдах эрсдэл их. Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Эдгээр шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар эмнэлгүүд үнэ төлбөргүй хийдэг давуу талтай.

-Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг их илэрч байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Covid-19-ийн халдвар мэдрэлийн эд эсийг гэмтээдэг учир ядрах, сульдах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгааг анхааруулж байгаа. Энэ үед биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, нэмэлт витаминуудыг уух нь зүйтэй. Мөн сайн унтаж амрах хэрэгтэй.

-Халдвараар өвдсөн иргэд нөхөн сэргээх эмчилгээг тодорхой хугацаанд хийлгэх үү. Омикронд ямар эм, тан уух вэ?

-Нөхөн сэргээх буюу уламжлалт эмчилгээг Covid-19-өөр өвдсөн бүх хүн хийлгэж болно. Эм тангийн тухайд бусад хувилбарт хэрэглэж байсан эмнэлзүйн аргатай ижил. Арбидол болон вирусийн эсрэг эм хэрэглэж болно. Вирусийн эсрэг, дархлаа дэмждэг эм тариаг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байгаа.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин учир жирэмсэн эхэд хүндрэл их үзүүлж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлт бүлэгт оруулж байгаа учир заавал вакцин хийлгэх хэрэгтэй. Дийлэнх тохиолдолд эмийн бодис хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Утлага болон ханиалга дарах цай уух нь зөв. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь бактерын халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал. Омикрон хүндрэх эрсдэл бага ч биеийн байдал хүнд хүмүүс богино хугацаанд нэн хүнд болж муудаж байгаа болохоор иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа л сайн хийлгэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж